sonin.mn
Дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн Оросын их Октябрийн хувьсгалын өдөр  өчигдөр тохиолоо. Энэ өдрийн ач холбогдол, цар хүрээг доктор, профессор Д.Чулуунжав “Октябрийн хувьсгалаар Оросод хаант засаг унаж, Орос, Хятадын нууц гэрээ хүчингүй болсноор Монгол Улс 1911 онд олсон тусгаар тогтнолоо байлдан сэргээж чаджээ. Энэ бол монголчууд бидний хувьд Октябрийн хувьсгалын буй болгосон хамгийн том эерэг үр дагавар байлаа” гэсэн байдаг.
 
Октябрийн хувьсгал дэлхий дахинаа болоод Монгол Улсад ямар үр дагавар, сургамж үлдээв гэдгийг сэргээн сануулах зорилгоор МАХН-ын удирдлагууд эрдэмтэн мэргэдийн илтгэлийг хэлэлцүүллээ. Октябрийн хувьсгалын 100 жил, Карл Марксын “Капитал” зохиолыг анх хэвлэсний 150 жилийн ойг тохиолдуулан эрдэмтэд ховор сонин баримт танилцуулж, ярилцлага өрнүүлэв.
 
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн уулзалтын үеэр “Монгол орон бүх л зууны түүхээ социалист тогтолцооны нөхцөлд өнгөрүүлсэн болохоор үүнээс бид юутай үлдэв гэдгээ буурь суурьтай улс төрийн хүчнүүд дүгнэж ярих далим энэ 100 жилийн ой юм. Ганцхан МАХН-ын удирдлагууд энэ сэдвийг ойлгож, сэдэж байгаад талархаж байна. Төр барьж байгаа МАН, АН зэрэг улс төрийн хүчин энэ асуудалд зайлшгүй анхаарах ёстой” гэв.
 
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хөтлөн явуулсан уулзалт ярилцлагад Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Октябрийн хувьсгал ба Ази, Монголын түүхийн шинэ эрин үе”,  Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Жамбалсүрэн “Октябрийн хувьсгалын түүхэн, гарсан нөхцөл шалтгаан”, МУИС-ийн түүхийн тэнхимийн багш, доктор, профессор Д.Дашдулам “Монголын гэрэл зураг дахь Октябрийн хувьсгал, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү “Октябрийн хувьсгалын дэлхий дахинд үзүүлсэн нөлөө” зэргээр 10 гаруй эрдэмтэн судлаач илтгэлээ хэлэлцүүллээ.
 
Энэ үеэр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Октябрийн хувьсгалын үзэл санааг сайн, муу гэж хэлж чадахааргүй үргэлжилсээр байна. Мөн капитал бүтээлтэй холбогдож гарч ирсэн үзэл санаа маргаантай, сонирхол татсан хэвээр байна. 2007 онд эдийн засгийн хямрал болсон. Түүнээс хойш хамгийн сонирхолтой эрэлттэй номнуудын нэг дахиад л Карл Марксын Капитал болсныг олон улсын хэвлэлд бичсэн байдаг. Саяхан “Financial times” сонинд сонирхол татсан өгүүлэл гарсан нь 1917 онд ялсан Оросын хувьсгал 100 жил болж байна. 2007 онд болсон санхүүгийн хямралын 10 жилийн ой болж байна гэж хооронд нь холбож сайн, муу талыг нь дурдсан байсан. Түүнд санаа нь зөв ч бодит амьдралд сайн хэрэгжүүлж чадахгүйгээр алдаагаа засахын оронд худал хэлж тэр байдлаасаа гарах гэж оролдсон нь хамгийн том алдаа болсон гэж дүгнэсэн байдаг юм билээ. Тодруулбал, Октябрийн хувьсгалын үзэл санаа зөв ч ангийн тэмцлийн талаарх нь маргаантай, хэт баян, ядуу байхгүй байх, шударга ёс тогтоох, нийгэм эв хамтын тунхаг гаргах зэрэг санаануудаа  хэрэгжүүлэх дээр алдаа гаргаснаа засахын оронд худал хэлж тайлбар хэлсэн нь алдаа болсон гэсэн байна. Харин энд бид үнэнийг ярьж байгаа учраас өнөөдрийн монголчуудад, энд цугласан хүмүүст нэгийг бодуулж хоёрыг сануулах байх гэж найдаж байна” гэдгийг тодотголоо.
 
Мөн МАХН-ын удирдлагууд үдээс хойш хуучин социалист системийн орнууд Вьетнам, Орос, Хятад, Украйн, Беларусь, Энэтхэг, Куба, Хойд Солонгосын Элчин сайд болон Элчин сайдын яамдын төлөөлөгчидтэй уулзсан байна.
 
Зарим эрдэмтний илтгэлээс сийрүүлье.
 
Ц.Балхаажав /“Октябрийн хувьсгал ба дэлхий дахин” сэдвээр, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга асан/
 
: КАПИТАЛ ЗОХИОЛ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ОЮУНЫ ТОМ БҮТЭЭЛ
 
-Карл Марксийн Капитал зохиол гэдэг бол Октябрийн  хувьсгалын том уриа нь байсан.  Мөн хүн төрөлхтний оюуны маш том бүтээл. Энэ зохиол 150 жил биш дахин олон жил судлагдах зууны манлай бүтээл учраас өндрөөр үнэлж явах хэрэгтэй. 1949 оноос эхлээд дөрвөн жил намын дээд сургуульд суралцахдаа Капитал зохиолыг үзэж зузаан дэвтэрт буулгаж суралцсан. Тиймээс миний улс төрийн боловсрол Капитал зохиолоос эхэлсэн гэдгийг дурдах ёстой. Октябрийн хувьсгал 1900 оны үеийн зүгээр нэг тэмцэл биш. Олон мянганы туршид дарлагдсан ба дарласан хоёр ертөнцийн хоорондын тэмцлийн эцсийн шалгуур, тулалдааны үр дүн юм. Олон зууны турш үргэлжилсэн баян хоосон, нэр цуутэй хэргэм цолтон болон жирийн иргэдийн тэмцлийн эцсийн үр дүн байсан. Тэр үед бүх дэлхий цочирдож хүлээж авч байсан хүчтэй хөдөлгөөн байлаа. Октябрийн хувьсгалаас хойш хамгийн түрүүнд Монгол орон тусгаар тогтнолоо олж авсан. Энэ хувьсгалын үр нөлөөгөөр дэлхий дахин хоёр хүч болж хуваагдсан. Нэг нь алсын ирээдүйтэй нөгөөх нь ялагдаж яваагаа мэдэх хүч ялгарч гарч ирсэн. Капитализм, социализм хэмээх хоёр үзэл санааны хүрээнд марксизм түгэн дэлгэрч байгаа үед ирээдүйд капитализмд бага зүйл үлдээж, социализмд өргөн дэлгэрэх хүчийг өгсөөр байна гэж дүгнэж болохоор байна. Зөвхөн үзлийн хувьд биш ялж байгаа үр дүнгийн хувьд ирээдүй октябрийн талд гэдэгт итгэдэг.
 
Ч.Өлзийсайхан /МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор, дэд профессор/
 
/Октябрийн хувьсгал ба түүний улс төр, нийгмийн учир шалтгаан сэдвээр/
 
: ОКТЯБРИЙН ХУВЬСГАЛЫГ ӨӨР ӨНЦГӨӨС ХАРАХ ЁСТОЙ
 
-Гайхамшигтай сайхан эсвэл маш том түүхийн алдаа гэж яригдсан Октябрийн хувьсгалын учир шалтгаан юу байсан бэ. Тусгаар тогтнолын асуудал яалт ч үгүй Октябрийн хувьсгалтай холбогдож гарч ирдэг. Тиймээс бид шүүмжлэх биш өөр өнцгөөс харах ёстой юм болов уу. Октябрийн хувьсгал ялах эцсийн шалтгаан хаант засаг өөрөө байсан юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Орос орон дэндүү нүсэр байсан учраас аж үйлдвэржүүлэлтийн хувьсгал ч өөрийн гэсэн өвөрмөц байдалтай явагдсан. Хөдөө аж ахуйд тулгарсан асуудлыг шийдвэрлэхдээ ч хүнд бэрхшээлийг туулсан юм байна.
 
Д.Бямбасүрэн/Октябрийн хувьсгал ба Монголын түүхийн шинэ үе сэдвээр, Ерөнхий сайд асан/
 
: КОЛОНИЧЛОЛЫН ДӨНГӨНД ДЭЛХИЙГ ХҮЛЭХ СӨРГӨЛДӨӨНИЙГ ТАСАЛСАН
 
-Октябрийн хувьсгал бол хүн төрөлхтний түүхэнд гарсан агуу их үр дагавар, гүн агуулгатай хувьсгал байсан. Үүнийг буруутгах, гуйвуулах,магтан дуулахын аль нь ч хэрэггүй. Бодит үнэн баримт юм. Түүх эндүүрдэггүй, мунхардаггүй, урт удаан хугацааны турш хүн төрөлхтний үйлийн үрээр боловсорсон үнэний тэсрэлт байдаг.
 
Октябрийн хувьсгал бол тэр үеийн капиталист ертөнцөд хүмүүнлэг шударга ёсыг уландаа гишгэсэн тэр шунахайрлын гинжийг тасалж хүн төрөлхтний амьдралд хүмүүнлэг шударга ёсны үнэлэмжийг сэргээж өгсөн. 500 жил үргэлжилсэн их гүрнүүдийн амьдрах орчноо тэлэх колоничлолын дөнгөнд дэлхийг хүлэх сөргөлдөөнийг тасалсан юм. Төрт ёсны зөв үзэл, зөв хэрэгжилтийн нөхцөлд улс үндэстнүүд хүчээ нэгтгэж хүнд сорилтыг давах хөгжил дэвшлийн замд орж чадах юм гэдгийг нотолсон. Хэрэв Октябрийн хувьсгал байгаагүй бол Орос орон дэлхийн II дайн зэрэг хүнд сорилтуудаа давж гарна гэдгийг баталгаатай хэлэх аргагүй. Октябрийн хувьсгалын үр дүнд эрх чөлөөний үзэл дэлхий дээр түгэж колонийн системийг нураасан. Эртний их Монгол дайчдын морин туурай хүрсэн тэр орон зайд үзлийн ноёрхлын их гүрнийг бүтээсэн. Октябрийн хувьсгал болоогүйгээс орос орон хоёрдугаар зууны сорилтыг давж чадаагүй бол Евро ази одоогийнхоос огт өөр нөхцөлд байх байсан.
 
Октябрийн хувьсгал ялсны дараа монгол түүхийн шинэ эринд орсон. Хоёр зууны тэртээ алдаж мөхөөсөн төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн. Европын соёл Монголд нэвтрэх үүдийг нээж Монгол үндэстэн угсаатныг мөхлийн ирмэгээс аварч сэргэн мандалтын замд оруулсан. XX зууны эхний Монгол мөхөж байгаа үндэстний бүх шинжийг агуулж байсан. Дэлхийг хамарсан хурц хямралын үед харийн түрэмгийллийн аюулаас биднийг аварсан юм.
 
Л.Энхтайван /Доктор/ : КАПИТАЛ ЗОХИОЛЫН АЧ ХОЛБОГДОЛ УЛАМ ӨНДӨР БОЛЖ БАЙНА
 
-Доктор Бирваа Германы нийгмийн ухааны институдийг төгсч ирээд 1960-аад оны эхэн үеэс Капитал зохиолыг орчуулж эхэлсэн. Анх 1963-1968 онд эдийн засгийн суурь ойлголтыг агуулсан эхний ботийг орчуулсан байдаг. Дараа нь II, III ботийг орчуулаад хэвлэлтэд өгөхөөр бэлэн болгоод байтал 1980 оны эцсээр нийгэмд өөрчлөлт гарч санхүүжүүлэх эх үүсвэр дутсан байдаг. 20-30 жилийн хөдөлмөр хэвлэгдэхгүй үлдэх нөхцөл үүссэн учраас 1999 онд хэвлүүлж гаргасан байдаг. Тэр үед улсын эдийн засаг хүндэрч нэлээд удсанаас Соросын сан  санхүүжүүлж хэвлүүлсэн байдаг. Өнөөдрийн энэ капиталист нийгмийг судалж ирээдүйг нь харахад Карл Марксын Капитал зохиол чухал юм гэж бодож гаргасан юм шиг байгаа юм.  Эдийн засгийн чиглэлээр сурч байгаа хүн энэ зохиолыг заавал уншиж, судалсан мэддэг байх ёстой. Бид түүхэндээ олон талаас нь урт хугацаанд хандах хэрэгтэй. XIX зууны хоёрдугаар хагасын үеийн нийгэм эдийн засаг, улс төрийн байдлын хэрэгцээ шаардлагаар зохиолоо бичсэн. Өнөөдөр ийм нөхцөл байдалд байгаа учраас зохиолын ач холбогдол улам өндөр болж байна.
 
Б.Эрдэнэсүрэн /Доктор/ : АГУУ СУДЛААЧИЙН НЭГ БОЛ КАРЛ МАРКС
 
-Хүн төрөлхтний тасралтгүй түүхийн явцад олон эрдэмтэн, улстөрчид төрөн гардаг. Энэ дундаас мартагдахгүй дурсагддаг, хүмүүс дахин дахин судлагддаг нь маш ховор. Тийм агуу судлаачийн нэг бол яалт ч үгүй Карл Маркс. Дэлхийн улс орнууд түүний бүтээлийг дахин хэвлэж, түүнийг нь уншиж, судлах хүмүүсийн эрэлт хэрэгцээ их байна. Залуу судлаачид ядаж эргүүлж үзмээр байна. Шинжлэх ухааны хандлага, шинжлэх ухааны бүтээлийг хэрхэн бичдэг, судлаач хүн ямар байх ёстой вэ гэдгийг өөрийн ухамсарт амьдралаар батлан харуулсан бүтээл. Дөрвөн боть ном нийлээд 3000 гаруй хуудас бүтээл болдог. Үүнд нэг насны амьдралаа зориулсан нэгэн. Карл Марксын “Шинжлэх ухаанд өргөн дардан зам байхгүй. Хэн ядралаас үл шантарч түүн рүү зоригтой авирна. Шинжлэх ухааны туяа зоригт хүрч чадна” гэсэн алдарт үг бий. Тэрээр өнөөгийн нийгмийн эдийн засгийн хуулийг нээх явдал гэсэн уриандаа хөтлөгдөж эдийн засгийн ойлголтуудын уг үндсийг тайлбарласан. Карл Маркс ядуу, өмчгүй хүний эрх ашгийн үүднээс бүтээлээ гаргасан. Гэтэл манай улсад өнөөдөр тусгай амьдралын асар өндөр төвшний жижиг улс үүсчихээд байна. Хүн төрөлхтөн хүссэн нийгэмдээ тэмүүлж түүндээ хүрээгүй. Онолын хувьд ч бүрэн хийж чадсан гэдэгт эргэлздэг.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин