sonin.mn
Монголын нүүрс-Хятадын геополитикийн хэрэгсэл үү?
 
Монгол Улс ашигт малтмалаар баян. Ялангуяа сайн чанарын коксжих нүүрсний баялаг нөөцтэй. 2013 оны байдлаар нүүрсний батлагдсан нөөцөөр дэлхийд нэгт АНУ (260.5 тэрбум тонн, нийт нөөцийн 27.4 хувь), хоёрт ОХУ (173.1 тэрбум тонн, нийт нөөцийн 18.2 хувь), гуравт БНХАУ126 тэрбум тонн, нийт нөөцийн 13.2 хувь) орж байна. 2016 оны байдлаар Монгол улсын нүүрсний батлагдсан нөөц 37.4 тэрбум тонн. Энэ нь дэлхийн нүүрсний нөөцийн 3.2 хувь болох бөгөөд дэлхийд 9-д жагсжээ. Харин Монгол Улсын нүүрсний таамаг нөөц одоогоор 173.3 тэрбум тонн гэдэг. Энэ бол нутаг дэвсгэрийнхээ 30 орчим хувьд л хийсэн геологийн хайгуулын үр дүн юм. Үүнээс харахад ирээдүйд манай улсын нүүрсний нөөц үлэмж нэмэгдэх нь тодорхой. Нүүрс нь эрчим хүчний чухал эх үүсвэр болдог. 2020 он гэхэд дэлхийн эрчим хүчний хэрэглээний 40 хувь нь нүүрс байх төлөвтэй. Япон улсын эрчим хүчний хэрэглээний 27 хувь, БНСУ-ын эрчим хүчний хэрэглээний 29 хувь нь нүүрс байдаг. Харин Хятадын эрчим хүчний эх үүсвэрийн 70 хувь нь нүүрс. 2016 онд Хятад улс дэлхийд хамгийн их буюу 3792.8 сая тонн нүүрс олборлосон нь дэлхийн нийт олборлолтын 46.1 хувь болжээ. Харьцуулалт хийж зарим орныг дурдвал 2016 оны байдлаар дэлхийн нүүрс олборлолтод АНУ 10 хувь, ОХУ 5.3 хувь, Австрали 8.3 хувь, Энэтхэг 7.9 хувь, Индонези 7 хувийг эзэлжээ. Тэгэхээр нүүрсний олборлолт, экспорт яагаад геополитикийн бодлоготой холбоотой вэ? гэдгийг сонирхож үзье. Геополитик гэдэг бол география + политика гэдэг үгнүүдийн нийлбэр юм, Өөрөөр хэлбэл улс орны оршин тогтнох газар зүйн орон зай, түүнийг хамгаалах үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалтай нягт уялдаатай улс төрийн бодлого билээ. Тэгвэл энэ бодлогод нүүрс ямар хамааралтай вэ? Нүүрсний үнийг хэн, яаж тогтоож байгаа нь Монгол Улсын хувьд маш чухал геополитикийн асуудал болж хувирчээ. Монгол Улс ашигт малтмалаа экспортолж валют олдог. Монгол Улс 2016 онд 35.9 сая тонн нүүрс олборлосон нь дэлхийн нүүрс олборлолтын 0.4 хувь болж, дэлхийд 16 дугаар байранд орсон байна. Манай улсын нийт экспортын 86 хувь нь ашигт малтмал бөгөөд нүүрс дангаараа 23 хувь болж байгаа нь 38 хувьтай байгаа зэсийн баяжмалын дараа 2 дугаарт орж байна. Үүнээс харахад манай эдийн засгийг тодорхойлох нэг гол бүтээгдэхүүн, валютын эх үүсвэр юм. Хятад улсын эрчим хүчний гол эх үүсвэр нь нүүрс бөгөөд Монголын сайн чанарын нүүрсийг худалдан авах сонирхолтой байдаг. Нэг тонн нүүрсний үнийг яаж тооцож Хятад, Монголын компаниуд наймаагаа хийж байгаа вэ? Дэлхийн зах зээлийн үнийг баримтлах нь шударга худалдаа болно. Гэтэл ийм боломж Монголын компаниудад байхгүй гэдгийг шулуухан хэлчихэд буруутахгүй байх. Сүүлийн жилүүдэд нүүрсний үнэ өсч дэлхийн зах зээлд 1 тонн коксжих нүүсний үнэ 200- 300 доллар хүрлээ. Харин Монголын компаниудын зарж байгаа 1 тонн коксжих нүүрсний (угаагаагүй) үнэ үнийн хэлбэлзэлээс шалтгаалаад 45-70 орчим ам. доллар. Яагаад? Хариулт нь маш амархан. Хятад одоогоор цорын ганц худалдан авагч. Энэ худалдан авагч маань дэлхийн зах зээлийн үнийг үл харгалзан Монголын нүүрсэнд ийм хямд үнэ тогтоожээ. Хоёрхон хөрштэй, далайд гарцгүй манай улсын газар зүйн онцгой нөхцөл байдал Хятадад ийм давуу байдал үүсгэж байна. Газар зүйн байршил ингэж нөлөөлж байгаа бол хөрш улсын улс төрийн бодлогын ямар нөлөөлөл байгаа вэ ? Энэ бол геополитикийн асуудал. Дэлхийн улс төр эдийн засгийн бодлогыг  тодорхойлж байгаа ОХУ, БНХАУ гэдэг хоёр их гүрний дунд Монгол Улс байршилтай. Монгол Улсын өвөрмөц газар зүйн байршил эдийн засгийн хувьд бусад оронтой шууд харилцах боломжийг хаасан ч тусгаар тоггнолын эх сурвалж болсон. Энэ байршил л Оросын зүгээс Монгол Улсыг тусгаар байлгах геополитикийн бодлогын үндэс нь болж дэлхийн 2 дугаар дайны дараа Ялтад болсон Их гүрнүүдийн хэлэлцээрээр ЗХУ, Ар Монголын (тухайн үед хөрш орнууд Монголыг ингэж нэрлэж байв) тусгаар тогтнолыг хамгаалсан. Монгол Улсын газар зүйн өвөрмөц байршил, түүнийг үнэлсэн Оросын геополитикийн бодлого л Монголыг тусгаар тогтносон улс болж, Өвөр Монгол, Түвд, Шинжаан Уйгарын хувь заяанаас өөрөөр явах боломж болсон.
Тусгаар тогтносон Монгол Улс нь Хятадын үндэсний цөөнх ард түмэнд жишиг болж тэд Монголын зүг харан бид яагаад ингэж чадаагүй, яагаад ингэж тусгаар тогтнож болохгүй вэ? гэдэг сэдэл, санаачилга байнга үүсгэнэ. Монгол Улс ардчилсан, хүмүүнлэг, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн өндөр хөгжилтэй улс болон хөгжих тусам БНХАУ-ын үндэсний цөөнхөд жишээ болно гэсэн агуулгатай юм. Энэ нь Хятадын дотоодод нийгмийн тогтворгүй байдал үүсгэх нөхцөл болно гэж тэд болгоомжилдог. Тиймээс үндэсний цөөнх ард түмэнд эрх чөлөө, тусгаар тогтнолын жишиг болохоос сэргийлэх Хятадын бодлого нь эдийн засгийн аргаар Монгол Улсын хөгжлийн бололцоог багасгах билээ. Тиймээс Хятадын бодлого нь тусгаар тогтносон Монгол Улс хөгжлийн хувьд бүх талаараа Өвөр Монгол, Түвд, Шинжаан Уйгараас хол хоцорч байх ёстой. Ер нь бол Монгол Улс хөгжихгүй байх тусмаа сайн гэсэн үг. Үүний тулд эдийн засгийн гол бүрэлдэхүүн экспортын гол түүхий эд, орлогын эх үүсвэр болох нүүрсний нөөцийг хяналтандаа авах, түүний үнийг тогтоох аргаар эдийн засгийн хөгжлийг хянах, цаашдаа улс төрийн хяналт тогтоох явдал гол зорилт нь гэж хардаж болно. Тиймээс Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг нүүрсний үнэ ямар байх нь Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшил, эдийн засгийн аюулгүй байдал гээд улс төр, нийгмийн тогтолцоонд нөлөөлөх маш чухал хүчин зүйл болжээ. Монголын нүүрсний олборлолт, борлуулах үнэ нь Хятадын зах зээлээс хамааралтай байх нь Хятадын геополитикийн бодлого бөгөөд энэ бодлого маш амжилттай хэрэгжиж байна.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ хичнээн өндөр үнэ хүрсэн ч зөвхөн Хятад гэдэг ганцхан худалдан авагчтай байгаа учир Монголын сайн чанарын коксжих нүүрсний үнэ үргэлж хямд байх болно. Өөрөөр хэлбэл, урд хөршийн геополитикийн бодлого Монголын эдийн засгийн хөгжлийн хэмжүүр байх юм. Энэ зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Монголын нүүрсний зах зээлд Хятадын талаас төрийн өмчит компаниуд нь оролцож байна. Харин энэ зах зээлд ганцхан төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийг үл тооцвол Монголын талаас дандаа хувийн компаниуд оролцож байна. Монголын талаас оролцож байгаа хувийн компани зөвхөн мөнгөөр тоологдох ашиг харах учир улс төрийн бодлого, улс орны эдийн засгийн бодлого, геополитик, эдийн засгийн аюулгүй байдал ярьдаггүй билээ. Нүүрсний салбарт Хятадын тал аль болох Монголын хувийн компанитай хамтран ажиллах сонирхолтой байдаг учир нь энэ. Тиймээс ч Тавантолгойн ордыг эзэмшдэг төрийн өмчйт “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг оффшорт байдаг хувийн компаниар солихыг оролдсон. Тэгэхээр Монгол Улсын хувьд нүүрс нь зүгээр нэг ашигт малтмал биш, стратегийн чухал ач холбогдолтой болохыг нь үнэлж нүүрсэн дээр төрөөс улс төр, эдийн засгийн тусгай бодлого гаргаж ажиллах ёстой болжээ. Учир нь нүүрс зарж байгаа компани цаашид Монгол улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэнэ. Нүүрсний экспорт, борлуулж буй үнээс шалтгаалж Монгол улсын валютын нөөц ямар байх, долларын ханш хэлбэлзэх, иргэд ажилтай, орлоготой байх улмаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төвшин тогтоогдоно. Цаашилбал нүүрсний бизнес эрхэлдэг компаниуд мөнгөө улс төрд ямар менежментээр оруулж аль нам, хэн гэж улс төрчийг дэмжихээс шалтгаалаад УИХ, Засгийн газрын гишүүд бүрэлдэх жишиг бий болжээ гэж дүгнэж болно. Улс биш субьектуудын (үндэстэн дамжсан компани, гадны хөрөнгө оруулалттай компани, гадаад улсын төрийн өмчит компани) улс төрд гүйцэтгэх үүргийн талаар анхаарч, төрийн бодлогоор тусгаартогтнол, эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашгаа хамгаалах асуудалтай Монголын төр нүүр тулаад байна.
Монгол Улсын нүүрсний баялаг нь бидний хөгжлийн гарц болон хувирч буй энэ цаг үед зөвхөн мөнгөөр тооцох ашиг биш, үндэсний аюулгүй байдлаа хамгаалсан бодлого гаргаж байж бид оршин тогтнох язгуур эрх ашгаа хамгаалах боломжтой билээ. Гэхдээ энэ сэдвийг олон нийтээс нуудаг, эсэргүүцэн тэмцдэг монгол хүмүүс улс төр болон бизнест байгаа нь харамсалтай.... “Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчилж, ОХУ-ын нутгаар төмөр замаар ачаа тээвэрлэн дамжин өнгөрөх гэрээг байгуулах нөхцлийг тохирч, Восточный боомтыг ашиглах боломжтой боллоо” гэдэг мэдээг зохион байгуулалттайгаар эсэргүүцэн улс төржүүлэн тэмцэж эхэлж байгаа нь бодит жишээ боллоо. Тэд хэний эрх ашгийн төлөө дуугарч байна вэ?
 
 
Улс төр  судлаач Б.Энххүслэн