sonin.mn
Бээжин /МОНЦАМЭ/. Монголын оюутан залуус БНХАУ-д сурах нь жилээс жилд нэмэгдэж байгаа төдийгүй одоогоор Хятадын 30 орчим хотод Монголын 8000 гаруй оюутан баклавр, мастер, докторын боловсрол эзэмшиж байна.
Бээжинд 800, Шанхайд 1000 гаруй оюутан сурдаг бол хамгийн олон буюу Хөх хотод 2000 оюутан суралцдаг. БНХАУ-ын Засгийн газраас жилд Монголын 220 оюутанд тэтгэлэг олгодог ба 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин манай улсад айлчлах үеэр 5 жилийн хугацаанд Монголын 1000 оюутныг Хятадад тэтгэлгээр сургахаар болсон байдаг. Мөн Күнзийн, сургуулийн, хотын, “Бүс ба зам”-ын гэх мэт олон тэтгэлэгт хөтөлбөрт манай оюутнууд хамардаг.
Хятадад сурч буй оюутан залуусынхаа эрх ашгийг хамгаалах, нэгдсэн мэдээ, мэдээллээр хангах, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зэрэг оюутан залуус руугаа чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилго бүхий Хятадад суралцагчдын Монгол оюутнуудын холбоо нь 2004 онд анх байгуулагджээ. Улмаар 2015 оноос бүтэц зохион байгуулалтаа өөрчлөн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тус оюутны холбоо нь одоогоор Хятадын 23 хотод салбар холбоогоо байгуулаад байна.
 Хүний нутагт сурч буй оюутнуудынхаа нөхцөл байдлыг тодруулахаар БНХАУ дахь МОХ-ны тэргүүн Б.Буян-Эрдэнэ болон Бээжин хотын МОХ-ны тэргүүн О.Мишээл нартай ярилцлаа.
 
-Манай уншигчдад БНХАУ дахь МОХ-ны талаар танилцуулаач? 
 
-Манай холбоо 2004 онд анх байгуулагдсан, 2015 онд Бүх Хятад дахь Монгол оюутны нэгдсэн холбоог байгуулан, идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирлээ. Холбооны гүйцэтгэх хороо16 гишүүнтэй. Өмнөх дарга нар маань бидэнд байнга зөвлөгөө өгдөг. Одоогоор Хятадын 23 хотод холбоогоо байгуулаад байна. Тэд маань хот хотоо хариуцаад ажилладаг.
 
 -Танай холбоо ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг вэ? Холбооны гол үйл ажиллагаа, зорилго нь юу вэ? 
 
Бидний зорилго бол энд сурч буй оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалах, нэгдсэн мэдээ мэдээллээр хангах,  Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, бусад байгууллагуудтай холбож өгөх, нэгдсэн мэдээллийн бааз үүсгэх, оюутнуудынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Мөн бид жил хоёр  удаа Улаанбаатар хотод Хятадад суралцах талаар нээлттэй өдөрлөг зохион байгуулдаг. Мөн төгсч буй оюутнуудаа ажилд зуучлах, Хятад хэлний олимпиад, спортын уралдаан тэмцээн, оюутнуудынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхөд чиглэсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. 
 
 -Бодитой зохион байгуулсан ажил болон хийхээр төлөвлөж буй ажлаасаа дурдвал?
 
-Бид “Монгол-Германы гүүр” ТББ-тай хамтран ирэх оны 4 дүгээр сард Бээжин хотод ажлын үзэсгэлэн яармаг  анх удаа зохион байгуулах юм. Энэ арга хэмжээнд маань Хятадад төгссөн боловсон хүчин шаардлагатай байгаа Монголын томоохон ААН, компаниуд ирж өөрсдөө боловсон хүчнээ сонгох боломжийг олгож  байна. Ингэснээр төгсөгчдөө шууд ажлын байрт зуучилна гэсэн үг. Мөн бид Хятадад анхлан ирж суралцагчдад зориулсан гарын авлага ном гаргахаар төлөвлөж байгаа. Энэ ном шинээр ирж буй оюутнууд Хятадад хэрхэн амжилттай сурч, амьдрахад дөхөм болно. Манай холбоо сайн үйлсийн аян тогтмол зохион байгуулдаг. "Ид шидийн орон" төсөлд оролцож, Монголд байгаа амьдралын боломж тааруу хүүхдүүдэд  туслах аянд нэгдэж идэвхтэй үйл ажиллагаа зохион байгуулсан.
 
-Хятадад сурахад хүндрэл бэрхшээл юу байна вэ? Оюутнуудынхаа эрх ашгийг хэрхэн хамгаалж чадаж байна вэ? 
 
-ЭСЯ-тайгаа холбоотой харилцан мэдээлэл солилцож ажилладаг. Оюутан залууст маань ямарваа нэгэн асуудал тулгарсан тохиолдолд ЭСЯ-тай холбож өгдөг.  
 
-Хятадад төгсөгчдөд ажлын байрны олдоц хэр байдаг вэ? 
 
-Нийтээр нь харвал бас тийм хангалттай биш. Гэхдээ энэ маань хувь хүнээсээ шалтгаалж байгаа зүйл. Зарим оюутнууд хангалттай хэмжээнд сурч чадаагүйгээс болж ажил олдохгүй байх тохиолдол нилээдгүй байдаг. Ихэнх оюутнууд нутагтаа очоод Хятадтай холбоотой хувийн компаниудад л их ажилладаг. Зарим нь үргэлжлүүлээд сурч байгаа ч байна. Сайн чадвартай оюутнуудад ажлын санал ирдэг. 
 
А.Анхбаяр
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг