sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас  өнгөрсөн сард автобензины онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.
 
Тодруулбал Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцав боомтуудаар импортлох 90 хүртэл октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 30 мянган төгрөгөөр, 90 ба түүнээс дээш октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 50 мянган төгрөгөөр, дизель түлшийн онцгой албан татварыг тонн тутамд 100 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, 11 дүгээр сарын 30-ны өдрөөс мөрдөж эхлэв.  Засгийн газар, Олон Улсын Валютын сантай хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг энэ оны 7, 10 дугаар саруудад үе шаттайгаар сэргээхээр тохиролцсны дагуу дээрх шийдвэр гарсан.
 
Тэгвэл  УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбатаас шатахууны үнэ нэмэгдэх эсэх талаар тодруулахад, “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах, зохион байгуулах хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн хамтарсан зөвлөл гэж бий. Энэ зөвлөл өнгөрсөн онд байгуулагдсан. Сүүлийн жил гаруйн хугацаанд 6 удаа хуралдаж зөвлөмж гаргасан. УУХҮЯ, ШӨХТГ-тай хамтран Онцгой албан татвар нэмэгдэхтэй холбогдуулан импортлогч компаниудад шатахууны үнийг тогтвортой байлгах талаар албан бичиг хүргүүлсэн. Одоогийн байдлаар шатахуун импортлогч компаниудын тухайд борлуулалтын зардлаас хамааран 50 төгрөгийн хэлбэлзэлтэй үнээр авто бензин борлуулж байгаа. Нөөц бол зохих түвшинд байна. Тиймээс ойрын хугацаанд шатахууны үнэ тогтвортой байна” хэмээн мэдэгдлээ.
 
 Б.Заяа
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг