sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Физик технологийн хүрээлэн өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
 
Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд эрдэмтэд оюутан сурагчдад “Орчин үеийн физикийн шинжлэх ухаан”,“Нээлттэй программ хангамж” сэдвээр лекц  уншсан юм.
 
Тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, “Манай хүрээлэн нь Монгол Улсад физик, техник технологийн онолын болон хавсарга судалгааг хөгжүүлээд зогсохгүй шинжлэх ухааны ололт амжилтыг улс орны хөгжил цэцэглэлтэд түүчээлэн авчирсан эрдэм шинжилгээ судалгааны бие даасан томоохон төв юм. Цөмийн физикийн ололтыг практикт хэрэглэх, байгаль орчны бохирдлыг хянах, эх орны эрдэс түүхий эд, уламжлалт болон шинэ материал судлах, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг автоматжуулах, аливаа бүтээгдэхүүний бүтэц, найрлага, физик-химийн шинж чанарыг тодорхойлох, нарны энергийг цахилгаан, дулааны энергид хувиргах зэрэг улс ардын аж ахуйд ач холбогдолтой хавсарга судалгааны ажлыг хослуулж байна. Нээлттэй хаалганы өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, эрдэмтэн судлаачдынхаа судалгаа шинжилгээний ажлыг нийтэд танилцуулах болно” гэв.
 
Тус хүрээлэн нь 100 гаруй эрдэм шинжилгээ, инженер техникийн ажилтантай, физик электроникийн, мэдээллийн технологийн, нанотехнологийн орчин үеийн лабораторитай аж.
 
Энэ үеэр эрдэмтэн судлаачид судалгааны ажлаа танилцуулж байв. Тухайлбал, Материал судлалын лабораторийн эрдэмтэд товчин батерей буюу анхны ион батерейн загварыг гарган үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсноо танилцуулав.
 
 
Материал судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Уянга хэлэхдээ, “Технологийн хөгжил дэвшил болон хүн төрөлхтний хэрэгцээг даган эрчимтэй хөгжиж буй зүйл бол эрчим хүчний энергийн шинэ үүсгүүр юм. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, үнэ өртөг багатай энергийн үүсгүүрийг бий болгох, гарган авах нь чухал бөгөөд эдгээр асуудлыг шийдэж чадах зүйл нь батерей юм. Товчин батерей нь анод, катод электродоос бүтдэг, 3.6 ваттын хүчин чадалтай, цэнэглээд 5000 удаа ашиглах боломжтой. Цаг, хүүхдийн тоглоом зэргийг цэнэглэж болно. Гарган авсан анодын материалаа ашиглан эх орондоо литийн ион батерейг үйлдвэрлэх, цаашлаад зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой” гэв.
 
Мөн хаягдал шилийг боловсруулан хөөлгөж дулаан тусгаарлах материал гарган авчээ.
 
 
Физикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Бумаа, “Барилгын салбарт өнөөдөр дулаан тусгаарлах технологийн хувьд ихэвчлэн хөөцөнцөр ашигладаг. Гэтэл хөөсөнцөр нь галын аюултай, шатамхай бодис юм. Гал гарсан тохиолдолд унтраах боломжгүй. Тиймээс хөөсөн шилэн материалыг үйлдвэрт нэвтрүүлвэл дулаанаас гадна галын аюулгүй. Нар салхи, шороо, галд тэсвэртэй учир барилгын салбарт тоосго, хөөсөнцрийн оронд тусгаарлах материал болгон ашиглах боломжтой. Үүнээс гадна хаягдал шил ашиглаж буйгаараа давуу талтай” хэмээсэн юм.
 
Өдөрлөгийн үеэр тус хүрээлэнгийн эрдэмтдийн гаргасан бүтээлүүдээр үзэсгэлэн гарчээ.  
 
 
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг