sonin.mn
 
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өчигдөр “Идэр” дээд сургуулийн оюутнуудтай уулзлаа. Тэрээр  оюутнуудад “Хүн байхын тухайд ба Шинэ дээд Үндсэн хууль” сэдвээр лекц уншсан юм.
 
Энэ үеэр МАХН-аас боловсруулсан Шинэ дээд Үндсэн хуульд тусгасан дээд боловсрол, эрүүл мэнд, орон сууцыг төрөөс үнэгүй болгох. Мөн байгалийн баялгийг дундын өмч, иргэдийг баталгаат орлоготой болгох, шударга ёс ба хараат бус шүүхийг томилдог биш сонгодог байх талаар ярилаа. Түүнчлэн парламент хоёр танхимтай байж, Ерөнхийлөгч, Засгийн газарт тавих хяналт чангарч, хариуцлага хүлээлгэх боломжийг Шинэ дээд Үндсэн хуулийн төсөлд тусгасныг танилцуулав. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Хүн байх талаар оюутнуудад лекц унших үеэрээ “Хүн байхын утга учир нь зөвхөн өөрийнхөө төлөө зүтгэх бус бусдын төлөө амь биеэ үл хайрлах шилэгдмэл хүн байх учиртай. Хүн байхын хамгийн чухал, энгийн зүйл бол өглөө босоод ороо хураах, аягаа угаахаас эхэлнэ.
 
Нэг багш шавьдаа бурхан болох ухааныг заахдаа эхлээд аягаа угаачихаад ир гэсээр хоёр сарыг үдэж. Гэтэл нэг өдөр шавь нь таны хэлснээр хоёр сар аяга угаалаа. Одоо эрдмээ зааж өгөөч гэсэн байна. Тэгээд сүүлд нь шавь нь аяга угаах биш юм. Сэтгэлээ угаах юм байна гэдгийг ойлгосон. Өдөр буруу, муухай зүйл хийсэн бол орой нь тэрэндээ гэмшиж засахыг бодож  сэтгэлээ угаах хэрэгтэй. Аав ээжийгээ гомдоосон бол утасдах хэрэгтэй. Тэр бол заавал аяга угаахдаа биш бие биедээ туслах, сайхан үг хэлэх хэрэгтэй. Сэтгэлээ угаахын цаана үйлээ угаах хэрэгтэй юм. Муу муухай үйлээ угааж байж бурхан болох юм байна гэдгийг шавь нь ойлгодог. Үүнтэй адил бурхан болох, хүн болох гэдэг нь өглөө ороо хурааж, аягаа угаахаас  эхэлнэ. Аав, ээжийнхээ, гэр бүлийнхээ, бусдын төлөө зүтгэх юм. Нийт хүн төрөлхтний төлөө зүтгэх юм” гэлээ.
 
С.Уянга
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин