sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ХЗДХ-ийн сайдаар Ц.Нямдоржийг томилох асуудлыг хэлэлцэхэд 60 хувийн дэмжлэг авав.
 
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлсэн юм. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хуулийн завхрал, оффшор бүс, 60 тэрбум болон С.Зоригийн амь насыг  хөнөөсөн хэргийн талаар ямар байр суурьтай байгаа, хэрхэн шийдэх асуултад Ерөнхий сайд болон нэр дэвшигч хариуллаа. 
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, "Монгол төр хууль бус зүйлд өвдөг сөхрөх ёсгүй. Хууль тогтоомж зөрчсөн асуудалд хуулийн дагуу хичээн ажиллах болно. Надаас болон манай Засгийн газрын гишүүдээс хэзээ ч хууль бус юм битгий хүсээрэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх газар нь АТГ. Авлигатай тэмцэх газар ажлаа хийхэд цагдаагийн байгууллага оролцох шаардлагатай бол бололцоог нь хангаж өгнө. Оффшорт данс нээлгээд орхисон бол үнэнээ хэлчих хэрэгтэй.
 
С.Зориг агсны амь насанд халдсан хэргийн тухайд би байдаг бүх зүйлээ хийсэн. Надад ямар ч тоймтой хариулт өгөхгүй байна. Би очоод энэ хэргийн нууцлалыг ил болгох тал дээр ажиллана. Ажлын хэсгийг өөрчлөх ёстой гэж бодож байна. Төр, ард түмнээс нуух шаардлага байхгүй. Би эхлээд хуулийн байгууллага дахь завхралыг маш хурдан хугацаанд засна гэж бодож байна" хэмээн хариулсан юм.
 
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, "Ямар ч тохиолдолд шударга ёсыг тогтоох асуудал чухал. АН-ын даргын хувьд шударга ёсыг тогтоохын төлөө ажиллана. УИХ өнөөдөр төрийн эрх барих дээд байгууллага. УИХ-ын төвшинд асуудлыг ярих ёстой. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг ил болгож, захиалагчийг нь зарлахыг хүсч байна. "60 тэрбум"-ын асуудлыг ч мөн нэг мөр ойлголттой болгох хэрэгтэй" гэв. 
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг