sonin.mn
Хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн байлдагч нарын шинэ жилийн баяр боллоо.
Ангийн спорт заалыг саа, шаараар битүү чимэглэж, тайзны голд мөнх ногоон сүлд модыг өнгө донжийг нь олон зассан байв. Мөн шинэ жилийн баярын ширээг бялуу тэргүүтэй өнгө өнгийн амтатнаар дүүргэсэн байх агаад өргөсөн тангараг, өмссөн хувцас ижил цэрэг дайчид түүний ард тухлан суужээ. Зарим нэг сүйхээтэй нь найз охиноо баярынхаа цэнгүүнд урьсан байгаа харагдав. Дэгжин даашинз, ганган хослол өмссөн хоёр хөтлөгч ангийн захирагч, хурандаа Л.Батболд, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг нарыг баярын цэнгүүнийг нээж үг хэлэхийг хүсэн чанга яригчийн өмнө урилаа. Тэд цэргийн даргын хувиар бас ах хүний ёсоор дайчиддаа урам зориг хайрлаж, сургаалын үгээ харамгүй хэлэн албанд нь өндөр амжилт хүсээд шинэ жилийн баярын цэнгүүнийг албан ёсоор эхлүүлсэн юм. Саяхан болж өнгөрсөн Зэвсэгт хүчний тэргүүний ардын авьяастан шалгаруулах уралдаанд дээгүүр байр эзэлсэн ангийн цахилгаан хөгжмийн хамтлаг ая, дуугаа өргөсний дараагаар ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн дуу хуурын аялгуунд цэргүүд маань хөл нийлүүлэн бүжиж гарав. 
Тэд цэнгүүнд хүрэлцэн ирсэн цөөн хэдэн бүсгүйчүүдэд амсхийх зав өгөх янзгүй ээлжлэн бүжгинд урина. Энэ зуур цэнхэр дээл, цагаан нөмрөгөө намируулсан өвлийн өвгөн, цагаан даашинз, чимэг зүүлтээр гоёсон цасан охин тайзнаа байраа эзэлсэн бөгөөд цасан охин баруун монгол ардын бие биелгээг тун ч хэвлүүхэн бүжиж цэрэг ах нартайгаа мэндчилсэн юм. Шинэ жилийн баярын цэнгүүн бүрийн оргил хэсэг бол шилдгүүдээ тодруулж, өвлийн өвгөн ааваас бэлэг гардах агшин байдаг. Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн 2017 оны “Шилдэг түрүүч”-ээр А.Баянмөнх, “Шилдэг байлдагч”-аар Н.Эрдэнэхүү нар шалгарч орон нутгийн 10 хоногийн чөлөөгөөр шагнагдан гэр бүлийнхэнтэйгээ шинэ оноо угтахаар болов. Ийнхүү дарга, удирдлагадаа үнэлэгдэн шагнагдсан онжавууддаа нөхөд нь дотночлон баяр хүргэж байлаа. Мөн олон дайчид өвлийн өвөөгөөс уут дүүрэн амтат бэлэг гардан хөөрцөглөж байгаа нь хэдийгээр эх орны хөвгүүд ч ээж, аавын энхрий үрс гэдгийг эрхгүй сануулав.
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн 2017 оны шилдэг түрүүч А.БАЯНМӨНХ:
-Үетэнгийн олон залуустай шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Үнэхээр хөгжилтэй байна. Ангийн удирдлага, хамт олон маань бидэнд зориулж баярын ширээ засч, шинэ жилийн баярт ач холбогдол өгсөн нь сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Миний хувьд багадаа өвлийн өвгөн ааваас олон удаа бэлэг авсан. Харин цэргийн алба хааж байхад өвлийн өвгөн ирж бэлэг тарааж, биднийг баярлуулна гэж бодоогүй. Улиран одож буй 2017 он миний хувьд баярт үйл явдлаар дүүрэн цаг хугацаа байлаа. Угтан золгож буй шинэ он ч гэсэн амжилт бүтээлээр өрнүүн гялалзсан жил байна гэдэгт итгэж байгаа.
Он жавуудтайгаа тэмдэглэсэн энэ жилийн баяр насан туршид мартагдахгүй нандин дурсамж болон үлдлээ. 
Цэргийн тангараг өргөж, эх орны хүү болсон нийт хугацаат цэргийн алба хаагчиддаа шинэ жилийн мэнд хүргэе.
 
 
дэслэгч А.Алтанхуяг
Эх сурвалж: "Соёмбо" сонин