sonin.mn
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мү Жэ Ин ирэх долоо хоногт Хятад улсад айлчилж, тус улсын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийнэ гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.
 
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар буюу Хөх ордноос өнөөдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Мүн Жэ Ин Хятадын нийслэл Бээжин болон Чунцин хотод энэ сарын 13-наас эхлэн “төрийн зочин”-ы хувиар дөрвөн өдрийн айлчлал хийх аж. 2017 оны тавдугаар сард ерөнхийлөгч болсон тэрбээр Хятадад анх удаагаа айлчлах гэж буй нь энэ юм.
 
Хоёр улсын удирдагчид Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр, “THAAD” буюу баллистик пуужинг замаас нь амдан устгах дэвшилтэт технологийн системийг Өмнөд Солонгост байрлуулсан зэрэг асуудлыг голлон авч хэлэлцэх бололтой.
 
“THAAD” системийг Умард Солонгосын өдөөн хатгалгыг сөрөн зогсох зорилгоор байрлуулсан гэж Сөүл мэдэгддэг юм. Харин өндөр хүчин чадалтай “THAAD” системийн радараар Хятадын армийн үйл ажиллагааг тандаж болзошгүй гэж Бээжин болгоомжилдог билээ.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг