sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хүүхдийг хамгаалах зорилго бүхий “Хүүхэд ба утаа” төсөл Сонгинохайрхан дүүргийн Толгойт хорооллын 80 дугаар цэцэрлэгт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
 
Төслийн хүрээнд цэцэрлэгийн анги танхимын доторх агаарын чанарыг сайжруулах зорилгоор 7 давхар шүүлтүүр бүхий өндөр үр ашигтай агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг суурилуулах юм. Мөн агаарын чанар, нарийн тоосонцрын хэмжээг тогтмол хянах аж. Мөн тус цэцэрлэгийн 2-5 насны 370 хүүхдэд тусгай шүүлтүүр бүхий амны хаалт олгох, дархлааг дэмжих олон төрлийн тэжээл нийлүүлэх юм.
 
Түүнчлэн эцэг эхчүүдэд хорт утаанаас хүүхдээ болон өөрсдийгөө хамгаалах талаарх мэдлэг мэдээлэл олгох сургалт зохион байгуулах юм.
 
Тус төслийг Австралид төгсөгч залуус санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Энэхүү хөрөнгийг олон нийтээс хандив цуглуулах замаар босгохоор төлөвлөсөн байна.
 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг