sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
 
Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш банкны салбар нийт санхүүгийн салбарын 95 гаруй хувийг дангаар бүрдүүлж,  улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий салбар болон  болон хөгжсөн гэдгийг тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцлов.
 
Хуулийн төсөлд банкны удирдлагад тавигдах шалгуурыг нэмэгдүүлэх, банкны зээлийн эрсдэлийн төвлөрлийг тодорхойлох, банкинд авах албадлагын арга хэмжээг банкны санхүүгийн байдал, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт алдагдахаас өмнө урьдчилан сэргийлэх байдлаар авч хэрэгжүүлэх, эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн эрх зүйн хамгаалалтын зарчмыг тодорхойлохтой холбогдсон зохицуулалтыг олон улсын зарчим, шаардлагад нийцүүлэн тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар банкны эрсдэл даах чадвар эрс сайжирч, санхүүгийн хувьд бэхжин, банкны тогтолцоо эрүүлжиж, улс орны хэмжээнд тулгараад буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийг сэргээх суурь нөхцөл бүрдэх төдийгүй, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, урт хугацаандаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих аж.
 
Уг хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хэлэлцэж, дэмжсэн юм. 
 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг