sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Содномын Чинзоригийг 89.7 хувийн саналаар дэмжиж, томиллоо.
 
УИХ-ын гишүүд нэр дэвшигчид хандан ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зэрэг тулгамдсан асуудалд ямар бодлого барьж ажиллах талаар асууж байв. Үүнд нэр дэвшигч С.Чинзориг хариулахдаа "Төрийн албан хаагчдын цалинг зайлшгүй  нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа. Эмч, багш нар ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Тиймээс гурван талд гэрээ хэлэлцээр хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн цалин нэмэх зайлшгүй шаардлага байгаа юм. Мөн ОУВС-тай гэрээ хийхдээ төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй гэж гэрээнд зурсан. Тиймээс бодит орлогыг  нэмэгдүүлэх тал дээр ажиллана. Би хүн халах гэж сайдаар очоогүй. Би тэнд ажил хийхээр очиж байна. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал болон ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр ажиллана. Энэ бол манай яамны асуудал биш макро эдийн засгийн асуудал билээ. Тиймээс хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллана" гэж хариулсан юм.
 
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 89.7 хувь нь дэмжсэнээр Содномын Чинзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томиллоо. Үүгээр УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 
 
Товч намтар
 
Төгссөн сургууль, мэргэжил
 1986 онд Монгол улсын их сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр
Ажилласан байдал
 1986-1988 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн
 1990-1992 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны хэлтсийн дарга
 1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч
 1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга
 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд
 2008-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер
 2010-2012 онд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх
 2013 онд МАН-ын НБХГ-ын дарга
 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд
 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
 2016 оноос Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг