sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГССҮТ-ийн эмч нар Өвөр Монголын Ши Зуан эмчтэй хамтран гар хурууны тасарсан хэсгийг залгах мэс ажилбар хийж харилцан туршлага солилцож байна.
 
Тус төвийн эмч, эмнэлгийн ажилчдыг чадавхижуулах бодлогын хүрээнд гар сарвуу бичил мэс заслын тасгийн эмч нарыг Өвөр Монголын Үндэсний их сургуулийн харьяат эмнэлэгт мэргэжил дээшлүүлсэн юм. Өмнө нь манай улсад тасарсан эд эрхтэний хэсгийг залгах мэс ажилбар төдийлөн хийдэггүй, хийсэн ч үр дүн муутай байсан байна. 
 
Тасарсан эрхтний хэсгийг 6-8 цагийн дотор 2-4 градусын мөстэй саванд хадгалан эмнэлэгт авчирсан тохиолдолд мэс ажилбар хийх боломжтой хэмээн эмч нар үздэг. Уг хагалгаа нь БНХАУ-д ойролцоогоор 10-15 орчим сая төгрөгийн ханштай байдаг бол тус төв ард иргэдэд үнэгүй хийж үйлчилж байна.
 
Өвөр Монголын эмч 12 сарыг дуустал манай эмнэлэгт ажиллах бөгөөд энэ хугацаанд хагалгаа хийсэн өвчтний биеийн байдал, эдгэрэлтийг ажиглаж үр дүнг нь харах аж.
 
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг