sonin.mn
 
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшээд буй Б.Хурцад холбогдох гомдлыг хэлэлцэх зорилготой УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын санаачилсан Нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" танхимд боллоо. 
 
Нээлттэй хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн А.Сүхбат, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж болон ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас болж хохирсон гэх иргэд болон ар гэрийнхэн нь оролцов. Эдгээр гишүүдээс УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандан гомдол ирүүлээд байсан аж. Тухайлбал төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт холбогдож ял авсан А.Содномдаржаагийн ээж н.Жавзмаа, Ц.Амгаланбаатарын гэр бүл мөн Т.Чимгээгийн төрсөн ах, нөхөр, Дамирангийн Энхбатын ар гэрийн төлөөлөл, ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын өмгөөлөгч, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого хяналтын газрын Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн дарга асан Д.Энхбат нар иржээ.
 
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд “Б.Хурц УИХ дээр Элчин сайдад нэр дэвшиж орж ирчихээд намайг элдвээр гүтгэж, доромжилсон. Дараа нь бүлгийн даргын өрөөнд орж ирээд арай л барьж авч зодоогүй. Б.Хурц бүр ОХУ-ын холбогдох албан тушаалтантай ярьж, “Эрдэнэт” үйлдвэрийг Монголын компанид авч өгсөн гэж ярьсан. Хууль хяналтын байгууллага, нууц байгууллага оролцож байж, “Эрдэнэт” хувь хүмүүсийн гарт очсон байгаа. “Эрдэнэт”-ийг авахад оролцсон хүмүүс Элчин сайдаар томилогдсон. Одоо тэдний нэг Д.Баттөр Парист Элчин сайдаар томилогдсон. Би сүүлийн 3, 4 жил айдастай амьдарсан. Надтай ажилласан бүх хүмүүсийг барьж хорьсон. Хоёр хүн амиа алдсан. Би мөнгө аваагүй, гэмт хэрэг үйлдээгүй. Үүнийгээ хаа ч хэлнэ. Монголд сонгууль явагдахаа болих нь. Энэ хүмүүс 2020 онд гарч ирээд Монголын Төрийг атгах гэж байна. Яг одоо л дарахгүй бол аллага, хядлага, хэлмэгдүүлэлт болно. УИХ-ын гишүүд ард түмнийхээ нүүрийг харж чадахаа байлаа. Битгий ай та бүхэн, Монголын ард түмнийг баллаж байгаа бүлэглэлийн эсрэг тууштай тэмцэнэ” гэв.
 
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Б.Хурц гэж хүнээс болж олон хүн хохирсон. Хууль бус олон үйлдэл хийсэн. Гэтэл УИХ яг одоо түүнийг Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж, дэмжчихлээ. Харин энэ хүнийг Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж, үнэн бодитой мэдээлэл өгөх гэж цуглараад байна. Б.Хурцын эхнэрийн компанийг шалгаж, акт бичсэнийхээ төлөө хоёр байцаагч хэлмэгдсэн. ТЕГ нь гүйцэтгэх ажлын дүгнэлт худал бичиж хэлэлцүүлж байна. Энгийн ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг хэлмэгдүүлж болохгүй. Сөрөх тагнуулын дарга асан Д.Цогтбаатарыг ялласан асуудлыг сэргээн шалгах, гадны улс орон дамжуулан Д.Энхбат агсныг хулгайлсан хэргийг бид дахин сэргээн шалгуулна” гэв.  
 
 
Хэлэлцүүлэгт оролцсон ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын өмгөөлөгч Б.Баянбилэг “Нээлттэй хэлэлцүүлэг явуулах санаачилга гаргаж, зохион байгуулсан хүмүүст баярлалаа. Д.Цогбаатар өөрөө ирж оролцох боломжгүй гэж үзсэн. Өмнө нь ТЕГ-т ажиллаж байсан, тиймээс ажлын онцлогоос шалтгаалж хэвлэлийнхний өмнө ил гарах боломжгүй. Миний үйлчлүүлэгч Д.Цогтбаатар 2005-2006 онд Б.Хурцтай хамт ажиллаж байсан. Энэ үед Б.Хурцыг бусдыг хууль бусаар тагнаж, 50 сая төгрөг авах гэж буйг нь эсэргүүцсэнээс болж тэд муудалцсан байдаг. Б.Хурц гэдэг хүн 2013 оноос АТГ-ын дэд дарга болсныхоо дараа өш хонзонгоо авах гэж Д.Цогтбаатарыг Германы иргэнийг хөнөөсөн гэх хэрэгт холбогдуулж 8 сар цагдан хорьсон. Өнгөрсөн 11 дүгээр сарын 20-нд C1 телевизийн  “Цензургүй яриа” нэвтрүүлэгт холбогдохдоо Д.Цогтбаатарыг германы утсыг нь барьж, машиныг нь уначихсан явж байсан гэж худлаа ярьсан. Энэ мэт хүн гүтгэсэн асуудлаар шүүхэд хандсан” гэв. Мөн тэрбээр Б.Хурц бүртгэлтэй байдаг хаяг дээрээ амьдардаггүй учир шүүх зарлан дуудах бичиг хүргүүлэх боломжгүй байгааг хэлээд эрэн сурвалжлах нөхцөл үүсч буйг  хэллээ. 
 
Мөн Дамирангийн Энхбат агсны хамаатан садны төлөөлөл болох С.Мөнхчимэг “Д.Энхбат агсныг яаж хууль бусаар авч ирж, эрүүл мэнд, амь насыг хохироосныг монголчууд бүгд мэднэ. Үүнийг дахиж яриад яах билээ. Харин бид Монголын төрийг Д.Энхбат агсны гэр бүлээс уучлал гуйгаасай хэмээн хүсч байна. Бид үнэхээр гомдож явдаг” гэлээ. 
Түүнчлэн Б.Хурцын эхнэрийн компани болох "Сарнайх" ХХК-ийг шалгаж, акт үйлдсэнийхээ төлөө хэлмэгдсэн татварын байцаагч, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн С.Ганбаатарын өмгөөлөгч нар үгээ хэлж, гомдол гаргасан шалтгаанаа тайлбарласан. Гадаадын иргэнээс хууль бусаар хандив авсан гэх хэрэгт холбогдсон С.Ганбаатарын өмгөөлөгч "Юуны түрүүнд Б.Хурц гэж хүнийг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах эрх зүйн үндэслэлийг танилцуулмаар байна. Нэн тэргүүнд улсын нууцад хамаарах хэргийг цацсан асуудлыг шийдсэний дараа аливаа албан тушаалд томилох эсэхийг хэлэлцэх ёстой. Үүнээс гадна Б.Хурц Эрүүгийн хууль, Гүйцэтгэх ажиллагааны хуулийг зөрчиж, төрийн тусгай албадын оролцоотой тагнуулын ажиллагаа хийж, хүн тагнаж чагнасан. Энэ асуудлыг шийдвэрлээгүй байхад томилгоо хийж болохгүй" гэлээ.
 
Хэлэлцүүлэг үргэлжилж байна. 
 
 
Н.Гантуяа
 
Эх сурвалж: "Монцамэ"