sonin.mn
Б.Хурц: Ж.Батзандаан, аятайхан байхгүй бол хүнээр алуулчихаж чадна шүү
 
Энэ үгийг ТЕГ-ын дарга асан Б.Хурц өнөөдөр 14 цагийн үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хандан хэлсэн байна. Иймд Ж.Батзандан гишүүн Улсын Их Хурлын дарга М.Энхболд болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт хандан өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэнд, амь насыг төрийн хамгаалалтад авахыг хүсчээ. 
 
 
Ж.Батзандан нь Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар Б.Хурцыг томилох гэж буйг эсэргүүцэн, хүчтэй тэмцэл явуулж буй ганц гишүүн. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай саналыг хэлэлцэхээр оруулж ирснээс болж нэлээд ширүүн маргаан дэгдсэн. Учир нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдыг томилох саналыг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Томилгооны сонсгол хийхээр шийдвэрлэж, ажлын хэсэг байгуулсан ч өнөөдөр сонсголыг хүлээлгүйгээр уг асуудлыг хэлэлцэхээр оруулж ирсэн юм. Ямартай ч Т.Аюурсайхан, Ц.Нямдорж, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд зүтгэсээр хэлэлцэх асуудлаас хасуулж, хойшлуулж чадсан. Чуулганы нэгдсэн хуралдааны дараа дээрх явдал болсон байна.