sonin.mn
-Чи хөө, ямар юм идшэнд идэв? гэж нэг өвгөн нөгөө өвгөнөөсөө асууж байна.
-Яахав, нэг үхэр идсээн. Танайх яав? 
-Манайх бас тэгсэн. Хүн хөгшрөөд шүд муудаад байгаа юм уу, эсхүл туранхай мал юм уу, хатуу л санагдаад байгаа юм хэмээн чанга дуугаар ярилцана. Хоёр хөгшин хурлын ширээний ард нэжгээд хэдэн хүний зайтай сууна. Манай сургуулийн захирал багш  энэ үед илтгэл тавих ба өнөө хоёр өвгөн ер тоож байгаа юм алга, хоорондоо аар саархан юм ярьж хуучлах ахуйд залуу хөвүүн миний бие сургуулийн захирлаас том хуульч насандаа хараагүйн муйхараар өвгөдийн хээгүй ярианд төвөгшөөрхөн байлаа. 
Илтгэл дуусч асуулт, хариулт эхлэхэд өнөө хоёр өвгөний нэг асуув.
-Чи хөө, сая нэг засаг гэж яриад л, нөгөө засаглал гэж яриад байх юм. Эд нар чинь хоорондоо ямар ялгаатай юм бэ? гээд орхилоо. Гэтэл миний амьдралдаа “амьдаар” нь харсан хамгийн том хуульчийн маань дуу багахан намсаж:
-Багшаа, энэ юу л даа гээд л арай ч улсын шалгалтанд орж байгаа оюутан биш гэлээ асуултыг ихэд нухацтай бодон нөгөө хүнийг илт хүндэтгэн үгээ зөөн хариулт өгөв. Дараа нь нөгөө өвгөн бас асуулаа. Мөн л “багшаа, энэ юу л даа” гэж ирээд л хариулах юм. 
Надад асуулт төрөв. Гэхдээ илтгэгчээс биш. Энэ асуулт тавиад байгаа өвгөчүүл хэн бэ? Идэш яриад завгүй байсан хүмүүс хэдий завандаа илтгэгчийн яриаг сонсоод, бүр тэндээсээ асуулт олоод тавьчихав. 
Хажуугийн хүнээсээ асуулаа.
-Чи мэддэггүй юм уу? Халзан толгойтойг нь Г. Совд, нөгөө нь Б. Чимид гэж зааж өглөө. Нөгөө нэрийг нь хальт сонсож, номыг нь хавтаснаас цааш уншаагүй байсан эрдэмтэдийг анх ингэж харж билээ. 
Ингээд энэ хоёр эрхмийн зүсийг таньсанаас хойш бичсэн ном, өгүүллийг нь сонирхон уншиж сургааль юуг нь өөрсдөөс нь сонсох аз завшаан тохиосон бөлгөө.
Тэр дундаа Б. Чимид багшийн амьдралын сүүлийн арав гаруй жилд үгийг нь сонсож, номыг нь зөөж, гэрээр нь орж, хамтдаа хөдөө явж, инээж, хөгжилдөх, бусдаас илүүтэй хамт байх хувь заяа Хууль зүйн үндэсний төв, ХЗҮХ-гийнхэнд оногдсон болно.
Багш бидэнд үгэндээ харам байгаагүй. Хэлье гэснээ хэлж, сургая гэснээ харамгүй заасан. Номын үгээр хэлээд ойлгохгүй бол бага зэргийн хэгжүүн, ёжлох маягаар хүнд тэр дундаа "дарга" нарт хандаж болохыг ойлгуулсан. Хуулийн үгийг хуурай хүлээж авах "дарга" сэтгэхүйтэн хааяа нэг таарахад багшийн арга хэрэг болдог. Хуульч хүн тэр бүр хушуу дэвсээд байх нь зохимжгүй "бага" бодолтнууд ч таарах юм. Тэр бүрт тэнгэрлэг байхыг бид багшаасаа харсан.
Мэддэг, чаддаг боллоо гээд өөрөөс нь илүү хүнгүй юм шиг цахлах дүр ороход ханцуйнаас татаад суудалд минь суулгах багштай байсан, манай хүрээлэнгийнхэн, манай хуульчид, монголчууд.
Уншуулсан, уншсан номын тухай тэр бүр багш асууж байгаагүй. Уулзаж сайхан мэндлээд, урд хойно нь гүйгээд байсан хүнийг сайн хүн гэхээсээ үг нь далий ч үнэтэй, уншсан номоо нэрлэхгүй ч зөв ярьж, зөв бичдэг хүнийг ихэд тоож, бусад хүнд ил цагаан магтаж урамшуулдаг байсан.
Бид ийм багштай байлаа. Цүнхийг нь бариад хажууд нь алхаж байхдаа цээж тэвхгэр, хараа дээгүүр явсан нь саяхан. Ийм багшийн шавь, энэ хүнтэй хамт явж байна гэж хөөрч догдолж явж дээ.
Бид бичсэнийг нь компьютерт шивж, хүнтэй ярихыг нь сонсож, шаардлагатай бол гэрт нь очиж даалгавараа авч байсны хувьд номын голомтыг нь сахих үүргээ илүүтэй биелүүлэх цаг ирээд байгаа юм.
Заримдаа хурал зөвлөгөөнд суухад зарим илтгэгчид “Би Б. Чимид багштай ярьж байхад” гэх тодотгол хэлэн өөрийн байр сууриа хамгаалах гэж, багшийн нэрийг зээлж байхыг хараад зарим үед багшийнхаа нэрэнд харам ханддаг болжээ.
Яамны зохион байгуулсан нэг хүлээн авалт дээр багштай явж байгаад ардын уран зохиолч, яруу найрагч Б. Лхагвасүрэн гуайтай таарсан юм. Б. Лхагвасүрэн гуай ширээний ард олныг бүчүүлэн сууж байна.
Босоо хүлээн авалт тул тэр ширээ рүү очиж суух нь зөв байв. Багш: 
-За, тийшээ очиж сууя. Б. Лхагвасүрэн байна. За чи харж байгаарай. Би энэ нөхөртэй мэндэлнэ. Хариуг нь хоосон буцаахгүй хүн дээ гээд нүдэнд нь оч үсрэн, дүрсгүй дүр ороод явчихлаа. Миний багш хүн хөгжөөж, олныг инээлгэхдээ гарамгай, дандаа хөмсгөө зангидаад байдаг дарга хүн байгаагүй, энгийн хөгжилтэй, маш ирмүүн хүн байсан. Багш Б. Лхагвасүрэн гуай руу очоод:
-Үстэй гүзээ уран донгодоод л байна уу? гэхэд яруу найрагч ах: 
-Устай хууль гаргачихаад, усыг нь шахаж барах нь уу, Б. Чимид гуай гээд л бөөн инээдэм болж байсан. Цааш нь бие биенээ явуулж, олон цагаан үгс шидэлцсэнийг өнөө би мартаж орхижээ. 
Багштай байх сайхан, багшийнхаа номын голомтыг сахих сайхаан. Дурсамж дүүрэн, бичих зүйл олон үлдэв. 
 
Хууль зүйн ухааны доктор Б. Гүнбилэг