sonin.mn
МАХН-ын Ёс зүйн хорооны дарга Г.Даваанямтай ярилцлаа. 
 
–Саяхан танай нам Бага чуулганаараа дүрмийн өөрчлөлт  хийж, Дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн. Дээд шүүхээс ямар шийдвэр гаргасан бэ, энэ талаар мэдээлэл байна уу?
 
-Манай нам Онц их хурлаараа  баталсан  дүрэмдээ  Их чуулган намын бодлогын ямар ч асуудлыг хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэж заасан. Үүнд:
 
МАХН-ын дүрэм, намын мөрийн хөтөлбөрийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн заалт оруулсан юм. Харин Улс төрийн намын тухай хуулийн 13.4-т Намын их хурлаар баталсан намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгогдсон бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг намын төлөөллийн төв байгууллага шийдвэрлэж болно гэсэн хуулийн заалт байсныг бид олж үзээд манай дүрмийн 10.4.1 заалт Улс төрийн намын тухай хуулийн 13.4-ийг зөрчсөн юм байна. Намын дүрэм хуультай нийцэж байх ёстой гэдэг зарчмыг баримтлан Бага чуулганаараа Улс төрийн намын тухай хуулийн  13.4  -т заасанд  нийцүүлэн “Намын Их хурлын чөлөөт цагт намын Бага чуулганы дүрэм, мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулж болно” гэсэн өөрчлөлт оруулсан. Гэтэл Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр “Танайх намын дүрмээ Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх шаардлагагүй. 13.4-т нийцүүлж дүрмээ өөрчилсөн чинь намын дүрмээ зөрчсөн байна. Иймд танай намын дүрмийг бүртгэхгүй гэсэн агуулгатай шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, бид дүрмээ Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн өөрчилснөөрөө Улсын дээд шүүхэд бүртгүүлж чадсангүй. Уг нь аливаа дүрэм хуульд нийцэж байх ёстой баймаар. МАХН-ын дүрмийг бүртгүүлэхгүй байх сонирхолтой МАНАН бүлэглэл, ялангуяа МАН-ын зарим удирдлага байгаа. Тэдний захиалга, үүрэг даалгаврыг Х.Сонинбаяр шүүгч биелүүллээ  гэж харж байна.
 
–О.Баасанхүү нарын хүмүүс УДШ-д хүсэлт гар­гасан гэсэн. Ямар агуул­гатай хүсэлт болоод УДШ авч хэлэлцэж байгаа юм бэ?
 
-О.Баасанхүү нарын хүмүүс манай намын Бага чуулганаар хэлэлцэж өөрчлөөд Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн намын дүрмийн өөрчлөлтийг батлахгүй байхыг хүссэн хүсэлт хүргүүлсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, нам дотроо шийдэх дотоодын маргаан бүхий зүйл л дээ. Түүнийг Дээд шүүх хэлэлцэх учиргүй юм. Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ гэж  тодорхой хуульчилсан байдаг. Дээд шүүх хууль зөрчин О.Баасанхүү нарын хүсэлтийг авч хэлэлцсэн нь МАН-ын удирдагчдын захиалгыг л биелүүлж байгаа хэрэг.
 
–Онц их хурлаас сонгогдсон Бага чуулганы гишүүд л намын дүрэмд өөрчлөлт хийх эрхтэй. Тэр хүмүүс намын Бага чуулганы хүчин төгөлдөр гишүүн гэж О.Баасанхүү нарын хүмүүс хэлж байсан. Үүнд тайлбар хэлнэ үү?
 
-Намын Онц их хурлаас 139 хүн Бага чуулганы гишүүнээр сонгогдсон. Намын дүрэмд намын Их чуулган, Бага чуулганыг нийт 205 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их чуулган хүртэлх хугацаагаар байгуулна гэсэн заалт бий. Энд байгуулна гэсэн байгаа биз. Өөрөөр хэлбэл, Бага чуулганыг дараагийн Их чуулган хүртэлх хугацаагаар байгуулна гэсэн үг. Харин дүрмийн 14.2-т Намын бага чуулганы гишүүдийн 1/4-ийг хагас жил бүр өрсөлдүүлэх зарчмаар намын анхан, бага, дунд шатны  байгууллагаас шинэчлэн сонгоно. 14.4.14-т  Намын их чуулганы чөлөөт цагт намын бага чуулганы бүрэлдэхүүнд гишүүн орж гарвал нөхөн сонгох гэж заасан. Энэ заалтууд нь Бага чуулганы гишүүдийг сонгох, чөлөөлөх, нөхөн сонгох тухай тодорхой ойлголт юм. Энэ хоёр ойлголтыг О.Баасанхүү нар  гуйвуулан тайлбарлаад байгаа.  Онц их хурлаас сонгогдсон 139 гишүүнээс дүрмийн дагуу болон өөрийн хүсэлт, төрийн албанд шилжсэн зэрэг шалтгаанаар 68 хүн чөлөөлөгдсөн. Долоон хүн өөр намд орсон, 13 хүн нас барсан. Одоо Бага чуулганы гишүүн 41 хүн байна. Хүн мөнх биш, амьдрал үргэлжийн  хөдөлгөөнд байдаг жамаар ийм өөрчлөлт орох нь зүйн хэрэг. Г.Бямбасүрэн нар анх сонгогдсон Бага чуулганы гишүүдээс Н.Энхбаяраас өөр хүн үлдээгүй мэтээр ярьж байгаа нь үнэнд нийцээгүй гэдэг нь эндэх тоо баримтаас харагдана байх.Анх Бага чуулганы гишүүн болсон 139 хүн л дүрэм өөрчлөх Бага чуулганы гишүүн хэвээр байх дархан эрхтэй бурхан хүмүүс мэтээр авирлаж тэдний нэрийг барин бусармаг үйлдэл хийх эрх тэдэнд байхгүй. Аль ч ус төрийн нам Бага чуулганы гишүүдээ тодорхой хуга­цаанд өөрчлөлт хийдэг.
 
–О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нарын хүмүүс Их тэнгэрт болон Төрийн ордонд хурал цуглаан зохион байгууллаа гэдэг. Тэд тийм хөрөнгө чинээтэй хүмүүс үү эсвэл ивээн тэтгэдэг улс төрийн  хүчин  байна уу?
 
-Хэд хэдэн удаа хүмүүс цуглуулан цайлж дайлсан.  Одоо шинэ жилийн баярыг таксгүй хийж, 1000 хүн оролцсон Их хурал  зохион байгуулна гэж яриад байна. Энэ хүмүүсийн хөрөнгө чинээг сайн мэдэхгүй юм. Зохион байгуулсан ажлууд нь олон сая төгрөг гарсан байх магадлалтай. О.Баасанхүү “Бид удахгүй МАН-тай  нэгдэнэ” гэж  ярьж, тэднийг талдаа татах ажил хийж байна. Түүний ард МАН-ын удирдах зарим хүн байгаа нь тодор­хой. Жишээ нь, БНН-ын дарга Б.Жаргалсайхан “О.Баасанхүү МАНАН-гийн хуухнаг хөхдөг  болсон” гэж жиргэсэн байна лээ.
 
 
Л.Хэрлэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин