sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж эхлэв.
 
БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баасанжавын Ганболдын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан Засгийн газраас Батын Хурцыг тус улсад суух Элчин сайдаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Ерөнхийлөгч Засгийн газрын уг саналыг дэмжиж, 11 дүгээр сарын 8-нд УИХ-тай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн юм. Уг асуудлыг тус байнгын хороо хэлэлцэж байна. 
 
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцын томилгоотой холбогдуулан Нээлттэй сонсгол явуулах санаачилга гаргаж, нэр бүхий 21 гишүүн гарын үсэг зураад буй юм. Байнгын хорооны хуралдааны эхэнд Нээлттэй сонсгол явуулах эсэх талаар горимын санал гаргаж, санал хураалгах нь зүйтэй гэсэн асуудал хөндөгдөв. Харин Нээлттэй сонсгол явуулах санаачилга гаргаад буй Ж.Батзандан гишүүн "Нийтийн сонсголын хуулийг баталсан ч өнөөдрийг хүртэл ашиглаагүй. Хүчин төгөлдөр хуулийн хүрээнд санал гаргаж байхад Нээлттэй сонсгол явуулахыг хүлээж авах ёстой. Батын Хурц гэдэг хүний асуудлаар УИХ-д ирсэн өргөдлийг үндэслэж Нээлттэй сонсгол явуулахыг л шаардаж байгаа" гэв. 
 
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Нийтийн сонсголын хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа учир хуулийн дагуу УИХ-ын гишүүд Нээлттэй сонсгол санаачлах эрхтэй. Үүнийг санал хураалгаж шийдэх ёсгүй. ТЕГ-ын даргаар ажиллаж байсан хүний томилгоотой холбоотой ноцтой мэдээллүүд гараад байна. Тиймээс Нээлттэй сонсголоор энэ асуудлыг тодорхой болгож байж томилгоо хийх хэрэгтэй" гэв. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Нээлттэй сонсгол явуулах хүсэлт нь хуулийн дагуу баталгаажсан уу? Хоёрдугаарт хэрэв энэ асуудлаар сонсгол явуулбал хаалттай явуулах шаардлагатай бололтой. Нөгөөтэйгүүр Элчин сайдаар томилох хүнээ өмнө нь Нээлттэй сонсголоор оруулж байгаад явуулбал улсаа төлөөлөх чадвар зэрэг нь хэр байх бол. Гадаад харилцааны асуудал бас яригдана шүү" гэв. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Б.Хурцыг томилох нь зөв эсэх талаар сонсгол явуулах гээгүй. Харин энэ хүнтэй холбоотой асуудлуудаар сонсгол явуулах гэж байна" гэлээ
 
Зарим гишүүдийн зүгээс хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг хэрэгжүүлэхийн тулд горимын саналаар санал хураалгах шаардлагагүй гэж буй бол зарим нь дэгийн хуулийг мөрдөж, горимын саналаар шийдвэрлэх шаардлагатай гэж байв. 
 
Байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн О.Содбилэг "Өнөөдрийн асуудалд хоёр хууль зөрчилдөж буй нь ажиглагдаж байна. УИХ-ын дэгийн тухай хуулиар зөвшилцөх асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэх хугацаатай. Нөгөө талаар Нийтийн сонсголын хуулиар томилгоотой холбоотой асуудлаар Нээлттэй сонсгол явуулах эрхтэй байгаа. Тиймээс аль ч хуулиа зөрчихгүйн тулд өнөөдөр зөвшилцөх асуудлаа хэлэлцээд, хуулийн хугацаанд УИХ-д шилжүүлээд, УИХ хэлэлцэхээс өмнө Нээлттэй сонсголоо явуулбал яасан юм бэ гэсэн гаргалгаа байна" гэв. Ингээд хэлэлцэх асуудлаа 69.2 хувийн саналаар баталж, зөвшилцөх асуудлаа хэлэлцэж эхэллээ. 
 
 
Н.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг