sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Нидерландын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан тус ЭСЯ-наас Нидерландын “Diplomat magazine” сэтгүүл, Carlton Ambassador зочид буудалтай хамтран энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Нидерландын Гааг хотноо “Mongolia Diplomats Meet & Greet” арга хэмжээг зохион байгуулав.
 
Энэхүү арга хэмжээнд Нидерландын ГХЯ, Дипломат корпус болон олон улсын байгууллагын 100 орчим төлөөлөгч оролцов. Арга хэмжээг нээж Элчин сайд О.Оч, Нидерландын ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал Питер Потман нар үг хэлэв. Элчин сайд О.Оч хэлсэн үгэндээ нидерландын талаас манай улсын ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцад тусламж дэмжлэг үзүүлж байсанд талархал илэрхийлээд, эдүгээ хөдөө аж ахуй, усны менежмент, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
 
Нидерландын ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал Питер Потман Нидерландын Сангийн сайдаар ажиллаж байсан Хэррит Залм Монгол Улсыг ЕСБХБ-нд гишүүнээр элсэхэд чухал хувь нэмэр оруулсан болон Нидерландын Засгийн газрын тусламжаар устаж үгүй болох аюулд ороод байсан тахийг Монголд дахин нутагшуулснаар эдүгээ 200 гаруй тахь Монголд нутагшиж байгааг онцлон тэмдэглэв. Энэ онд Нидерландын Засгийн газрын тусламжаар тахийг монголд нутагшуулсны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү төслийг санаачилсан Ингэ Боуман болон Аннэттэ Хрунэвэлд нар энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцов. Арга хэмжээний үеэр энэхүү төслийн талаар баримтат киног үзүүлэв. Хүлээн авалтын үеэр язгуур урлагийн Хан богд хамтлаг тоглож, Модэрн Номадс ресторан зочдод Монгол хоол, ундаагаар үйлчлэв.
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг