sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад хөдөлмөрийн насны 49 мянган хүн ажилгүй байна гэсэн судалгаа бий. Тэгвэл өөртөө ажлын байр бий болгож бичил уурхай эрхэлж буй 8000 орчим хүн бий гэсэн албан ёсны тоог  “Хариуцлагатай бичил уурхайн төлөө хамтдаа” үндэсний чуулганы үеэр мэргэжилтнүүд тодотголоо.
 
Бичил уурхайчид дангаараа бус нэгдэж байж амжилт олно гэдгийг өнгөрсөн хугацаанд мэдэрч эдүгэ 787 нөхөрлөлийг байгуулжээ. Өнөөдрийн байдлаар бичил уурхайчид 1801 га талбайд ашигт малтмалын олборлолт явуулж буйгаас 200 гаруй га талбайд биологи, техникийн нөхөн сэргээлт хийсэн байна. Үеийн үед хууль бусаар олборлолт хийх, нөхөн сэргээлт хийлгүйгээр газрыг сэндийчэн орхих асуудал байсаар ирснийг засах  ямар хөшүүрэг байгаа вэ гэдэгт тэд өнөөдөр төвлөрсөн юм. Түүнчлэн манай улсад  бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хууль эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт болон  олон улсын  чиг хандлагын талаар оролцогсод байр сууриа илэрхийллээ. Бичил уурхай эрхлэгчдэд газар олголт хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа аж. Өөрөөр хэлбэл уурхайчид газраа авъя гэхээр ямар нэгэн тусгай зөвшөөрөлтэй давхцах эсвэл орон нутгийн тусгай хамгаалтад орсон гэсэн хариулттай нүүр тулдаг байна. Ийнхүү давхцлаас болж бичил уурхайчид үйл ажиллагаагаа явуулах боломж гарахгүй байгааг учирлав.
 
Энэ жил бичил уул уурхайн шинэ журам, аргачлал батлагдаж, Зөрчлийн тухай хуульд  тусгажээ. Мөн үеэр олборлосон алтаа боловсруулах асуудал хүнд байгааг бичил уурхайчид дурдав. Улсын хэмжээнд бичил уурхайн албан ёсны боловсруулах хоёр цех ажилладаг байна. Энэ тоог цаашид нэмэх шаардлагатай төдийгүй мөнгөн усны аюул нүүрлэх эрсдэлтэйг төлөөлөгчид онцлов. Тиймээс тоног төхөөрөмжөө сайжруулахын тулд  санхүүжилтийн асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа аж. 
 
Нөгөөтэйгүүр бичил уурхайн нэг асуудал бол нөхөн сэргээлт.  Бичил уурхайн нөхөн сэргээлтийн асуудал   10 гаруй жилийн өмнөхтэй харьцуулбал илт  сайжирсан гэдгийг албаныхан онцлов. Улмаар 2017 онд  шинэ журам батлагдсантай холбогдуулан нөхөн сэргээлтийн аргачлалтай болжээ. Ингэснээр хямд зардлаар, үр ашигтай нөхөн сэргээлт хийх боломж бүрдсэн байна. Нөхөн сэргээлтэд 2005 оноос хойш хэрэгжсэн Швейцарийн хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхайн төсөл дорвитой нөлөө үзүүлснийг мэргэжилтнүүд танилцууллаа. Ийнхүү бичил уурхайчдын асуудлыг талууд зөвшилцөж цаасан дээр бус бодит байдал дээр ажил хэрэг болгох нь чухал гэдэгт саналаа нэгтгэв.
 
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг