sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн ч УИХ дахь АН бүлэг тав хоногийн завсарлага авлаа.
 
Чуулганы хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Энэ хуулийг яаран оруулж ирж болохгүй. ОУВС-гийн хөтөлбөрөөр арилжааны 13 банкинд шалгалт хийсэн. Үүний дүнг сонсох ёстой. Түүнчлэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг бүгдийг нь эхнээс нь хийх хэрэгтэй. Хуулийн төслөөр банк санхүүгийн байгууллагынхантай уулзаж, дахин нягталж үзэх шаардлагатай тул АН-ын бүлэг тав хоногийн засварлага хүсч байна" гэв.
 
Харин Ж.Энхбаяр гишүүн "Энэ хуулийн төслийг хаалттай хэлбэрээр хэлэлцэж, Монгол Улсын эдийн засгийн бодит нөхцөл байдлыг сонсож, ярилцах ёстой. Ирэх жилүүдэд эдийн засгийн амаргүй нөхцөл байдал тулж, өрийн дарамтанд орно. Харин завсарлага авах шаардлага байхгүй. Тиймээс хаалттай горимоор хэлэлцүүлж өгнө үү" гэсэн горимын санал гаргав. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар банк санхүүгийн байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай ч уг хуулийн төсөл нь хэд хэдэн хууль зөрчсөн, дэмжих боломжгүй, тиймээс хэлэлцүүлгийг хойшлуулж өгөхийг хүссэн горимын санал гаргасан юм.
 
УИХ-ын дарга М.Энхболд улмаар АН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өгч, энэ хугацаанд гишүүдийн гаргасан дээрх горимын саналуудыг дахин хэлэлцэж, идэвхтэй ажиллах шаардлагатай байгааг сануулав. Мөн завсарлагын хугацаа дууссаны дараа уг хуулийн төслийг хаалттай эсвэл нээлттэйгээр хэлэлцэхээр санал хураалгана гэв.  
 
Үүний дараа Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, шийдвэрээ гаргаж чадаагүй аж. Тиймээс тус байнгын хороо хуралдаж дуустал чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулав. 
 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг