sonin.mn
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний VII ээлжийн Мотобуудлагын батальоны штабын дарга, дэд хурандаа П.Намжилдорж:
-2013 оны шинэ жил миний санаанаас огт гардаггүй, хамгийн дурсамжтай нь. Яагаад гэхээр он солигдохоос дөрөв хоногийн өмнө буюу 12 сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар аав минь Байлдааны гавьяаны Улаан тугийн одон, би Алтан гадас одонгоор энгэрээ мялаалгаж байлаа. Энэ бол манай гэр бүлийн хувьд баяр дээр баяр нэмсэн үйл явдал болсон. Ер нь шинэ жилийн баярт гэр бүлээрээ багагүй ач холбогдол өгч, тэмдэглэн өнгөрүүлдэг. Он солигдох мөчид баярын ширээгээ тойрон сууж, төрийн тэргүүнийхээ мэндчилгээг сонсоод, улиран одож буй хуучин онд гэр бүлийнхээ гишүүдийн гаргасан амжилт бүтээлийг дурдаад, учран золгож байгаа шинэ ондоо юу хийж, бүтээх тухай хүсэл зорилгоо хэлээд оргилуун дарсаа буудуулдаг. Мэдээж оны өмнө найз нөхөд, ажлын хамт олонтойгоо баярын арга хэмжээнд оролцдог. 
Энэ жил шинэ жилийн баярыг африкийн тэнгэр дор тэмдэглэн өнгөрүүлж, шинэ оноо угтах гэж байна. Нэг баг болж, нэг зорилгын төлөө зүтгэж буй хамт олны хувьд мартагдашгүй, дурсамжтай шинэ жил байгаасай гэдэг үүднээс Мотобуудлагын батальоны захирагчийн тушаалаар шинэ жилийг зохион байгуулах комисс томилогдон ажиллаж байна.
ХАНЬТАЙГАА ХАМТДАА ТЭМДЭГЛЭСЭН АНХНЫ ШИНЭ ЖИЛ ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ НЬ
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний VII ээлжийн Мотобуудлагын батальоны ажиллагааны ахлах офицер, дэд хурандаа Н.Нямбаяр:
-Шинэ жилийн баяр болгон дурсамжтай сайхан болж өнгөрдөг ч 2004 оны шинэ жилийн баярыг хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүлж байлаа. Эхнэртэйгээ танилцаад удаагүй байсан үе төдийгүй бидний хамтдаа тэмдэглэсэн анхны шинэ жил учраас тэр л дээ. Тухайн үед хоёулаа оюутан байсан болохоор автобусанд суугаад он солигдох торгон агшинтай уралдсаар Сүхбаатарын талбайд ирж шинэ оноо угтаж билээ. Тэгээд л найз охиндоо хамтдаа сайхан амьдарч, олон хөөрхөн үрсийн аав, ээж болно гэх зэргээр ирээдүйгээ төсөөлөн ярьж байлаа. Одоо эргээд бодоход тодорхой хувь нь амьдралд биелэлээ нэгэнт олжээ. 
Би нэг ахтай, дороо олон дүүтэй өнөр өтгөн гэр бүлийн гишүүн. Том ах маань Дорнодод аав, ээжтэй минь байдаг. Тиймээс хотод амьдардаг дүү нарыгаа гэртээ урьж, хамтдаа халуун ам бүлээрээ шинэ оноо угтдаг. Мэдээж шинэ жилийн баярт ач холбогдол өгч, эртнээс бэлддэг төдийгүй, гэр орноо цэвэрлэх, хоол унд хийх, баярын ширээ засах зэрэг гэрийн ажилд эхнэртээ туслахыг хичээдэг. 
Миний хувьд Монгол Улсын Зэвсэгт хүчний Мотобуудлагын батальоны нэгдүгээр ээлжинд энхийг сахиулж байхдаа буюу 2012 онд мөн энд шинэ онтой золгож байлаа. Африк тивд шинэ жилийн баяр тэмдэглэнэ гэдэг монголчуудын хувьд их өвөрмөц санагдана. Мэдээж шинэ жил гэхээр л бидний санаанд цас, өвлийн өвгөн, гацуур гэх зүйлсүүд буудаг. Гэтэл энд тийм зүйлс байхгүй шүү дээ. Ямартаа л “HESCO”-гоор гацуур хийгээд тэрийгээ чимэглэж байхав. Энэ жил мөн л давтагдаж байна.
БЭЛГЭЭ ИХ Л ОЛОН ХОНОГ ХАДГАЛДАГ БАЙСАН
Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний Vl ээлжийн Цэргийн багийн ажиллагааны офицер, хошууч Б.Лхагвадорж:
Танд хамгийн сайхан дурсамж үлдээсэн шинэ жилийн баярын талаар дурдаач? 
-Шинэ жил гээд ярихаар хүүхэд ахуй нас, өвлийн өвөө, сүлд мод, бэлэг санаанд буудаг. Биднийг жаахан байхад амттан, чихэр жимс одоогийнх шиг элбэг биш байлаа. Жил бүрийн шинэ жилээр аавын ажлын газраас онц сурсан хүүхдүүдэд бэлэг өгдөг уламжлалтай. Тийм учраас бэлэг авахын тулд нэлээд хичээж бас ч гэж чамгүй сурлагатай хүүхдүүдийн тоонд багтдаг байсан. Тэгээд л аавын ажлын газраас өвлийн өвгөн ирж бэлэг өгөхөд хамгийн ихээр баярлаж, сэтгэл ханамжийг дээд зэргээр мэдэрнэ. Мэдээж ховорхон олддог амттан төрөл бүрээрээ бэлгэнд минь байдаг болохоор хүүхэд л юм хойно баярлана шүү дээ. Тэгээд бас болоогүй нөгөө бэлгээ их олон өдөр хадгалж, бага багаар цувуулж иддэг байж билээ. Одоо бодоход инээдтэй юм шиг санагдавч хамгийн сайхан дурсамжуудыг үлдээсэн хүүхэд насны шинэ жилийн баярууд мартагддаггүй.
-Тэгвэл одоо шинэ жилийн баярыг ямар өнцгөөс хардаг болсон бэ? Ер нь хэр ач холбогдол өгдөг вэ?
-Сүүлийн үед бүхий л хүмүүс шинэ жилийн баярт ач холбогдол өгч, их сайхан тэмдэглэдэг болсон нь анзаарагддаг. Миний төдийгүй манай гэр бүлийн хувьд ч ялгаагүй. Ангийнхаа шинэ жилийн арга хэмжээнд оролцож хамт олонтойгоо цагийг сайхан өнгөрүүлнэ. Мөн хоёр хүүгээ баярлуулж, тэднийхээ өвлийн өвгөнд ямар их итгэж, бэлгээ задлаж баясаж байгааг харах хамгийн сайхан мэдрэмж. Мэдээж яг он солигдох мөчид гэр бүлээрээ баярын ширээгээ тойрч суугаад бялуугаа зүсэн, оргилуун дарсаа буудуулж, шинэ ондоо эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байх тухай бэлгэдэн ярилцдаг.
Энэ дашрамд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, анд нөхөд, дүү нартаа шинэ жилийн халуун мэндийг өргөн дэвшүүлж, ирж буй шинэ онд та бүхний ажил үйлс өөдрөг байж, санаж сэдсэн бүхэн нь биелэхийг хүсэн ерөөе. Мөн цэнхэр дуулгат дайчдын маань ар талыг батлан дааж үлдсэн гэр бүлийнхэнд нь эрүүл энхийг хүсэн ерөөе. Бас хань Г.Сувдаа, хоёр бяцхан хүү Л.Хүслэн, Л.Цэгцмөрөн нартаа шинэ жилээ сайхан тэмдэглээрэй та гуравтаа хайртай шүү гэж дамжуулъя.
ГЭР БҮЛ, ХАМТ ОЛНЫ БАЯР ГЭЖ ОЙЛГОДОГ
Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний Vl ээлжийн Цэргийн багийн ахлагч, тэргүүн ахлагч Н.БАТТӨМӨР:
-Мэдээж хүүхэд насны шинэ жилийн баярууд хамгийн дурсамжтай. Үүнээс гадна 2006 онд Зэвсэгт хүчний 326 дугаар ангид ажиллаж байх үедээ ангийн “Хөдөлмөрийн аварга ахлагч”, мөн 2016 онд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн “Тэргүүний ахлагч”-аар шалгарсан амжилтаар шинэ оноо угтаж байлаа. Удирдлага, хамт олноос минь итгэл хүлээлгэсэн эдгээр шинэ жилийн баяраа эргэн дурсахад сайхан санагдаж байна. 
Өнгөрсөн жил зарим ангийн тэргүүн ахлагч нартай хамтраад амьдралын боломж тааруу айлын хүүхдүүдэд бэлэг тараах үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ үйл ажиллагааг өнөө жил ч үргэлжлүүлж байгаа болов уу. Ер нь шинэ жилийн баярыг гэр бүл, хамт олны баяр гэж боддог тэр ч үүднээс бусдын адил анги, байгууллагынхаа шинэ жилийн баярын цэнгүүнд оролцож, гэр бүлийн хүрээнд үр хүүхдүүдээ баярлуулж хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг даа. 
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн хамт олондоо болон эхнэр В.Мөнхтамир, дөрвөн сайхан үрдээ шинэ он, шинэ жилийн баярын мэндийг тусгайлан хүргэе.
ААВЫГАА ЯВСНЫ ДАРАА АНГИЙН ДАРГА БОЛСОН
-Намайг Даваанямын Нандин-Эрдэнэ гэдэг. Айлын ганц охин. Би нийслэлийн 44 дүгээр сургуулийн 6В ангийн сурагч. Аав минь Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид ажилладаг, ахлагч цолтой. Одоо Афганистан улсад энхийг сахиулж байгаа. Урьд нь намайг таван настай байхад бас Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед би жаахан байсан болохоор аавыгаа маш их санадаг байсан. Одоо ч ялгаагүй санаж байна. Аав маань ээжийнхээ, агаа, аниа нарынхаа үгэнд сайн ороод, хичээл, сурлагадаа анхаараарай гэж захисан. Агаа, аниа гэж манайд суудаг ээжийн маань хоёр дүү л дээ. Би аавынхаа өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж байгаа. Саяхан сургуулиас зохион байгуулсан биологи, монгол хэлний олимпиадад оролцсон. Гэхдээ байр эзлээгүй ч мэдэхгүй, чадахгүй байсан зөндөө зүйлээ сурч, мэдэж авсан нь миний хувьд амжилт гэж ойлгож байгаа. Бас аавыгаа явсны дараа ангийн дарга болсон. 
Бидний хувьд баярын өдрүүдэд Төв аймгийн Сэргэлэн суманд байдаг өвөөгийндөө очиж шинэ оноо угтахаар төлөвлөж байгаа. Аав маань ч гэсэн баг хамт олонтойгоо шинэ жилээ гоё тэмдэглэх байх аа гэж бодож байна. Би ааваараа болон энхийг сахиулагч ах, эгч нараар дандаа бахархдаг. Миний бодлоор тэд бол хамгийн шилдгүүд нь. 
Энэ дашрамд аавдаа хайртай шүү, та минь биеэ сайн бодоод, үүргээ сайн гүйцэтгээд хурдан ирээрэй. Бас удахгүй солигдох шинэ оноо сайхан угтаарай гэж дамжуулъя. Мөн аавтай минь хамт үүрэг гүйцэтгэж байгаа бүх ах нартаа, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн хамт олонд шинэ оны баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт хүсье ээ.
УДАХГҮЙ МЭНДЛЭХ ХӨӨРХӨН ДҮҮГЭЭ ТЭСЧ ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНА
-Намайг Заяабатын Нямсүрэн гэдэг. Дархан-Уул аймгийн Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн 65 ангид сурдаг. Нэг эмэгтэй дүүтэй айлын том охин. Дүү маань таван настай. Манайх удахгүй бас нэг хөөрхөн дүүтэй болно. Миний хувьд дүүгээ мэндлэхийг тэсч ядан хүлээж байгаагийн дээр эрэгтэй дүү байгаасай гэж хүсч байна. Аав минь Афганистан улсад үүрэг гүйцэтгээд эзгүй байгаа болохоор ээждээ дүүг минь төрүүлсний дараа маш сайн туслах ёстой. Аав ч явахдаа хичээлээ сайн хийгээд, ээждээ туслаад, дүүгээ сайн хараарай гэж захисан. Манай аав Зэвсэгт хүчний 330 дугаар ангид тасгийн захирагч. Урьд нь Сьерра Леонд хоёр, БНӨСУ-д нэг, Афганистан улсад нэг удаа энхийг сахиулсан. Энэ удаа мөн Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байгаа. Миний хувьд аавыгаа ажиллагаанд анх явж байх үед нь зөндөө санадаг байсан. Одоо бараг сурчихсан. Санахаасаа илүүтэйгээр ааваараа бахархаж байна. 
Шинэ жилийн баяр миний хамгийн дуртай, хүсэн хүлээдэг баяр. Тийм болохоор халуун ам бүлээрээ байх дуртай. Энэ жил аав маань эзгүй байгаа учраас өвөөгийндөө очно. Энэ дашрамд аавдаа шинэ жилийн баяраа сайхан тэмдэглээрэй. Биеэ бодож, үүргээ сайн гүйцэтгээрэй, миний аав хамгийн шилдэг аав шүү гэж дамжуулъя.
 
 
ахмад Д.Мэндбаяр
Эх сурвалж: "Соёмбо" сонин