Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Эрүүгийн цагдаагийн газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мэдэгдэл хүргүүлжээ. 
Учир нь хэсэг бүлэг этгээдүүд олон нийтийн сүлжээ болон цахим орчинд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагуудын нэр хүндэд халдаж, илт гүтгэсэн мэдээ, мэдээллийг зохион байгуулалттайгаар удаа дараа явуулж байгаа тул ийнхүү хууль хяналтын байгууллагуудад хандсан байна. 
 
Автотээврийн үндэсний төв нь улс, хот хооронд, орон нутгийн нийтийн зорчигч тээвэр болон ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг улсын хэмжээнд мэргэжлийн түвшинд зохион байгуулж, хөдөлгөөнийг шуурхай зохицуулалтаар хангах үүрэгтэй аж ахуйн тооцоотой төрийн өмчит  үйлдвэрийн газар юм.
 
Тус үйлдвэрийн газрын удирдлагуудын нэр хүндэд удаа дараа халдаж байгаа нь тус газрын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж, зохион байгуулалттайгаар олон нийтэд ташаа мэдээлэл хүргэж, айдас төрүүлэх гэсэн бүлэглэл ажиллаж байгаа хэмээн тэд үзэж буй юм. Тухайлбал, тус байгууллагаас хэрэгжүүлж буй ард иргэдэд чиглэсэн бодлого шийдвэр нь хэсэг бүлэг хүмүүсийн бизнесийн эрх ашиг, сонирхолд нөлөөлөхүйц байгаа аж. 
 
Тус мэдэгдэлд “Авто тээврийн үндэсний төвийн захирал Эрээн-Замын-Үүд хооронд зорчдог улс хоорондын зорчигч тээврийн автобусандаа 1000 ширхэг тарваганы арьс хууль бусаар хил нэвтрүүлж байгаад Эрээний талд 2017 оны 12-р сарын 06-ны өдөр саатуулагдлаа гэсэн худал мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Ташаа мэдээлэл тарааж, удирдлагын нэр хүндэд халдсан цахим хуудас, твиттер эрхлэн ажиллуулагчдын хууль бус үйлдлийг таслан зогсоож, холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэжээ. 
 
Автотээврийн үндэсний төвийн эх сурвалжаас тодруулахад дээрх мэдээлэл нь ор үндэслэлгүй худал мэдээлэл бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд тус төвийн удирдлагууд Архангай аймагт албан томилолтоор ажиллаж,  “Автовокзал, техникийн хяналтын үзлэгийн төв”-ийн шинэ барилгаа ашиглалтад оруулж, 11-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаанд оролцсон, ямар ч эх сурвалжгүй, худал мэдээлэл тарааж, албан тушаалтны нэр хүндэд санаатайгаар халдаж байгаа явдалд хатуу тэмцэх болно  хэмээн мэдээллээ.