Монголоороо байхуй гэдэг нь бахь байдгаараа хуучин бүхэнтэйгээ зууралдах санаа огт биш, Монгол юм бүхнээ алдах вий гэсэн уяатай нохой шиг яхир санаа ч бас биш. "Монголоо алдмар" гэж зэмлэдэг хөгшдийн үг нь нүүдэлч малч ой ухаан, Монгол ёс, хэл соёл, эх орон, газар шороогоо ХАЙРЛАХ-ХАДГАЛАХ-ХАМГААЛАХ үндэсний эрдэм мэдлэгүүдээ алдав зай гэсэн хатуу үг. Монголчууд хуучинтайгаа ер зууралддаггүй шинэд сониуч, гоё атлаа бат бэхэд дуртай, сайхан бүхнийг сонор соргогоор харж гэр ахуйдаа хэрэглэх сонирхол дүүрэн ард түмэн юм. Гэхдээ өвлөгдөж ирсэн МОНГОЛ УХААН ЕСӨН ЭРДЭМ д нь харш байна уу үгүй юу гэдгийг сайтар тунгааж гол бэлгэдэл шүтээнээрээ( гал голомт тэнгэр) үнэлэмж болгодог байж.
Жишээ нь хаалга хэрэглэж эхлэх үед өөдөө өргөж сөхөгддөг эсгий үүд биш хажуугаасаа хаагддаг хаалга гэж өөнтөглөх, зуух нэвтэрч эхлэхэд тулгын гурван чулуу тулах тулга биш хөндий төмөр байна гэж шүүмжилж зуухны амыг ОЛЗ-ын (өлзий гэж манайхан буруу нэрлэдэг) гарган зуухан дотроо гурван чулуу хийж бэлгэдэх зэрэг олон дом засал гарган сайжруулсан гэдэг. Гэхдээ тэд зуухны бодон хаалганы сайн талуудыг яалт ч үгүй хүлээн зөвшөөрсний улмаас хаалгатай байх, зуухтай болох хөдөлгөөн өрнөж олдоц нэн их байсан гэдэг. Эмхтэй хүмүүс гэхэд эмэг болох утга биш. Харин дээр үед ээмэгтэй хүн бүсгүй хүн гэж ээмэг хэрэглэдэг агсарга(зэр зэвсэг агсдаг)  бүслэдэггүй онцлогоор нь ээмэгтэй, бүсгүй хүн гэж нэрлэж байсан нь цаг зуурын хэллэг юм. Жишээ нь гэзэгтэй хүүхэд гэж бүсгүй хүүхдийг нэрлэж эхэлсэн нь лам нар гарч ирж үсээ авахуулж эхэлсэн үеэс онцхойрсон өвөрмөц тусхал. Түүнээс өмнө эрчүүд бүгд гэзэг тавьдаг байсан хэрэг. Ер нь эмхтэй хүн гэж бид одоо ч ярьж бичдэг нь ЭМХ ЦЭГЦТЭЙ байх, ХОРМОЙ БИЕ дээ ариун ёсыг сахих, гэр орноо эзэгнэх ЭЗЭГТЭЙ байх (эр хүн гэрийн эзэн биш өрхийн тэргүүн) , суух босохоосоо эхлээд ЭМХТЭЙ ЦЭМЦГЭРЧ ЁСЧ БИЛЭГЧ, ЦЭВЭРЧ ЦЭЭРЧ утга болно.Гэрхэй гэдэг нь мөн гэрийн " сайд" , эзэгтэй эзэн утгыг илэрхийлэх, авхай буюу хар багад нь сүй тавьсан, авах эр нөхөр нь хүлээгээстэй ноёны охин гэсэн утгаас үүсэлтэй авах нөхөртэй болж худын талаас идээ тавиулсан шинэ бэр, эр нөхөртөө авхай гэж энхрийлэгдэх насны нэршил юм. Эхнэр гэвээс эрт үедээ аавын нь өөрийн эхээс бусад гэрхэй нар өөр бусад эхийн хүүхдүүдэд эх нэр хүлээдэг байсных бол, хожимдоо эх нэрийг хүлээж үр хүүхэд гаргасан бэр хүнийг нэрлэх болсон аж. Эрхтэй гэх нь гэр орноо тэжээх тэтгэх, эх орноо хамгаалахаар цэрэгт татагдах, төр улсынхаа цаазыг дагаж татвар төлөх, өртөө улаа нэхэх зэрэг бүх эрх эр хүнд байхыг илэрхийлсэн " ЭР НЬ ЭРХТЭЙ, ЭМ НЬ ЭМХТЭЙ" байж гэр бүл тогтдог МОНГОЛ-оороо байх төр ёсны их утга, улс угсаатны хувь заяаг агуулсан ухагдахуунууд байх жишээтэй. Гэтэл өдгөө эм шинжтэй залуус, хөл гараа хаа хамаагүй савчиж, үс гэзгээ сэгсэгнүүлэн гэдэгнэж годгоносон эмсийг МОНГОЛ оо алдсан гээд байгаа хэрэг. Иймд МОНГОЛ-оороо байх гэдгийг эд ахуй хэрэглээтэй биш, эрдэм ухаан их ёстойгоо холбон ухаарах онол хэмээн үзэж Америк зэрэг гэр бүлийн нэгдмэл ёс зүйгүй, төр ёс нь эрх чөлөө, хүний эрх, иргэний нийгэм гэх замбараагүйтэл задгайрлаар залуусыг хөөргөж турхиран ашиг орлогын бөөн хэрэгцээ болгодог шалиг газрын зүдэг ёсыг биш хөгжил дэвшлийн эрдэм ухаанаас нь суралцан уусган өөриймшүүлж МОНГОЛ доо залах УХААН ЭРДМИЙГ бид МОНГОЛООРОО БАЙХУЙ гэж тоймлож байгаа юм.
Үргэлжлэл бий...
 
"Монгол ухаан есөн эрдэм" номноос
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү