sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг 89.9 хувийн саналаар дэмжиж, томиллоо.
 
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санал болгосны дагуу Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг томилох асуудлыг гишүүд багагүй хугацаанд хэлэлцэв. Гишүүд нэр дэвшигч Ч.Хүрэлбаатараас өөртэй нь холбогдон гарсан мэдээллийг лавлаж, Төсвийн тодотгол болон ирэх онуудад төлөх бонд, зээлийн өр, концессын гэрээ зэрэг асуудлаар асуулт тавьж байв. Тухайлбал Н.Учрал гишүүн “Боловсролын зээлийн сан байгуулж, 90 тэрбум төсөвт тусгасан ч ердөө 9-хөн тэрбумыг зарцуулан 1000 гаруйхан хүүхдэд зээл олгосон. Ингээд үлдсэн мөнгөнөөс нь Төсвийн тодотголоор 30 тэрбумыг хассан. Долоон банкинд байршуулсан нь буруудаж, улсын мөнгийг угаасан байсан. Оюутны 70 мянга олгож байснаас дордуулсан шийдвэрийг бид гаргасныг эргэж харах ёстой. Концессын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна Нэг компани 72  сургууль барих концесс авчихаад сууж байна. Үүнээс гадна баялгийн хуваарилалтад ямар бодлого барих вэ“ гэв. 
 
Нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар “Баялгийн хуваарилалт оновчгүй явж байгаа нь үнэн. Нэг хүнд ногдох өрийн хэмжээгээрээ дэлхийд 1-т орж байгаа нь харамсалтай. Байгалийн баялгийг бид өвөг дээдсээсээ өвлөж авсан, ирээдүйгээсээ зээлж байгаа юм. Ирээдүйн өв сангийн хууль баталж, түүндээ баялгаасаа хадгалж байгаа. Харамсалтай нь хүүхдийн мөнгийг өмнө нь олгохдоо зээл аваад өгчихсөн учир өв сангаасаа зээлсэн. Өв сангийн хуулийг засч, сайжруулан баялгийн хуваарилалтыг оновчтой явуулахад анхаарч ажиллана. Үүнээс гадна Монгол Улсын авсан өмнөх зээлүүдийг бага хүүтэй зээлээр солих ажлыг хийнэ. Ингэж байж төсвийн дарамт багасна. Дотоодоосоо өндөр хүүтэй зээл авахгүй байя гэж тооцоолж байгаа. Би гэхдээ хуулийг аль болох өөрчлөхгүй, байгаа хуулийнхаа хүрээнд үр ашигтай ажиллаж, хөрөнгө оруулалтыг дэмжиж, төрийн үр ашиггүй зардлыг багасгаж, хууль бус үйлдлүүдийг таслан зогсоохын төлөө чармайж ажиллана. Ингэж байж Төсөв эрүүлжинэ” гэв. 
 
Б.Бат-Эрдэнэ гишүүн Оюутолгойн гэрээг сайжруулах талаар ямар арга хэмжээ авахыг асуухад Ч.Хүрэлбаатар “Энэ гэрээг бид байнга сайжруулж явах учиртай. 2009 оны 8 сард байгуулсан гэрээг Сү.Батболдын Засгийн газрын үед хоёр нөхцөлөөр сайжруулсан. Тухайн үед олонд зарлаж байгаагүй ч санхүүжилтийнхээ хүүг 3 пунктээр буулгаж байсан. Монголын 34 хувийг төлөөлж байгаа ТУЗ-ын гишүүд компанийнхаа засаглалын ном журмаар байнга гэрээ хэлэлцээрээ засч, Монголдоо таатай нөхцлөөр сайжруулах талаар ярьж хэлэлцэх ёстой. Түүнээс УИХ-ын чуулганаас чанга дуугаар ярих биш, тэр хүмүүс ярих нь хөрөнгө оруулагчдад ч сайн дохио болно. Харин Оюутолгойгоос Монголын эзэмшиж буй 34 хувийг яаран зарах тухай асуудал байж болохгүй. Харин гүний уурхай нь ашиглалтад орох ёстой гэсэн зарчмын байр суурьтай байдаг” гэв. 
 
Санал хэлсэн гишүүдээс Т.Аюурсайхан “Өр нэмдэг биш, өр нимгэлдэг Сангийн сайд байгаасай” гэсэн бол Л.Болд “Ирэх жил сонгууль болохгүй ч хүүхдийн мөнгө олгоход шаардагдаад байгаа багахан мөнгийг төсөвтөө тусгаарай. Үүнд нэхэл хатуутай байна шүү”, Б.Пүрэвдорж “АН-ын бүлэг богинохон хугацаа үлдэж байхад олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байх оронд эмч, багш нарын цалинг нэмэх нь зүйтэй гэсэн ч харамсалтай нь үл тоосон. Зардлаа нарийн тооцож, хуримтлалаа анхаарсан Төсөв батлаарай”, Ж.Мөнхбат “Монгол Улсын санхүүгийн мэдэл, үүц уурхай таны гарт ирж байна. Та ямар сэтгэл гаргаж, ямар бодлогоор ажиллахаас Монгол Улсын ирээдүй шалтгаална. Сэтгэл гаргаж ажиллаарай” гэлээ.
 
Өмнөх Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Төсвийн алдагдлыг энэ оны хагасаас эхлээд зөвхөн ОУВС-гаас орж ирсэн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, өндөр хүүтэй зээл, бондоор санхүүжүүлэхээс татгалзаж эхэлсэн.  Энэ оны 7-9 сард улс төржилт хэрээс хэтэрч олон хэлэлцээр зогссон. Эдийн засгийн өсөлт биднийг ажлаа эхлэхэд -1,6 байсан бол хоёрдугаар улиралд 5,3 хувь, одоо хүлээгдэж байгаа үзүүлэлтээр 6 хувь давахаар эдийн засаг танд хүлээлгэн өгч байна. “Чингис” бонд, “Димсам” бондыг төлөх асуудал бараг шийдэгдэж байгаа. Төсвийн орлого дээр нэмэгдсэн 500 тэрбум төгрөгийг тодотголоор 117,7 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөд тусгасан байгаа. Энэ асуудлуудыг зогсоовол эдийн засаг буцаад уналтад орно” гэлээ.  
 
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 69 гишүүний 89.9 хувь нь дэмжсэнээр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томиллоо.
 
Товч намтар
 
Төгссөн сургууль, мэргэжил
 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр
 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан
 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш
 1998-2000 онд ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч
 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх
 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд
 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
 2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
 2016 оноос Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг