sonin.mn
Монгол орны  тусгай хамгаалалттай газруудад тавих хяналтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор  ХБНГУ-аас манай улсад бартаат замын 60 мотоциклийг хүлээлгэн өглөө.
 
Ёслолын ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дүппел нарын албаны хүмүүс оролцсон юм.
 
Газар нутгийн хэмжээ том,  хүрч ажиллахад бартаа саад ихтэй, дэд бүтэц харьцангуй муу хөгжсөн зэрэг онцлогтой учраас тусгай хамгаалалттай газар нутагт эргүүл, хяналт шалгалт, судалгаа мониторингийн ажлыг чанартай гүйцэтгэхэд Германы талаас манайд ийнхүү дэмжлэг үзүүлж буй аж.
 
Дээрх мотоциклуудыг Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нуруу, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Орхоны Хөндий, Тарвагатай нуруу, Хангайн нуруу, Хустай нуруу зэрэг найман хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөв.
 
 БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ,  "Энэ жил БОАЖЯ байгуулагдсаны 30 жил, Монгол-Германы хөгжлийн хамтын ажиллагааны 25 жилийн ой тохиож байна. Герман улсаас байгаль орчны салбарт сүүлийн 20 гаруй жил тасралтгүй хамтран, дэмжин ажиллаж, техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд салбарынхаа нийт ажиллагсдын нэрийн өмнөөс талархал дэвшүүлье. Хоёр талын хамтын ажиллагаа нь Монгол Улсын байгаль орчны салбарт үр дүнгээ өгсөөр ирсэн. ““Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох”  төсөл нь талуудын байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааны томоохон жишээ болж байна.  Өнөөдөр Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгуудад өгч буй  бодит тусламж  нь хамгаалалтын захиргаадын материаллаг баазыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр боллоо” гэлээ.
 
Харин Элчин сайд Штефан Дүппел, "25 жилийн тэртээ Монгол Улс болон Европын Холбооны дипломат харилцаа эхэлсэн түүхтэй.  Герман, Монголын хөгжлийн хамтын ажиллагааны нэг хэлбэр бол Биологийн олон төрөл зүйлийг хамгаалах явдал юм. Давтагдашгүй үзэсгэлэнт байгаль нь Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгийн  иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийг бэхжүүлэх үнэт баялаг юм. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн хүрээнд ийнхүү байгаль хамгаалагчдыг үүргээ биелүүлэхэд бодит дэмжлэг үзүүлж байгаад  баяртай байна.  Улмаар төслийн санхүүжилтийг 31 сая евро болгон өсгөх ХБНГУ-ын Засгийн газрын шийдвэр нь Монгол Улсын тогтвортой хөгжилд тодорхой хувь нэмэр үзүүллээ. Бидэнтэй нягт хамтран ажиллаж буй БОАЖЯ болон төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хүчин зүтгэл гаргаж буй бүх хүмүүст талархал илэрхийлье" хэмээв.
 
ХБНГУ-ын Засгийн газар нь Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар дамжуулан БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн эхний шатанд 11.5 сая евро, II шатанд 13.5 сая евро, нийт 25 сая еврогийн буцалтгүй тусламжийг Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас  санхүүжүүлжээ. Тус яамны Монголын асуудлыг хариуцсан бодлогын ахлах зөвлөх Доротий Швиллийн манай улсад хийж буй айлчлалын хүрээнд тус төслийн цаашдын үйл ажиллагаанд ХБНГУ-ын Засгийн газар дахин 6 сая еврогийн буцалтгүй тусламж нэмж олгохоор болсныг мэдэгджээ.
 
Түүнчлэн дээрх арга хэмжээний үеэр Монгол орны байгаль орчны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн БОАЖЯ-наас  ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга К.Глассыг Байгаль орчны тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр, Германы Сэргээн босголт, зээлийн банкны Монгол дахь салбарын захирал, П.Гиоргиевыг  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жуух бичгээр тус тус шагнаж урамшуулав.
 
 
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг