sonin.mn
 Монгол төрийн эмгэнэл
 
Өнөөдрийн Монголыг эрх мэдэл, хөрөнгө мөнгөний ашиг сонирхлоор сулбэлдсэн цагаан захтны гэмт бүлэглэлүүд удирдаж байна. Монголын улс төрийн гол 2 нам МАН, АН- ын лидерүүд эдгээр бүлэглэлийн толгой нь юм. Ард түмний төлөө гээд өөрсдийн эрх ашгийн төлөө, ардчилалыг хөгжүүлнэ гээд авилгал хээл хахуулийг төлөө чичирцгээн дайрч байна.
 Монголд үйлдвэрлэх биш сорох уул уурхайг хөгжүүлж газрын баялгийг гадагш зөөж, өөрсдөдөө үр хүүхэд, эхнэр хамаатан садандаа оффшор данс нээн нууж, хагартлаа баяжиж байхад Монгол орон өрөнд орж, энгийн ард хоногийн хоолгүй өлбөрч, үе дамжсан өрөнд баригдаж байна.
Монголд хууль биш мөнгө үйлчилдэг болжээ. Монголын шүүх, прокурор, хууль зүйн байгууллагууд бүгд худалдагдсан.Тэд иргэдэд шударга бус харин олигархи бүлэглэлд хууль бус үйлчилгээ үзүүлж байна.
 Жишээнүүдийг 2017 оны олон нийтэд түгсэн гол үйл явдлаас тусгав.
 
Жишээ. УИХ- ын дарга М.Энхболд 2016 оны сонгуульд МАН ялбал Монголын төрийг 60 тэрбумаар төгрөгөөр үнэлж төрийн албан тушаалыг зарах пирамид хэлбэрийн схемийг сонсож байгаа бичлэг задарсан. Үүнийг Монголын хуулийн байгууллага “Худал бичлэг, эвлүүлгэ” гэж зарлаад,  тагнуул цагдаагийн хүчээр бичлэгийг нийтэд түгээсэн Г.Доржзодовыг 2017оны 5 сараас эрэн хайж эхэлсэн. Г.Доржзодов гэр бүлээ орхин УБ хотын АНУ-ын иргэний гэрт хоргодож, өөрийн амь насаа алдах аюулаас аварсан. Гэтэл цагдаагийн байгууллага үүнийгээ “Доржзодовын аюулгүй байдлыг хамгаалж, хамгаалалт гаргаж байна.” гэж худал мэдээлэл хийсэн. 
 Г.Доржзодовын талаар англиар дараах мэдээлэл гарсан.
Одоо энэ иргэн маань яасан нь мэдэгдээгүй байна
   Удалгүй УИХ гишүүн асан Ц.Оюунгэрэл тэр бичлэгийг АНУ-ын мэргэжлийн дуу бичлэгийн студиод судлуулж “Энэ бол эвлүүлгэ биш үнэн бодитой бичлэг байна” гэж баталж, олон нийтэд зарласан.
Шинээр сонгогдсон Х.Баттулга ерөнхийлэгч олны бухимдлыг төрүүлж байгаа энэ хэргийг шалгаж, үнэн зөвийг хуулийн байгууллагуудад тулгасан.  
АТГ-ын дарга Х.Энхжаргал нь “Энэ талаар шалгалт явуулсан. Төрийн албан хаагчдаас авилга өгч энэ албан тушаалд очсон уу гэж асуухад үгүй гэж байна лээ” гэж хариулж суусан.
 Инээдэмтэй нь МАН-ын доторхи хуралдаан дээрээ “Ийм явдал болсон нь үнэн, бичлэг нь ч үнэн...” гэж энэ тус ажлыг зохион байгуулсан Ц.Сандуй нь үнэнээ хэлсэн байна.
Харамсалтай нь энэ талаар хуулийн хариуцлага одоо хүртэл өгөөгүй. Төрийн албан тушаалыг мөнгөөр зарах нь гэмт хэрэг.
 
Жишээ, 2017 оны 11сард Өмнөд Солонгос улс руу элчин сайдаар Монголын ТТГ-ын дарга  Б.Хурцыг УИХ гишүүд дэмжиж томилох гэж байгаад нийгмээрээ дургүйцаж байна.
Учир нь Б.Хурц өмнө нь Унгарт элчин сайдад ажиллаж байхдаа дипломат хүний үйлдэх ёсгүй тамхины наймаа хийж байгаад хөөгдөж ирсэн. Дараа нь МИАТ-д Өмнөд Солонгос руу нисэх онгоцны төлөөлөгч байхдаа их хэмжээний мөнгө залилаж идсэн. Мөн 50 сая төгрөгний авилгал авч байсан хэргүүдээ хэрэгсэхгүй болгосон. 
Үүний дараа Франц улсаас Д.Энхбат иргэнийг хулгайлан авчирсан. Д.Энхбатыг С.Зоригийг алсан хэрэгт тохох гэж шоронд эрүүдэн шүүж хорьсон. Дараа энэ хүн нь хэрэгт холбогдохгүй болж гарч ирсэн боловч сарын дараа гэнэт үхсэн. 
Одоо С.Зоригийн хэргийг илрүүлсэн гээд 3 хүнд ялыг нь хүлээлгэн шоронд хийсэн байгаа. Гэтэл Зоригийг алуулсан захиалагчийг илрүүлээгүй мөртлөө, Зоригийг алсан гэсэн ялтай байсан шоронгийн хоригдлын мэдүүлгээр  2 хүнд ял тулгаж, шоронд хийсэн. Эцэг эх, гэр бүл нь “Энэ бол хэлмэгдүүлэлт” гээд маш их гомдолтой байгаа.
 Ард түмэн “Захиалагчийг зарлаач” гэж шаардахад хуулийнхан “Бид түүнийг хайж байгаа” гэсэн хачин хариулт өгч бухимдуулж байна.
Б.Хурцыг Англид 2010.09.17 ирэхэд нь Европын Холбоонд хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж шууд баривчилсан.Энэ талаар Английн сонинд буруушаан гарч байсан. https://www.thetimes.co.uk/article/the-honeytrap-the-kidnap-and-the-heathrow-arrest-plot-50jqjzvmqw9
Гэтэл  өөрсдийн эрх ашгийн төлөө олон улсын хууль бус ажиллагаа явуулж, Монгол улсынхаа нэрийг гутаасан Монголын цагаан захтангууд “Франц, Германы хүчтэй хамгаалалтай газраас хүн хулгайлж ирсэн Хурц бол манай хамгийн шилдэг чекист” гэж хэвлэл мэдээллээр хөөргөж байв.
Түүнийг Англиас Герман руу шилжихэд нь ерөнхийлэгч Ц.Элбэгдорж гаргаж аваад Монголын АТГ-ын дэд даргаар тавьсан гэдэг. Гэтэл энэ хүн өөрөө өмнө нь АТГ-аар шалгуулж байсан байв.
Энд Б.Хурц ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, өшөөт хүмүүсээ хэлмэгдүүлж, шоронд суулгаж байсныг түүний хохирогчид хэвлэлээр ярилцлага өгч байна.
Дараа нь ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг ТТГ-ын дарга болгосон байна. 
Мөн албан тушаалаа ашиглаж, УИХ гишүүд болон төрийн өндөр албан тушаалын хүмүүсийг хууль бусаар тагнан туршиж, баримт цуглуулж, шантаажилдаг гэсэн хэл аманд өртөж байсан хүн юм.
УИХ-ын гишүүд түүнээс айгаад үг дуугүй дэмжиж байхад, түүнийг эсэргүүцсэн 3 гишүүнтэй холбоотой дараах баримтыг дэлгэсэн. Үүнд,
1.УИХ гишүүн Л.Болд нь Монголын БХЯ-ны сайд байхдаа 2 генералтайгаа нийлж Ардчилсан Солонгос улстай Оросын Ми сөнөөгч онгоцны зэвсгийн наймаа хийсэн. Үүнээс үүдэж 2 солонгос тэнд буудуулсан. Мөн Ардчилсан Солонгос улсаас их мөнгө доллар нэхэмжилсэн баримт байгаа.
2.УИХ гишүүн Хууль зүйн Яамны сайд Ц.Нямдоржийн хүү болон түүний хуурай дүү нь Эрдэнэт үйлдвэрт тэрбум төгрөгөөр шахааны бизнес хийж, одоо хүртэл хөрөнгөжиж байгаа.
3.”УИХ гишүүн Ж.Батзандангийн 2 ах нь төрийн мөнгө идсэн тухай баримт байгаа” гэсэн бөгөөд “оронд чинь чамайг ална шүү” гэж заналхийлсэн тул УИХ гишүүн Ж.Батзандан төрийн хамгаалалт хүссэн байна.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн”Цензургүй яриа” нэвтрүүлэгт “Та яагаад хүмүүсийн дургүйцлийг хүргэн Өмнөд Солонгос руу Элчин сайдаар томилогдох гээд байгаа юм бэ?” гэхэд”Ерөнхий сайд У.Хүрэлсүх намайг стрессгүй энэ ажилд санал болгосон юм” гэж хариулсан.
53 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй энэ хүн 2020 оны УИХ сонгуульд өрсөлдөнө гэдэг нь ч тодорхой болсон.
Цагаан захтан гэмт хэрэгтнүүдийн талаар асар их мэдээлэл, баримттай энэ хүн үүнийгээ хуулийн байгууллагаар шалгуулахгүй харин түүгээрээ айлган сүрдүүлж, ял завшин нээнтэглэж амьдардаг юм биш гэсэн олон нийтийн хардлага байгаа. Нөгөө талаас Элчин Сайдын алба гэдэг эмчилгээний газар биш шүү дээ. Монгол төрийн нэр хүнд унаж байна. 
 
Жишээ :  УИХ-ын гишүүн Д.Гантулга 2017оны 6 сард оюутан эмэгтэйг гэрт нь хүчинджээ.Гэтэл  Монголын цагдаа, прокурорын газраас уг хэргийг хэрэгсэхгүй болголоо. Хохирогч охин, эгч 2 шударга үнэний төлөө түүний доромжлол,гүтгэлгийн өөдөөс зүтгэж байна. Цагдаа болон шүүх эмнэлгийн устгасан өөрсдийн нотлох баримтаа дахин сэргээн цуглуулж, сэтгэл санааны хүнд хохирол нэмж авч байна.Д.Гантулга гишүүн өөрөө тэдэнд 20 сая мөнгө өгч, хэргээ хаалгахыг хүссэн баримт нь байна. Олон нийтийн бухимдлаар хэргийг дахин сэргээж шалгахаар болсон боловч УИХ гишүүн Д.Гантулгад хариуцлага тооцож чадахгүй бололтой.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь хүн зодсон,хутгалсан, хүүхэн хүчиндсэн гэх мэтээр танхай балмад зангаараа олонд танигдсан. Эрүүгийн гэмт хэрэгтнүүдтэй холбогдсон энэ УИХ-ын гишүүн хамгийн сүүлд 2017 оны 9 сард нууц амрагтайгаа согтуурч зугаацаж явахдаа мотоциклтай залууг дайрч алсан гэгдэж байсан боловч бүх хэргийг нь мөрдөн шалгалгүй хаасан.
Түүний хүүхэн хүчиндсэн болон танхай балмад занг илчилж бичлэг  хийсэн бие хамгаалагч Б.Батзориг нь амь насаа алдахаас айж, Франц улс руу дүрвэн цагаачилсан байна.
 Монголын олигархиудын нэг, тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгөтэй Б.Нямтайширийн энэ хүү хэвлэл мэдээлэл, шүүх цагдааг худалдаж авсан нь бүхний нүдэн дээр ил. Мөн түүнийг Монголын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдыг мөнгөөр худалдаж авсан гэж хүмүүс харддаг байна. 
 
Жишээ, 2017.08 сард 13настай охины гар утсыг 2 залуу булаан авч, буудалд оруулаад, аманд нь архи цутгаж, бүх шүдийг цөм цохиж,зодож тарчилган, хүчиндэж алсан байна. Жигшүүрт энэ хэргийн анхны шүүх эмнэлгийн тодорхойлолтыг хэрэгсэхгүй болгож, “Энэ охин гадны нөлөөгөөр үхээгүй, өөрөө архи хэтрүүлэн хэрэглэж хордож үхжээ” гэж шүүх эмнэлгийн тогтоол гаргажээ.
Уг хэргийг ингээд хэрэгсэхгүй болгох гэж байсан ч цочирдсон олон нийт жагсаал хийж, хүчтэй эсэргүүцсэний хүчинд хэргийг дахин задлав. Гэтэл хэрэгтэн талынх нь сая сая төгрөгөөр 2-3 өмгөөлөгч хөлсөлж байхад хохирогч охины аав өмгөөлөгч хөлслөх мөнгө олон түмнээсээ гуйж явж байна. Өөрийн биеэр хэргийн газарт очиж, нотлох баримтаа цуглуулж явна. 
Монголын ардчилал, шударга ёс нь гар нь ч цэврүүтэж үзээгүй цагаан захтангуудын гутлын уланд гишигдэж, авилгал хээл хахууль хорт хавдар шиг бугшиж, нийгмээ сульдаан өвчлүүлж, үхлийн эрмэг рүү түлхэж байна.
Монголын хууль хүчний байгууллага авилгалд идэгдсэн. Нийгмийг авилгал хээл хахуулиас эрүүлжүүлэх ёстой АТГ нь ч цагаан захтангуудаа хамгаалах зэвсэг болсон нь бидний Монголчуудын эмгэнэл юм.
Иймээс Лондонд С.Баяраас шударга ёс шаардан, эсэргүүцэж байсан Г.Ичинхорлоо тэргүүтэй бидний хөдөлгөөнийхөн Монголд шударга үнэнг тогтоохын төлөө “Монголын шударга ардчиллын хөдөлгөөн-Mongolian True Democracy Movement”-д эвлэлдэн нэгдэж, үзэл санаагаа хуваалцахыг урьж байна. 
С.Баяр болон түүний хамсаатан МУ-ын Ерөнхий сайд байсан С.Батболдын бүлэглэлийн талаар амь нас, гэр бүлээ золиослон Англи орчуулгатай “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээ хийж, зоригтойгоор цацсан  Л.Мөнхбаясгалан сэтгүүлчдээ баяр хүргэж, дэмжиж байна. 
Цагаан захтан олигархиудын Монголын хөрөнгийг угааж, ард түмнээ өрөнд бөөстүүлж, шударга ёс, ардчлалыг шавар шавхайд хутган, Монголын төрийг ялзруулж байгаа нууц баримтыг дэлгэсэн нэвтрүүлгээ зоригтой үргэлжлүүлж гаргаарай.
Монголын АТГ болон цагдаа хууль хүчний байгууллагын хийх ёстой нүсэр ажлыг хийж шударга ёсны төлөө түүчээ болсон та болон таны багийн хамт олноор бахдаж байна.
Олон улсын байгууллагууд таны англи орчуулгатай нэвтрүүлгийг анхааралдаа авч, таны болон хамтран зүтгэгчдийн амь нас аюулгүй байдалд санаа тавина гэдэгт итгэлтэй байна. Монголын ард түмэн та нартайгаа хамт байгаа.  
Монголд шударга ардчилал ялан бадраг. 
                                                 
                  Монголын Шударга Ардчиллын хөдөлгөөн