sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.
 
Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдвийн талаар мэдээлэл хийлээ. Улс орны эдийн засагт зонхилох нөлөөг үзүүлдэг томоохон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд аудит хийх бодлогын хүрээнд ирэх онд Эрдэнэс таван толгой ХК-ийн үйл ажиллагаанд иж бүрэн аудит хийхээр, Оюутолгой ХК-ийн хөрөнгө оруулалтын болон далд ажлын бүтээн байгуулалтын төлөвлөгөө нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн эсэхэд дүгнэлт гаргахаар төлөвлөжээ. Энэ үеэр гишүүд Оюутолгой ХК-ийн асуудлыг авч үзэхдээ Дубайн гэрээнд аудит хийх, аудитын шалгалтаар илэрсэн зөрчлийг хуулийн байгууллагад шилжүүлсэн нөхцөлд гарсан шийдвэрийнх нь талаар эргэн хянадаг эсэхийг тодруулж байв.
 
Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хариултдаа, "Оюутолгой ХК-ийн хөрөнгө оруулалтын болон далд ажлын бүтээн байгуулалтын төлөвлөгөө нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн эсэхэд аудит хийхдээ Дубайн гэрээг эхний ээлжинд авч үзнэ. Үндэсний аудитын газар, Олон улсын аудитын байгууллагуудтай хамтарч тусгайлсан горимоор аудит хийхээр төлөвлөж байна" гэж байв. Хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлсэний дараа тус тогтоолын төсөл батлахыг түр хойшлуулж, сэдвийн талаар нухацтай ярилцах хэрэгтэй гэж үзэв. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь горимын саналыг дэмжсэн тул энэ асуудалд ажлын хэсэг байгуулж ажиллахаар болж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилов.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг