Монгол Ардын Намын  XXVIII  Их хурал 1309 төлөөлөгчтэйгөөр арваннэгдүгээр сарын 20-ноос 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хуралдах гэж буй билээ. Уг хурлаар МАН-ын дарга М.Энхболдын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн тайлан илтгэл, Хяналтын хорооны тайлан илтгэл гэсэн XXVII их хурлаас хойшхи Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал болон МАН-ын өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны тухай, мөн цаашид хэрэгжүүлэх зорилтыг агуулсан томоохон илтгэлүүд тавигдана. Мөн нийслэл Улаанбаатар хотын бүх дүүрэг, хороо,  аймаг, сум, багаас намын гишүүдийн төлөөлөл болж ирсэн  Их хурлын төлөөлөгчдийнхөө санал, шүүмж мэдээллийг сонсож, намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөр, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх юм. Хамгийн гол нь Монгол Ардын Намын даргыг шинээр сонгоно. Учир нь МАН-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх шийдвэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дараа гаргасан билээ. Үүнтэй зэрэгцэн МАН-ын даргад нэр дэвшигчид ч тодорхой болж байна. Тодруулбал Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын ЕНБДаргын зөвлөх Н.Дэмбэрэл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхирваа нар нэр дэвшихээ мэдэгдээд байгаа.  Гэхдээ МАН-ын даргад өрсөлдөх нь зөвхөн Д.Хаянхирваагийн хувийн л сонирхол бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь 3--ын бүлгийнхэн түүнийг төдийлэн дэмжихгүй байгаа аж. Үндсэндээ энэ удаад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг МАН-ын дарга болгох нь зөв гэдэг дээр УИХ дахь 32-ын бүлэг санал нэгджээ. Гэхдээ Д.Хаянхирваа, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарын цөөн хэдэн УИХ-ын гишүүн л өөр байр суурьтай байгаа бололтой.
 
Л.Ганзориг