sonin.mn
Бурхан багш
 
Хүнд боловсрол мэдлэг чухлыг багаасаа гадарладаг байлаа. 1940- өөд оны үед цэрэгт татагдсан ах нар гэртээ захиа бичдэг ч бичиг үсэг мэдэх хүн ховор учир захиа дуудуулах гэж бөөн ажил болно. Үүнээс болоод заримдаа хэдэн өртөө газар цээжлэн ирэх гэж их ажил болдог байв. Энэ мэт зүйлээс шалтгаалж бичиг үсэг чухлыг ойлгон айл бүр үр хүүхдээ сургуульд оруулж эрдэм номтой болгох ухаарал алс холын нутагт маш эрчимтэй өрнөж байсан 1952 онд миний төрсөн ах Б.Дамдин аравдугаар ангиа төгссөн. Энэ үйл явдал манай гэрийн амьдралд ёстой л соёлын хувьсгал мэт болж байлаа. Ахын ухаан сууж алхах гишгэх, ярьж хөөрөх, тогтуун тайван, намайг зэмлэх нь бага болсон нь сайхан ч юм шиг. Ээж маань намайг гурван настай байхад бурхны оронд залрахад өнчин хоёр хүүгийн алсын хувь тавилан хэрхэхийг хэн яахан мэдэх билээ. Миний чадах юм уйлах л байсан байх. Аав ахыгаа их зовооно. 1942 онд манайх аймаг бараадаж ах сургуульд элсэн эрдэм номын үсэг заалгаж анги дэвшсээр Улаанбаатарт Улсын их сургуульд анагаах ухааны ангид суралцахаар болов. Тэр үед би ч долоодугаар ангид дэвшин суралцах нь тэр.
 
Тэр намар манай сургуульд хотоос нэг хөөрхөн цагаан хүү шилжин ирсэн нь алс бөглүү газрын охид хөвгүүдийн анхаарлыг татсан. /манай нэртэй найрал дууны багш Л.Даваахүү/ Түүний аав нь театрын багш, гавьяат жүжигчин Д.Лувсаншарав гэж өндөр цагаан ах байх агаад гэргий нь усан дагина гэж ийм л эгч байдаг юм байх гэж / тайз дэлгэцийн нэртэй жүжигчин З.Долгорсүрэн гуай/ ургуулан бодно. Хэсэг хугацааны дараа багш нар манай сургуульд ирж дуулах, бүжиглэх сонирхолтой хүүхдүүдийг шалгах, хааяа шинэ дуу зааж өгснөөр нөгөө гавьяат багшид танигдаж хүмүүсийн цагаан атаархлыг төрүүлнэ.
 
1954 онд ‘‘Ховд аймгийн соёлын өдрүүдийг намар Улаанбаатарт хийх гэнэ” гэсэн яриа гарч театр хөл хөдөлгөөнд орсон юм. Төвөөс шинэ багш нар ирж авьяастай хүмүүсийг шалган авч бэлтгэл сургуульд оруулж байв. Би ч бас шалгуулж анхааралд нь өртөв бололтой. Гэхдээ “тэнцлээ” гэж хэлээгүй ч, горьдлого тээсээр явлаа.
Хавар боллоо. Хичээлийн хажуугаар театраар эргэлдэж найрал дуунд сууж шинэ дуу сурч буруу дуугарвал ахмад хүмүүст зэмлүүлж эхлэх нь тэр. Д.Лувсаншарав гуайг Лууяа багш гэж авгайлна. Ажиглавал надад гайгүй ханддаг байв. Би ч анги дэвших шалгалтаа өгч наймдугаар ангид дэвшин орлоо.
 
Өдөр хоног үргэлжилсээр л намайг тоож байгаа юм алга, найрал дуунд суугаад л байлаа. Нэг өдөр Лууяа багш дуудлаа. Хасагдах талаар бодож эхлэв. “За Зангадаа энэ дууг сайн сураад шалгуул” гэдэг юм байна. Үгийг нь харвал Буянт голын тухай дуу бололтой. Ноот мэдэхгүй хөгжмийн ах эгч нараар ая, үгийг нь заалгаж хар зургийг нь гаргаж авч амьдралынхаа бүтэн нэгэн жаран дуулах алдарт "Тунгалаг буянт" дуутайгаа анхлан учран золгож буйгаа яахан мэдэх билээ.
 
Дуу бид хоёр Монголын дууны урлагт бие биедээ хань болон хүүхэд наснаасаа өтөл насыг насалтал өмөг түшиг тулгуур минь болж их урлагийн тайзан дээр ачтай буянтай Лууяа багш маань ухаант түмний өмнө гаргаж сонорыг мялааж байсан тэр цаг мөч тэртээ 1954 оныг санагдуулна.
 
Лууяа багшийн өгсөн нутгийнхаа ах нарын дууг хичээгээд дуулчих юмсан гэсэн бодол сэтгэлийн мухарт хургана. Тунгалаг Буянт маань Монгол Алтайн нуруунаас эх авч олон зууны турш холын хол зам туулсаар хүмүүнии ертөнцөд урсан ирж өвс ургамал, хүн мал амьтанд амьдрал хайрласан бурхан голын урсгал, миний зүрх сэтгэл дундуур урсаж мөнхийн аялгуу нь эх орны маань дөрвөн зүг найман зовхист урсаагүй газар үгүй. Д.Лхаашид, Ч.Балдан ах нар маань оюун ухаан, авьяас билгээрээ монгол түмэндээ босгосон мөнхийн суварга яахын аргагуй мөн билээ.
 
Лууяа багш маань баруун Монголын ардын язгуур урлагийн бүтээл "Алтай магтаал"- ыг хөгжмийн онолын үндэслэлд тохируулан олон хоолойд хөрвүүлэн Монгол хөөмэйн аялгууг хослуулан уран бүтээлд тусгаж манай найрал дууны төрөлд шинэчлэл хийснээр сонсогчдын талархлыг хүлээж “Ховдын соёлын өдрүүдийн тоглолтын уран сайхны өгөөж хүртээмжийг шинэ шатанд гаргаж чадлаа” хэмээн сонин хэвлэлд нийтэлж байсан юм. Монголын дуулаачийн хөгжилд залуу авьяаслаг уран бүтээлчдийг төрүүлэх тэдний дуулах ур чадвар, урын санг арвижуулах, ард түмнээ дэлхийн хөгжмийн урлагийн төрлүүдтэй ойртуулах зорилгоор дуу, найрал дуу, ари, романс том хэлбэрийн бүтээл, дуурь.бүжгийн жүжиг, хөгжимт драм зэрэг хөгжмийн бүхий л төрлөөр бүтээл зохиолоо туурвин соёлт хүмүүн төрөлхтний уламжлалыг мөрдлөгө болгон түмэн олноо соён гэгээгүүрүүлэх үйлсэд  авьяас билэг, оюунаа зориулж ирсэн Монгол түмний хүндэт хүмүүн бидний бурхан багш байлаа.
 
Лууяа багш 1954 онд Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн их сургуульд суралцахаар явсан. Сурсан мэдсэнээ улам баяжуулах, онолын ухаанаар оюунаа цэнэглэж дэлхийн хөгжмийн соёл, үүсэл хөгжил, арга барилаас суралцах нь нэн чухлыг сайтар ухамсарласан нас, бие хаа нь тэгширсэн үе байлаа.
 
Яг тэр үед Ховдын хязгаарын сургуулийн сурагч өөрийнх нь унаган шавь миний бие багшийн суралцаж буй дэлхийн сургуульд суралцахаар очиж багш шавь хоёр оюутны ширээнд тохой залган суун эрдэм номын хишиг хүртэх нь сонин агаад ховор үйл явдал байв. Би хүний нутагт оюутан болсон хэрнээ багшдаа нялхамсч сэтгэлдээ эрхэлж явсан үе маань тэртээ хол алсран холдож хүний амьдралын мөнхийн нугачаанд эргэлт буцалтгүй орж ирсэн байлаа.
 
Багш маань сургуулиа төгсч ирээд 1960-аад оны үеэс хөгжмийн том хэлбэрийн бүтээл болох "Хан Бүргэдийн үхэл", "Шивээ Хиагт", "Ард Аюуш", Нүцгэн ноён", "Хар Хорум", "Их хааны хатад" зэрэг 10 гаруй бүрэн хэмжээний дуурь, олон арван ари романс "Нарны домог", "Бөртэ чоно", "Сарны наадам" зэрэг үндэсний бүжгийн жүжиг, "Цэцэг нуурын хошуунд”, “Сүнжидмаа”, "Ногоон Дарь эх", "Галын дөл өөдөөн", "Галдан Бошигт хааны тухай" зэрэг 15 хөгжимт жүжиг, "Эх орон", "Монгол орон бат оршиг", "Ажилчдын магтуу", "Хэзээд бэлхэн" зэрэг 12 магтуу, "Нүгэл буян", "Аман хуур", "Өглөө", "Тэмцэл", "Хань", "Төөрсөөр төрөлдөө" зэрэг 20 гаруй уран сайхны киноны хөгжим, "Хэрлэн", "Хурдан зээрд", "Би чамд хайртай", "Усны тунгалаг тамирын гол", "Үйлсийн сайхан Улаанбаатар", "Охидын уянга", "Маамуу нааш ир" зэрэг 500 гаруй бүтээл туурвисан нь ёстой авьяас, цог хийморь нь бие сэтгэлд нь багтаж ядсан уран бүтээлийн их тэсрэлтийн он жилүүд байсан байх даа.
 
Багш ажлын шаардлага маш өндөр, хатуу чанга, ажил эхэлбэл дуусгаж байж сална. Их нямбай, бүх зүйлс дэс дараалал, тэмдэглэлтэй, он, сар, өдөр, цаг минуттайгаа байна.
 
Багш амьдралынхаа 70 гаруй жилийг Монголын урлагт зориулж, олон зуун уран бүтээлчдийн авьяас билгийг хөхиүлэн дэмжиж, хүн ардаа соён гэгээрүүлэх ариун үйлсэд мөн ч ихийг хийж бүтээсэн дээ. Тэрбээр сэрүүн тунгалаг байхдаа хааяа дөрөө чангалсан үедээ Ц.Пүрэвдорж, А.Загдсүрэн, Д.Мяасүрэн, П.Цэвэлсүрэн, В.Долгор гуай болон Л.Эрдэнэбулган, Д.Ухнаа, У.Далантай биднийг миний гарын есөн шавь хэмээн омогшдог байж билээ.Нээрэн л мэдлэг оюун ухаанаа тодорхой хугацаанд бидэнд зориулж явсан нь үнэн дээ. Би аав ээж, төр засаг, нийгмээсээ мөн ч их хишиг буяныг нь хүртсэн Харин хариуд нь юу хийлээ гэж бодохоор ухаан санаа, сэтгэл нэг л төвлөрч өгөхгүй байх юм. Мэргэжил нэгт нөхдийнхөө тус дэм харамгүй сэтгэлээр эх орныхоо дууны урлагт нэгэн жаран, түмний сонор сэтгэлд мөнхрөн үлдэх бүтээл туурвихыг эрхэм зорилгоо болгож бие сэтгэлээ зориулж ирсэн хүн дээ би. Хүн насны өндөрлөгт ирэхээр туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэн дурсч дүгнэдэг бололтой.
 
Багш аа, таныг бид үл умартан, ариун сургаалыг тань ханцуйдаа залбирч явцгаана. Таны Монгол түмнээ дуулах дуутай, сонсох дуурьтай, үзэх бүжгийн жүжигтэй болгосон ач буяныг тань бид мартахгүй.
 
Хан Хэнтий цэнхэртэн дуниартаж
Болор өнгөт
Хэрлэн эгшиглэсээр...
 
 
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад