sonin.mn
АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр АН-ын Нарийн Бичгийн Дарга С.Эрдэнэболд сонгогджээ. Тэрээр нийслэлийн есөн дүүргээс наймд нь, 21 аймгийн дийлэнхид нь ялалт байгуулж, санал хураалтанд оролцсон нийт гишүүдийнхээ 63.4 хувийн саналаар Ардчилсан Залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.  Ийнхүү Монголын улс төрийн томоохон намын дэргэдэх залуучуудын байгууллагыг удирдах болсон Сүхбаатарын Эрдэнэболд гэж хэн бэ? гэдэг асуултанд товчхон хариулт хамтдаа эрцгээе.
 
1. Эрдэнэболд Монголын шилдэг сэхээтнүүдийн нэг Ширчингийн Сүхбаатарын ууган хүү. Ш.Сүхбаатар нь  зохиолч, сэтгүүлч, хуульч, бэлтгэл хурандаа. Р.Чойномын тэмдэглэлүүдийг анх олон нийтэд дэлгэж байсан авьяаслаг сэтгүүлч тэрээр хожим нь Хууль Зүйн дэд сайд, Батлан Хамгаалах Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга, Консулын Газрын дарга зэрэг төрийн хариуцлагатай албыг хашсан юм.
 
 
 
 
2. С.Эрдэнэболд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, АНУ-ын Индианагийн их сургуулийг мөн Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн бөгөөд мөн мэргэжлээрээ  ХЗДХЯ-ны харъяа Хууль зүйн Үндэсний хүрээлэнд ажиллаж байжээ.
 
3. С.Эрдэнэболд нийгмийн амьдралд идэвхтэй оролцогч. Оюутан байхаасаа л МҮОНРТ, Нээлттэй мэтгэлцээний холбоонд ажиллаж, оюутнуудад зориулсан лекц, уулзалт зохион байгуулж,  хувь хүний хөгжлийн чиглэлээр ном товхимол эрхлэн хэвлүүлдэг байжээ. Тэрээр өдгөө Сүхбаатар дүүргээс АН-ын ҮБХ, болон Нийслэлийн намын хороонд сонгогдсон бөгөөд Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчээр ажиллаж байна.
 
 
 
4. С.Эрдэнэболд нөхдийн хамт Монголд илтгэх урлаг, мэтгэлцээнийг хөгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байсныг  үеийнх нь залуус сайн мэддэг. Хожим нь тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын мэдээлэл боловсруулах, олон нийттэй харилцах албаны даргын албыг амжилттай хашсан юм.
 
5. С.Эрдэнэболд Ардчилсан Намыг шинэчлэхийг уриалагчдын нэг төдийгүй идэвхтэй оролцогч. 2016 оны 7 сард “Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулалцаж анхных нь Ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсан. Мөн Ардчилсан намын даргыг анхан шатнаас сонгох сунгаанд 21 аймаг, есөн дүүрэгт уулзалт даргалагчаар болон АН-ын VII их хурлын тэргүүлэгч, Үндсэн дүрмийн хэлэлцүүлгийг даргалагчаар ажилласан байна.
 
 
6.С.Эрдэнэболд  Харвардыг төгссөн Монголын хамгийн залуу улс төрч. Тэрээр 2016 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна.
 
7.Тэрээр 2006 онд Ардчилсан намд гишүүнээр элссэн бөгөөд АН-ын хэрэг эрхлэх газар, Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан. Эдүүгээ Ардчилсан Намын улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
 
8. С.Эрдэнэболд утга зохиолд шимтэгч төдийгүй авьяастан. Яруу найрагч М.Баттөмөрийн шавь түүний анхны ном нь "Шидэт уулын сормуус", "Дурлалын Гэрээ".Тэрээр түүх соёл, хэл бичиг, хувь хүний хөгжлийн чиглэлээр 10 гаруй ном бичиж, эрхлэн хэвлүүлсэн.
 
 
9. Тэрээр Афганистанд түр хугацаагаар үүрэг гүйцэтгэж байсан, бэлтгэл хошууч цолтой нэгэн билээ.
 
 
10. С.Эрдэнэболд Америкт боловсрол эзэмшсэн сэхээтэн төдийгүй  түүх, өв уламжлалаа дээдлэгч юм. Өвөө Ширчингийнхээ хэлсэн "Аливаа зүйлийг өнгөрөөж сур" гэсэн үгийг сургааль болгон дээдэлж явдаг тэрээр "Эзэнт гүрний туульс" бүтээлийг зохиосон юм. Мөн  тэрээр үндэсний  монгол бич­гээ үргэлжийн хэрэглээ болгон, тэмдэглэл хөтөлдөг байна.
 
 
Ийнхүү Г.Батхүү, Л.Гантөмөр, Б.Болор, Б.Баттүвшин, С.Дэмчиг нарын удирдаж байсан Ардчилсан Залуучуудын Холбоог залуу сэхээтэн Сүхбаатарын Эрдэнэболд удирдахаар боллоо. Юутай ч их улс төр дэхь  анхны томоохон ялалтаа байгуулсан түүнд ам сайтай хүн цөөнгүй байна. Харин олон олон хүмүүсийн эерэг хүлээлт үнэн бодитой байсан эсэхийг түүний цаашдын улс төр дэхь бодлого, үйл хэрэг харуулна.
 
М.Гал
 
С.Эрдэнэболдын үгийг нь зохиосон "Хамтдаа хайрлах эх орон" дууны клип