sonin.mn
МОСКВА. /Эн-Эйч-Кэй/. Умард Солонгосын эсрэг хориг тавих тухай зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурснаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээний тогтоолуудыг дагаж мөрдөж буйгаа харууллаа гэж Японы "Эн-Эйч-Кэй" телевиз мэдээллээ.
 
ОХУ-ын Засгийн газрын мэдэгдсэнээр, саяхан гарын үсэг зурсан уг зарлигт "Умард Солонгосоос зэс, никель, мөнгө болон цайр худалдан авах, мөн Умард Солонгост нисэх онгоц болон хөлөг онгоц худалдахыг хориглоно” гэж тусгажээ.
 
Мөн Умард Солонгост цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь тус болж болохуйц техник технологи нийлүүлэхийг хориглосон байна.
 
Түүнчлэн ширхэг нь 500 доллароос давсан үнэтэй хивс, 100 доллароос давсан үнэтэй шаазан эдлэлийг Умард Солонгосоос импортлохыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоригложээ.
 
АНУ-тай харилцаа нь хурцдаж, хамгийн гол холбоотон нь болох БНХАУ зайгаа барих болсонтой холбоотойгоор Умард Солонгос ОХУ-тай харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа юм. Гэвч ОХУ олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг дагаж мөрдөн Умард Солонгосоос мөн зайгаа барихыг оролдож байна гэж шинжээчид үзэж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг