sonin.mn
ВАШИНГТОН. /Ройтерс/. Манай улс Умард Солонгостой ямар ч болзолгүйгээр хэзээ ч яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.
 
Мягмар гарагт буюу өчигдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болсон нэгэн хуралд Р.Тиллерсон оролцож, үг хэлэхдээ “Бид боломжтой үед нь ямар ч нөхцөл болзолгүйгээр Пхеньянтай эхний яриа хэлэлцээг хийхэд бэлэн байна” гэсэн байна.
 
Р.Тиллерсон Умард Солонгостой яриа хэлэлцээ хийх асуудлаарх байр сууриа эрс зөөллөсөн нь энэ юм. Өмнө тэрбээр мэдэгдэл хийхдээ “Цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахаас нь нааш бид Умард Солонгостой яриа хэлэлцээ хийхгүй” гэж байсан билээ. Гэхдээ тэрбээр “АНУ гагцхүү цөмийн зэвсэгтэй Умард Солонгосыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
 
Харин АНУ-ын энэ саналыг Пхеньян хүлээж авна гэдэгт ажиглагчид эргэлзэж байна. Учир нь Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун саяхан “Манай улс энэ дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн зэвсэгтэй гүрэн болох болно” гэсэн билээ.
 
Пхеньян цөмийн болон пуужингийн туршилт удаа дараалан хийсэнтэй холбоотойгоор АНУ болон Умард Солонгосын харилцаа сүүлийн үед эрс хурцдаж, хоёр орны төрийн тэргүүн нар нэг нэгийгээ “пуужинтай залуу”, “хөгшин зөнөг”-өөр нь дуудацгаасан юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг