sonin.mn
Монгол улсын ерөнхийлөгчийн Францын AFP мэдээлийн агентлагт өгсөн ярилцлага.
 
Ноён ерөнхийлөгч та 1990 оноос хойш хамгийн ихээр ард түмний итгэлийг хүлээсэн ерөнхийлөгч боллоо. Ганц хүн тэр их итгэлийг дааж монголчуудын түүхийг шинээр бичиж чадна гэдэгт та үнэхээр итгэлтэй байна уу?
 
Түүх бол ганц хүнээс үргэлж том байдаг. Тэгэхдээ түүхийн аль нэг цаг үеийг эзэлсэн хувь хүний үүрэг роль тун чухал байдгийг манай түүх ч харуулдаг. Би ганцхан Чингисийг нэрлэх гэсэн юм биш, бүх ард түмний түүх үүнийг гэрчилдэг. Харин өнөөдрийн хувьд бол нийгэмд алдагдсан хариуцлагын тогтолцоо цаг үеийн тулгамдсан асуудал болж хувираад байна.
 
Ерөнхийлөгч хүн улсаа урагшлуулан хөгжүүлж, түүхийг өөрчилж чадахын тулд ямар улс төрийн бодлоготон байх ёстой вэ?
 
Миний хувьд ганцаараа, эсвэл цөөхүүлээ улс орны хэмжээний томоохон алхамыг хийж чадахгүй гэж боддог. Мөн эсрэгээрээ цаг үеэ мэдэрч ойлгосон бол тухайн цаг хугацаанд юу хийх шаардлагатайг тухайн хүн сайн мэддэг.
 
Ер нь хариуцлагатай нийгэм л хөгждөг. Хариуцлагын зуд нүүрэлчихээд байгаа манай улс энэ байдлаасаа гарах хэрэгтэй болчихоод байна. Тиймээс үүнийг л би ажлынхаа гол зорилго болгосон юм. Монголыг, монголчуудыг эрч хүчтэй болгож, монголчууд бид дээр дурдсан хандлагаа өөрчилж, хариуцлагыг нэмэгдүүлж байж л өнөөдрийг хүртэл явж ирсэн түүхэнд өөрчлөлт хийнэ. Гэхдээ энэ бүхэн зөвхөн хамтач, өөрөөр хэлбэл бид нэг нэгэнтэйгээ хамтарч байж л үр дүнд хүрнэ, үүнийг хүсч байгаа хүмүүсийг харин нэгтгэх ёстой.
 
Та монголын төрийн тэргүүнүүдийн амьдарч байсан Их тэнгэрийн ам руу нүүсэнгүй, гэхдээ түүний нэг хэсэг болох хотын төвийн тусгай хамгаалалт бүхий байшинд орж суугаад хэдэн сар болж байна. Ямар санагдаж байна?
 
Би тодорхой дэг журам баримтлахыг хичээдэг. Бүх насаараа энд шигдээд амьдрах юм шиг буруу төсөөлөлд автах ёсгүй байх. Зарим зүйлд ингээд дасчих юм бол бодит амьдралыг харж чадахаа байж, миний амьдралын мөн чанар алдагдаж мэднэ. Өөрчлөлт, тэмцэл хөдөлгөөн буюу тайван бус байдал хүнийг үргэлж сэргэг байлгадаг. Мэдээж би харуул хамгаалалт бүхий энэ тусгайлсан байдлаас болж хэвийн амьдралаас таслагдаж байгаа нь үнэн. Манайд ерөнхийлөгч хүн их хурлын дарга, ерөнхий сайдаас илүү нэр хүндтэй байдаг. Ерөнхийлөгч хүний хийж, хэлж байгаа нь төдийгүй бас юу ч дуугарахгүй байгаа нь ч гэсэн нэг л мэдэхэд тун утга учиртай болчихдог учраас бусдаас ялгагдах байдал үүсдэг. Энэ бол яах аргагүй жирийн бус амьдрал хэцүү ч юм шиг санагдаж мэдэхээр. Гэхдээ энэ ажил үүргийн түүх өнөөг хүртэл манайд ингэж явж иржээ.
 
Үе үеийн дарга нарын амьдралын жишиг гэсэн үг үү?
 
Үгүй, хүсвэл хэн ч энэ байрнаас гарч, дуртай газраа очин, магадгүй хүмүүсийн гайхлыг төрүүлсэн ч хамаагүй юу дуртайгаа хэлж хийгээд явж болох л байх. Дүгнээд хэлбэл хүн хаана юу хийж байгаагаа мэдрэх ухаантайгаа байж чадвал орчныхоо нөлөөнд автаад байхгүй байж болно.
 
Таны өмнөх хүмүүсийн хувьд ингэж чадаагүй л юм шиг байна.
 
Ерөөсөө ерөнхийлөгч болно гэдэг тухайн хүний хувьд буруутгагдахгүй байхын аргагүй хүн болж орхидог. Хэрэв та ерөнхийлөгч л юм бол бүх юманд буруутгагдана. Энэ л таны амьдралыг орвонгоор нь өөрчилж байна гэсэн үг. Жирийн нөхцөлд бол хүн өөртөө айхтар утга учиртай биш ч гэсэн янз янзын эрх ямба эдлүүлж болно доо. Өөрөөр хэлбэл таны ямар нэгэн зүйлийг чухалчлаад хийж байгааг тань хэнд ч сонирхохгүй. Хэрэв та ерөнхийлөгч болбол таны хийж байгаа тэр зүйл танд биш юмаа гэхэд бусдад маш утга учиртай болж хувирна. Энд бүх зүйлс чухал болоод ирдэг, үр дагавар нь хэцүү болж ч мэднэ. Тиймээс заримдаа зүдэргээтэй байж болох ч зовлон болгож ярих хэрэггүй байх.
 
Сонгогчид танаас юу хүлээж байна вэ?
 
Монголчууд юманд эхлээд болох байх, бүтэх байх гэсэн сайхан сэтгэлээр ханддаг. Хүсэл эрмэлзэл нь биелэгдэж өгөхгүй бол тэд яаж сайхан байхав. Тиймээс ард түмнийхээ хүсэл эрмэлзлийг яавч хөсөрдүүлэхгүй ажиллах гэж би нэрээ дэвшүүлсэн, хүмүүс ч надаас маш шийдвэртэй алхамуудыг хүлээж байгаа. Ингэж ажиллахад амаргүй, элдэвээр дайрч доромжлуулна, эсвэл шоолж муулуулна гэдгээ ч урьдаас мэдэж байх учиртай. Бусдаар хайрлуулахыг хүсэхгүй байх тийм амархан биш ч ерөнхийлөгч хүн бусдаар хайрлуулах гээд хичээхийн хэрэггүй санагддаг. Тэгээд ч асуудал үүнд биш, эцэстээ хайрлагдах үгүй нь сонин биш энэ улс оронд надаас юу үлдэв, би юуг урагшлуулав гэдэгт л хамаг учир холбогдол байх болно.
 
Амьдрал онол хоёр үргэлж таарч нийцээд байдаггүй. Хичнээн нарийн бодож байсан зүйл ч таныхаар болохгүй үе ирж мэднэ.
 
Мэдээж, бодож төлөвлөснөөр тэр бүр биелэгдээд байна гэж үгүй. Нэгдүгээрт миний алба бол улс төржих, гүйцэтгэх засаглалын биш, бэлгэдлийн шинжтэй. Миний бодлоор өнөөгийн улс төрийн амьдрал илүү бэлгэдлийн байвал дээрсэн. Гэхдээ үүний тулд улс төрд ард түмний итгэлийг олж, тэдний үлгэр дууриал болж чадахаар хүмүүс эхлээд хэрэгтэй. Ингэж хэлж байгаа нь миний баатар эрийн дүрд тоглох гэсэн санаархал биш л дээ. Яагаад гэвэл бидэнд том түүхийг бүтээж эхлэх нэгдмэл хүч бий болоход энэ чухал учраас тэр. Нийгэмд шинэ хүч, шинэ үлгэр дууриалал хэрэгтэй болсон. Эвтэй бол хүчтэй байдаггүй, нэгдмэл байж л хүчтэй болно гэж ойлгох хэрэгтэй болж. Бид дэндүү бутархай болсон.
 
Яагаад та ингэж хэлнэ вэ?
 
Бид нийлж нэгдэж ажиллахыг хойш тавьж, хугацаа алдаж болохгүй цаг үед ирээд байна. Том санаа л хүмүүсийг нэгтгэнэ. Дайн байлдааны үед л баатарлаг хүмүүс, том үйлийн эзэд төрж байх ёсгүй. Яагаад өнөөгийн ардчилсан улс оронд залуус нь том мөрөөдөлтэй байж болохгүй гэж? Ардчилсан баатарлаг үйлс бүтээж болохгүй нь юу байхав? Магадгүй бид цөмөөрөө нийлээд орчин үеийн ийм хүмүүсийг гаргаж ирье л дээ!
 
Таныг ард түмнээсээ тасарсан гэж шүүмжлэх хүмүүс бас цөөнгүй байна.
 
Хэвлэл мэдээллээр үү?
 
Зөвхөн тэр ч биш.
 
Та гудамжинд намайг ард түмнээсээ тасарсан гэж хэлж байгаа хүнтэй тааралдсан юм уу?
 
Тийм.
 
Би ард түмнээсээ тасраагүй. Жирийн хүмүүсийн өмнө би ихэмсэг зан гаргаж чаддаггүй. Миний ойлголтоор Монголын ерөнхийлөгч монголчуудын сонголтоор бий болсон. Худалдагдсан хэвлэл мэдээлэл ард түмнийг төөрүүлэхээ болих цаг ирэх байх. Хэвлэл мэдээллийнхнийг урьж авчраад ярилцлага өгөөд байгаа жишгийг ард түмэндээ ойр байна гэж ойлгож болохгүй байх. Харин ч тэднээс нэг хэсэг хөндийрсөн нь дээр.
 
Та эрс шийдмэг алхам хийнэ гэсэн. Яагаад?
 
Миний өмнөх хүмүүс эрх мэдэлд очоод эрс шийдмэг алхам хэрэггүй, харж байгаад яваандаа хийх ёстойгоо олж харна гэж боддог байсан байх. Энэ нь том тактик мэт санагдаж мэднэ. Миний бодлоор энэ нь хийх алхмаа сайн мэдэхгүй байсантай л холбоотой байх. Тэгэхээр би Монголын түүхэнд шинэ хуудас нээх цаг болсон гэдгийг дахин хэлье. Манай орны хувьд ардчиллыг доороос биш дээрээс эхлүүлэх гэснээс хамаг асуудал үүдэлтэй гэж би боддог. Нийгмийн хөгжилд ард түмний оролцоо, идэвхи санаачлага илт үгүйлэгдэж, одоо бүр захиргаадалтын нийгэм болж хувирлаа. Зөвхөн хувиа бодох нь хөгжилд дэвшилд хангалтгүй, харин ч тарж бутрах замд биднийг хөтлөөд байгааг зогсоох ёстой.
 
Таны мөрөөдлөөр Монгол ямар болох гэж?
 
Миний хувьд монгол гурван хүчин зүйл дээр тогтоно. Бие даасан, нэгдмэл, ардчилал. Энэ зорилго биелэгдвэл бидний мөрөөдөл биелж, бид амар тайван, хангалуун, эрх чөлөөтэй амьдарна.
 
Энэ яг юу гэсэн үг вэ?
 
Өөрсдийгөө эрсдэлд оруулахааргүй, баталгаатай амьдралын орчин бий болгох ёстой гэж би хэлэх гэсэн юм. Өөрөөр хэлбэл шинэ үнэт зүйл бүтээх явдал юм. Хүчээ нэгтгэж чадвал бид тэнд хүрнэ.
 
Улс төрийн ийм адармаатай нөхцөл байдлын дунд та яаж ийм зорилгод хүрнэ гэж бодоо вэ?
 
Таны хэлж байгаатай санал нийлэхгүй байна. Би өнгөрсөн хугацаанд хөдөө орон нутагаар нэлээд явсан. Учирч уулзсан хүмүүс жинхэнэ өөрчлөлтийг л хүсч байна. Тиймээс ч жинхэнэ өөрчлөлт үнэхээр хэрэгтэй гэдэгт би улам бүр итгэсээр байна. Хэрэв тийм биш бол өнөөдрийн энэ байдлыг бид яаж ойлгох гэж? Хүссэнээ хийж чадахгүй, үүссэн нөхцөл байдалд нийтээрээ бууж өгөөд байвал болох бүтэхгүй хүмүүс бидний толгойн дээр гараад суучих нь ойлгомжтой.
 
Та арай дэндүүлж байна.
 
Хүссэнээ хийх амбицгүй, аймхай ноомой байвал ямар ч хүн урагшилж чадахгүйтэй л адил. Бусдын эрхээр амьдрах хэнд ч сайхан биш.
 
Путин эсвэл Ши Жинпин танд айдас төрүүлдэг үү?
 
Би тэдэнтэй ойлголцоно гэж боддог. Тэгэхдээ бодож санаж байгаагаа ярьж тайлбарлах болно. Өнөөг хүртэл бид хоёр хөрштэйгээ сайн харьцаатай явж ирсэн. Зарим зүйл дээр санал нийлэмжтэй биш ч эргээд санал нийлэх үе ч гарна. Хөршүүдтэйгээ аль болох хамтарч ажиллах тал дээр би санаачлагатай байхыг хичээнэ.
 
Аль нэг талыг нь онцлох тал дээр?
 
Хоёр өөр хөрш, хоёр өөр харилцаа байж таарна. Улс хоорондын харилцааны асуудлыг надад өсөрхсөн хүмүүс гадуур янз бүрээр мушгиж тайлбарлаад байгаа нь зохимжгүй. Харамсалтай нь ийм зүйл гарсаар байгаа.
 
Монгол улс хоёр том хөршийн дунд оршдог учраас тэднээс ихээхэн хамааралтай. Таны мөрөөдөл боломж нөхцөлөөс даваад байгаа юм биш биз?
 
Их даруухан хор шар гэж байдаггүй байх. Даруухан байж байгаад дундаж амжилт тогтоож болох л байх. Ийм юманд би зорихгүй. Монгол хөгжих манай хоёр хөршид ч ашигтай. Манай хоёр хөршийн өндөр хөгжил бидний амжилтанд сайнаар нөлөөлнө гэдэгт би бас итгэдэг.
 
Танд тэднээс суралцах зүйл бий юу?
 
Мэдээж, хоёр том гүрний удирдагчдаас суралцах зүйл их.
 
Чухам юу вэ?
 
Тэдний олон жилийн арга туршлагаас гадна, бидний нэг нэгийгээ ойлгохоос өөр аргагүй нөхцөл байдал бие биенээсээ суралцахад хүргэж байна гэж хэлж болох юм. Жишээ нь, тэдний улс төрийн зоримог алхамуудыг би юу юунаас илүү хүндэтгэдэг.
 
Өнөөдөр хаа сайгүй улс төрд популистууд газар авч байна. Та энэ байдлыг юу гэж үздэг вэ?
 
Тэдэнтэй 3 янзын арга хэлбэрээр харьцах ёстой байх. Юун түрүүнд тэднийг байхгүй байгаа юм шиг үл тоох хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар тэдний нөлөөнд орж, тэднээс айсандаа өөрсдийн үйл ажиллгааныхаа чиг зорилгыг өөрчлөөд байж болохгүй. Хүмүүс тэдэнд автаж, зарим нь бүр тэднээс давах гэсэн үйл ажиллгаа ч явуулдаг. Тэглээ гээд амжилт олохгүй, тэднийг дэмжигчид байсан бол худал хэлээд байхаар яваандаа тэднийгээ эргэж танихаа болино шүү дээ. Эцэст нь хэлэхэд тэднийг давраах хэрэггүй. Бас нэг зүйлийг энэ дашрамд хэлэхэд, популистууд улс төрд амжилт олж байгаа бол том намууд ард түмний сонирхолыг татахаа байсныг бас хэлэхгүй орхиж болохгүй байх.
 
Таныг саяхны нэг сонин дээр сүүлчийн найдлага гэсэн байсан. Энэ танд арай ч хэцүү санагдахгүй байна уу?
 
Үгүй, тэгсэн бол би өдий хүртэл ингэж улс төрийн тэмцэлд орохгүй байсан. Нөгөө талаар нийгмийн энэ их хүлээлт байгаагүй бол би сонгогдохгүй, байдаг л нэг хүн гарч ирэх байсан биз. Юу гэсэн үг вэ гэвэл “амс хийх завгүй” ажиллахыг ард түмэн надаас нэхэж байна гэж ойлгогдохоор байна. Манай улсад өөрчлөлт маш их хэрэгтэй.
 
Олон хүмүүс таныг юугаа өөрчлөх гээд байгаа юм болоо гэж гайхаж байгаа.
 
Энэ бодолд хүрэхээр амьдралын нөхцөл байдлыг би туулж ирлээ. Би онцгой хүн болох гэсэн юм биш, шийдсэн учраас л та намайг ингэж харж гайхаж байж мэднэ. Би монголын бүх аймагаар явсан. Би энэ газар шороогоо, монголчуудаа хүндэлж дээдэлдэг. Би тэдэнтэй уулзаж ярилцаж, маргаан өрнүүлэх дуртай. Тэдэнд сайхан амьдарч болно гэдгийг цаг ямагт итгүүлэхийг хичээдэг. Миний өдөр тутмын ажил тэдний төлөө, худал хуурмаг, элдэв төөрөлдлөөс гарахын төлөө болохоос тэр бүхэнтэй эвлэрээд байх явдал биш.
 
Танд итгэхгүй хүмүүс, өс хонзонгоо л авах гэж байгаа биз гэж байна.
 
Өнөөдөр бидэнд юу хэрэгтэй вэ гэдгээс эхэлье. Засгийн газар төсвийн мөнгийг хуваарилаад улс орныг хөгжүүлнэ гэж байхгүй. Дээр нь янз бүрийн нэрээр хүмүүст мөнгө тараах үр дүнгүй ажил манайд үргэлжилсээр байна. Гэхдээ тэр мөнгийг би хуваарилдаг хүн биш. Хөрөнгө мөнгөний асуудалтай хүмүүсийн гаргасан яриаг төрийн тэргүүний ажилтай холбож хэрэггүй байх. Би маш тодорхой, ерөөсөө буруу ойлгогдохооргүй үүнийг хэлж байна шүү. Миний дээрээс улс орны хувь заяа бууж ирсэн учраас таны хэлж байгаагаас шал өөр зүйл миний толгойд эргэлдэж байна.
 
Уул уурхай, зам тээврийн асуудлаар таны урд ярьж байсан зүйлс мөн л улс орны хэмжээний асуудлууд байсан шүү дээ.
 
Тэгэлгүй яахав. Засгийн газрын гишүүний хувьд миний ярьж байсан зүйлс улсын хөрөнгө мөнгөөр баяжиж буй хүмүүст их ойрхон тусч, асуудал хэвээр байгаа ч миний ажлын хүрээ хүн ардын боловсрол, соён гэгээрэл, аюулгүй байдал, эрүүл мэнд гээд олон зүйлстэй холбогдоод ирлээ. Илүү далайцтай ажиллахыг надаас шаардаж байна шүү дээ.
 
Хэдий бэлгэдлийн шинжтэй ч гэсэн таны эрх мэдэл одоо нэмэгдсэн. Тиймээс цөөн ч гэсэн таныг эсэргүүцэгчид алга болохгүй, тэд цаагуураа танаас дэмжлэг авахыг хүснэ.
 
Би тэднээс илүү эрч хүчтэй, юм хийе гэсэн шинэ залуу үе гарч ирээсэй, тэдэнд итгэл өгөх юмсан. Тэгэхгүй л бол энэ хуучин үгширмэл байдал хэзээ ч арилахгүй гэж боддог. Атаа жөтөөгөөр яваад хүн сайнаа үздэггүй, манайд одоо бий болчихоод байгаа нийтлэг энэ байдал улс орны хөгжлийг хойш нь л чангаахаас өөр үр дүн авчрахгүй.
 
Боловсролын асуудалд аль ч орон анхаарал хүчээ тавьдаг. Гэвч 1990 оноос хойш танайд тодорхой ахиц гарсангүй үүнийгээ ч бараг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа. Ялангуяа бичиг үсгийн чадваргүй хүний тоо хот хөдөөгүй олширч байна.
 
Тиймээ, эмзэглүүштэй сэдэв рүү та орж байна.
 
Бид 1990 оноос хойш бүхнийг зах зээлээр зохицуулна гэж олон асуудлыг орхигдуулж ирсний нэг нь яах аргагүй энэ мөн. Бичиг үсгийн боловсрол буюу эх хэлэндээ тавих анхаарал дэндүү өрөөсгөл, хоосон тушаал зарлигаар энэ ажил явагдаж байж. Харин үр дүнг нь бид амьдрал дээр харж байна. Энэ бол яах аргагүй миний санаа зовоосон асуудал.
 
Та юу уншиж байна.
 
Зав л гарвал уншихыг боддог. Одоо бол хууль дүрэм, олон улсын харилцааны баримт бичигүүд уншиж судлахаас цааш хэтрэхгүй байна. Ер нь нийгмийн хувьд бол аль болох олон уншигч байх тусмаа хүмүүс хоорондын харилцаанд сайнаар нөлөөлөх учраас уран зохиолын сайн номнууд хамгаас чухал гэж би боддог. Бидэнд нийтээрээ ярилцах сэдэв зөндөө, тэдгээр нь уран зохиолоор л хамгийн сайн дамжиж гарч ирдэг.
 
Та ном бичиж байгаа юу?
 
Бичиж байгаа, эхлүүлээд орхисон ном ч бий.
 
Юу нь дутсан гэж тэр вэ?
 
Хүн санаанд хүрэхгүй юмыг бусдад харуулахыг хүсдэггүй, санаандаа хүрэхээс нааш гаргаж болохгүй. Магадгүй би хэт өөрийгөө үнэлээд байгаа ч юм бил үү. Хэзээ нэгэн цагт дуусгана.
 
Таны ээж багад тань үлгэр домог их ярьж өгдөг байсан гэж сонссон.
 
Тийм, миний мөрөөдөлд их хэрэг болсон гэж би боддог.
 
Таны хүмүүжилд нөлөөлсөн хамгийн чухал ном ямар ном байсан бэ?
 
Одоо санахад намайг хүмүүжүүлсэн анхны номнуудын нэг нь Алтан загасны үлгэр байсан байх.
 
Та ерөнхийлөгч болсноосоо хойш өөрчлөгдсөн үү?
 
Мэдээж, өөрчлөгдсөн.
 
Танд баярлалаа.
 
 
(Францын ерөнхийлөгчийн өгсөн ярилцлагыг уншаад Монголын маань ерөнхийлөгч бас ийм байгаасай хэмээн орлуулан бичсэн Ц.Ганболд)