sonin.mn
БЭЭЖИН. /Киодо/. Хэрвээ тавьсан нөхцлүүдийг хүлээн авбал манай улс АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Умард Солонгосоос НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч мэдэгдсэнийг “Киодо” агентлаг уламжлав.
 
Умард Солонгосоос НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Жа Сон Нам өчигдөр Пхеньянаас Бээжин хотод очсоныхоо дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө энэ тухай дурдсан байна.
 
Хэрвээ АНУ дайсагнасан бодлогоо өөрчилж, манай улсыг “цөмийн зэвсэгтэй улс” гэж хүлээн зөвшөөрвөл яриа хэлэлцээ хийх тухай бодож болох юм гэсэн агуулга бүхий  нийтлэл өнгөрсөн сард Умард Солонгосын эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын албан ёсны хэвлэл болох “Родон Синмун” сонинд гарч байсан юм. Тиймээс Умард Солонгосын АНУ-тай яриа хэлэлцээ хийх болзлууд нь тус сонины энэ нийтлэлд дурдсан нөхцлүүд бололтой.
 
Мөн Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо саяхан нийслэл Пхеньян хотдоо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жеффри Фелтманыг хүлээн авч уулзах үеэрээ дээрх нөхцлүүдийн тухай дурдаж байсан юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг