sonin.mn
Судан улсын Дарфур мужид явагдаж буй НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний II шатны эмнэлгийн цэргийн багийн VIII ээлжийн бүрэлдэхүүн өнөөдөр эх орондоо ирлээ. Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлснээс хойш хамгийн удаан буюу нэг жил дөрвөн сарын хугацаатай үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар нарын албаныхан угтан авч баяр хүргэв. Тэрээр “Энхийг сахиулагчид ирэх энэ торгон агшин хамгийн сайхан байдаг. ЗХЖШ-ын удирдлагууд бид үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдаа тосоод зогсох их дуртай. Хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн та бүхнээрээ бахархаж байна” хэмээгээд “Нэмэх 40 хэмийн халуунаас ирсэн залуусаа хасах 20 хэмийн хүйтэнд зогсоогоод яах вэ автобусандаа хуваагдан сууцгаа. Цэргийн төв эмнэлэгт та нарт төрийн болон салбарын одон медаль гардуулах ёслол болно” гэлээ. 
Цэргийн төв эмнэлгийн гадаа ирэхэд эмнэлгийн цэргийн багийн ар гэрийнхэн аль хэдийнэ цугласан байлаа. Аавыгаа, ээжийгээ санасан багачууд “Аав аа, ээж ээ. Миний ээж тэр байна” хэмээн жагсаалын хажуугаар гараа даллан гүйж байхад залуу охид, залуус цэцэг тэвэрсэн чигээрээ гар утсаараа бичлэг хийх ажээ.
Харин эмнэлэг дотор эмч, сувилагч, асрагч цөм эгнэн зогсчихоод журмын нөхөддөө алга ташин баяр хүргэж байсан юм. Энхийг сахиулагчдад төрийн болон салбарын одон медаль гардуулах ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Цэргийн төв эмнэлгийн дарга, хурандаа Ч.Гүрбазар нарын албаныхан оролцсон. Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж шагнал гардуулсны дараа баяр хүргэж хэлсэн үгэндээ “Юуны өмнө төр засаг, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагын өгсөн үүргийг нэр төртэй гүйцэтгээд элэг бүтэн эх орондоо ирсэн та бүхэндээ халуун баяр хүргэе. Монголын ард түмэн, та бүхний мөрдэс нэгт журмын нөхөд тань та бүхнээр бахархан омогшиж байгааг онцлон хэлмээр байна. Судан улсын Дарфур мужид явагдаж буй НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд орон нутгийн иргэд болон НҮБ-ын цэрэг, цагдаа, энгийн ажилтнуудад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилгоор манай улсын энхийг сахиулагч эмч, сувилагч, асрагч нар маань үүрэг гүйцэтгэсээр долоон жилийг ардаа орхисон байна. Энэ хугацаанд олон мянган иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж, олон мянган иргэнд нарийн мэс засал хийж, амь насыг нь аварсан сайхан мэдээ байна. Хамгийн сүүлд үүрэг гүйцэтгэсэн та бүхэн гэхэд 7000 гаруй орон нутгийн иргэд, НҮБ-ын цэрэг, цагдаа, энгийн ажилтнуудад эмнэлгийн тусламж үзүүлсэн байна шүү дээ. Энэ бүх хугацаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн бүх цэргийн багийнханд баяр хүргэе” гээд алба хаагч бүрт тусгайлан баяр хүргэсэн. Ингээд энхийг сахиулагчдын сэтгэгдлээс хуваалцлаа.
 
Цэргийн багийн штабын дарга, хошууч Я.Оросоо:
-Манай цэргийн баг түүхэндээ хамгийн удаан хугацаанд үүрэг гүйцэтгээд өнөөдөр эх орондоо ирлээ. Ажиллагааны газар оронд цагийн байдал харьцангуй тайван байна. Мэдээж өмнөх цэргийн багуудын адилаар үндсэн үүргээсээ гадна бүтээлч ажил, нийгмийн сайн үйлсэд идэвхтэй оролцож ажиллалаа. Манай цэргийн багийн хувьд энэ ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн эмнэлгийн сүүлийн цэргийн баг. Багийн захирагч маань эмнэлгийн тоног төхөөрөмж, бага хэрэгслээ татан авчрах ажилтай байгаа учраас бидэнтэй хараахан ирж амжаагүй байгаа. Энэ завшааныг ашиглаад манай энхийг сахиулагчдын ар талыг дааж явсан гэр бүлийнхэнд нь баярлалаа.
 
Ахлах дэслэгч Ч.Амарсанаа:
-Эх орондоо газардах энэ агшинд сэтгэл догдлоод сайхан байна. Миний хувьд Дорнод аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд мэс заслын эмчээр ажилладаг. Энхийг дэмжих ажиллагаанд хоёр дахь удаагаа оролцож байна. Нэг баг болон эв найрамдалтай, ямар ч цагийн нөхцөлд нэгнээ гэсэн сэтгэл дүүрэн хамт олондоо баяр хүргэе. Та бүхнийгээ санах байх даа.
 
Дэд ахлагч Т.Алтанцэцэг:
-Олон сайхан залуустай хамт үүрэг гүйцэтгэхдээ олон зүйл суралцлаа. Ялангуяа, тэсвэр хатуужилтай боллоо. Ажиллагаанд явахаас өмнө өөрийгөө нас дагаад тэсвэр хатуужил хат суусан гэж бодож байсан нь үгүй юм билээ. Цэргийн хүн ямар байх ёстой тэр эрдмээс нь бага ч гэсэн суралцсандаа баяртай байна. Миний бие Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт ариутгалын сувилагчаар ажилладаг.
 
Дэд ахлагч Д.Отгомаа:
-Сэтгэгдэл маш өндөр байна. Харьцангуй урт хугацаанд үүрэг гүйцэтгэсэн болоод ч тэрүү гэр бүлээ маш их саналаа. Хоёр хүүхдээ дэндүү ихээр санасан даа. Өнөөдөр багаараа элэг бүтэн эх орондоо ирж төр засгаараа үнэлүүлсэндээ баяртай байна. Манай баг эвсэг сайхан хамт олон байлаа.
 
Эх сурвалж: “Соёмбо” сонин, дэслэгч Д.Болормаа