sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт хилийн боомт хүртэл үүсээд байгаа 120 гаруй км хүнд даацийн автомашины цувааг арилгах зорилгоор Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК-ийн нүүрс ачилтыг 12 дугаар сарын 13-ны 01.00 цагаас эхлэн түр зогсоох шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд гаргасан. Энэхүү шийдвэртэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн ерөнхий захирал Д.Ариунболдоос нөхцөл байдлын талаар тодрууллаа.
 
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гаргасан шийдвэрийг олборлогч компаниуд хэрхэн хүлээн авч байгаа вэ?
 
- Тавантолгойн ордоос Гашуунсухайт боомт хүртэлх замд урт дараалал үүсээд 4 сар гаруй болж байна. Сүүлийн үед хүйтний эрч эрс чангарч байхад тэр олон автомашинууд одоог хүртэл дараалалдаа зогссоор байгаа. Гэтэл хилийн боомт дээрх нэвтрэх чадвар нэмэгдээгүй хэвээр байна. Тиймээс энэ урт дарааллыг бууруулах, тэнд байгаа олон жолоочийн эрх ашгийг хамгаалах үүднээс эхний ээлжинд нүүрс ачилтыг багасгах нь зөв гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан Сангийн яам, Гааль, Авто тээврийн байгууллагуудын хамтарсан Ажлын хэсэг үзсэн. Энэ хүрээнд өчигдрөөс эхлэн түр хугацаанд ачилтыг зогсоох арга хэмжээ авч байгаа юм.
 
- Шийдвэрийн хүрээнд ямар ямар арга хэмжээ авах болж байна вэ?
 
- Эхний ээлжинд Тавантолгойн бүлэг орд дээр олборлолт хийж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК-ийг өчигдрөөс эхлэн ачилтыг нь зогсоосон.
 
- Хэдий хугацаанд зогсоох бол?
 
- Гашуунсухайт зам дээр үүсээд буй урт цувааг татаж дуустал зогсооно. Өөрөөр хэлбэл 120 км цуваанд нийт 4000 гаруй автомашин зогсож байгаа гээд бодохоор 7-8 орчим хоног болно байх. Хэдий богино хугацаанд дуусна төдий чинээ ачилт эхлэх хугацаа хурдасна.
 
- Хилийн нэвтрэх чадвар нэмэгдээгүй гэлээ. Өдөрт хэдэн автомашин гарч чадаж байгаа вэ?
 
- Өдөрт 500-600 автомашин гарч байгаа. Хил дээр үүссэн асуудлаас өмнө өдөр 1500 орчим машин гарч байсан.
 
- Цувааг татаж дуусгасны дараа ачилт үргэлжлэх байх. Харин дахин үүсгэхгүй байх арга хэмжээг хэрхэн төлөвлөж байгаа бол? 
 
- Дараагийн ээлжинд хилээр нэвтэрч байгаа автомашины тоотой харьцуулж олборлолт хийж буй компаниуддаа квот тогтоохоор яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл өдөрт 500-600 автомашин хилээр гарч байгаатай уялдуулж компаниуд ачилт хийнэ гэсэн үг.
 
- Компаниудад өмнө нь олгосон квот өөрчлөгдөх үү?
 
- Үгүй. Одоо байгаагаараа хилээр гарч буй автомашины тоотой хувьлагдана.  /Жич: “Эрдэнэс тавантолгой” ТӨХК 45, “Энержи ресурс” ХХК 40 хувь, “Тавантолгой” ХК 15 хувийн квоттой/
 
- Уул уурхайн сайд өнгөрөгч сард нүүрсний тээвэрлэлтийг богины эргэлтэд шилжүүлэх шийдвэр гаргасан. Гэтэл Гашуунсухайтаас ирсэн мэдээлэлд энэ шийдвэрийг дагаад автомашины лац зарж, хулгайн замаар явах, дараалал дайрах зэрэг зөрчлүүд гарч эхэлсэн байсан. Энэ талаар?
 
- Маш олон автомашин, хүмүүс тэнд цугларсан байгаа учраас хэчнээн олон цагдаагийн хэлтэс, хянагч нар байгаад бүрэн зохицуулахад хүнд. Гэхдээ Цагдаагийн байгууллагын Тусгай албаныхан өнгөрөгч долоо хоногт очиж, лац зарах, хулгайн тээвэр зэргийг зохицуулахаар ажиллаж эхэлсэн. Энэ бүх асуудлыг цэгцлэхийн тулд төрөөс бүх талаар зүтгэж байгаа. Гол нь цэгцэнд оруулж байж л дараагийн арга хэмжээг эхэлнэ.
 
- Богины тээвэрлэлтэд шилжсэнээр Цагаан хаданд нүүрсний овоолго үүсч эхэлсэн байсан. Ер нь энэ шийдвэр хэр оновчтой юм бол?
 
- Уурхайгаас ачсан нүүрсийг Цагаан хад дээр буулгаж байгаа ч цаашаа хилээр гарч байгаа тоо нь бага хэвээрээ байгаа учир овоолго үүсэх нь тодорхой. Дамжуулж ачихад хорогдол гарна, зардал нэмэгдэнэ гээд богины тээвэрлэлтийг зөв гэж хэлэхэд хэцүү л дээ. Гэхдээ энэ бол цувааг багасгахын тулд авч байгаа түр зуурын л арга хэмжээ. Энэ асуудлыг шийдвэрлэх ганц л арга нь хилийн нэвтрэлтийг нэмэгдүүлэх, эсвэл ачилтыг багасгах болоод байна. 
 
- Нүүрс тээвэрлэлтийн хүндрэлтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” 2018 оны төлөвлөгөөгөө бууруулсан. Одоогийн байдлаар хэдий хэмжээний нүүрс экспортлоод байна вэ?
 
- 2018 онд бид 11 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж байснаас одоогийн байдлаар 8.5 сая орчим тонн-ыг экспортлоод байгаа. Энэ бол хилийн нэвтрэлттэй л холбоотой. Тэрнээс компани дээр олборлоод гаргахад бэлэн болсон нүүрсний томоохон хэмжээний овоолго байж л байгаа.
 
- Ачилтыг зогсоосон нь түр хугацааны арга хэмжээ хэдий ч компаниудад хэр алдагдал гарах вэ?
 
- Алдагдал гаралгүй яахав. Ачилт хийгээд нүүрсээ гаргаж л байвал компаниудад ашигтай. Гэхдээ ачилт хийсэн ч автомашинууд урт дараалалдаа зогссоор байх учир дарааллыг арилгах нь зөв. Ачилт хийгээд л нэг өдөртөө хилээр гардаг болчихвол амар болно. Он гараад хил гаалийн асуудал цэгцэрчихвэл бүх зүйл хэвэндээ орно гэсэн хүлээлттэй л байна.
 
- БНХАУ-ын талаас хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх талаар яригдсан ахицтай зүйл байна уу?
 
- Зохих түвшинд уулзалт ярилцлагууд хийгдсэн. Нааштай шийд гарна гэж найдаж байгаа. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сая БНХАУ-д айлчлахдаа Ерөнхий сайдын айлчлалын товыг ерөнхийд тохироод ирсэн. 
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг