sonin.mn
Шинэ Засгийн газарт олон нийтэд тэр бүр танигдаагүй нэгэн эрхэм байгаа нь БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат. “UFC” группийн гүйцэтгэх захирал асан тэрээр  2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. Тэр Увс аймгийн 32 дугаар тойрогт экс Ерөнхий сайд Н.Алтанхуягтай өрсөлдөн ялж нутагтаа нэлээд нэр хүндтэй гэдгээ харуулсан. Харин Засгийн газрын гишүүний хувьд нэр нь анх Батлан хамгаалахын сайдад яригдаж байсан ч сайд нар томилогдохын өмнө БОАЖ-ын салбарыг түүнд өгсөн. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх багаа УИХ-д анх удаа сонгогдсон гишүүдээр бүрдүүлэхгүй хэмээж байсан ч энэ эрхэм мөн л тунаж үлдэж чадсан юм. Чуулганы нэгдсэн  хуралдааны үеэр түүнийг гишүүд хамгийн олон компанитай хэмээн тодотгож байв. Гэсэн ч байгаль орчин аялал жуулчлалын салбарт ямар нэгэн компани байхгүй, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ тэрээр илэрхийлсэн. Н.Цэрэнбат 26 компанид хувьд эзэмшдэг. Үүгээрээ  УИХ-даа тэргүүлдэг юм. Түүний араас Б.Чойжилсүрэн, Б.Ундармаа,  Б.Наранхүү, Н.Оюундарь нар жагсаж байна. Н.Цэрэнбат сайд болохынхоо өмнө чуулганы хуралдаан дээр агаарын бохирдлыг бууруулахад нэлээд хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ хэлсэн бай­даг. Түүний чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн амлалтуудыг эргэн сануулъя.
 
-Би олон компанид хувь эзэмшиж байгаа нь үнэн. Байгаль орчинтой холбоотой компани байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Хууль бусаар уул уурхай эрхэлж, байгалийг эвддэг асуудалд шийдэл гаргана. Хуулийг хэрэгжүүлж ажиллана. Энэ салбарт хуулийн дагуу санхүүгийн шинэ механизмыг нэвтрүүлж ажиллана.
 
-Агаарын бохирдлыг бууруулахад гурван асуудлыг шийдэх ёстой. Орон сууцжуулах, хийн хэрэглээг нэмэгдүүлэх, цахилгаанаар дулааныг зохицуулах юм. Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр цаашдаа үргэлжилнэ. Түүхий нүүрсний хэрэглээг багасгахад хугацаа хэрэгтэй. Бид шидтэн биш, бүгдийг нь орон сууцанд оруулж чадахгүй учраас үе шаттай ажлаа хийнэ.
 
-Хөрсний бохирдлын тухайд нийслэлийг анх 400 мянган хүнд зориулж төлөвлөж байсан. Нийслэлийн хүн ам өнөөдөр 1.2 саяд хүрсэн. Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтраад ариун цэврийн байгууламж барихаар ажиллаж байгаа. Үүнийг үргэлжлүүлнэ гэсэн юм. Ийнхүү УИХ-ын чуулганы санал хураалтад 68 гишүүн оролцож 60 нь Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдад дэмжсэн байдаг. Н.Цэрэнбат сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлээд сар орчмын хугацаа өнгөрч байна. Удахгүй Ашигт малтмал, газрын тосны газарт сүүлийн таван жилд гомдол гаргасан аж ахуйн нэгжүүдийн асуудлыг хэрхэн шийдсэн мэдээллийг цуглуулж, удаа дараа хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн хар жагсаалтыг гаргахаар ажиллаж байгаа юм байна. Энэ асуудалд сайд хамгийн түрүүнд анхаарч нэлээд сэтгэл гаргаж байгаа гэлээ. Намсрайн Цэрэнбат нь 1996 онд Улаангом хотын арван жилийн хоёрдугаар сургууль, 2000 онд Техникийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургуулийг төгссөн. Санхүүгийн менежмен­тийн мэргэжилтэй, магистрын зэрэгтэй. 2000-2001 онд “Мобиком” корпорацид нягтлан бодогч, 2003-2004 онд “Таван богд” группт гадаад харилцааны менежер, 2005-2010 онд компанийн дэд захирал, 2010-2012 онд УИХ-ын гишүүний туслах, 2012-2015 онд “Трансинконсулт” компанийн гүйцэтгэх захирал, 2015 онд Сан­гийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга, 2015-2016 онд “UFC” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин