sonin.mn
Монгол Улсын Зэвсэгт хүчинд энхийг сахиулж яваа мөрдэс гоёсон цэргийн бүсгүй олон бий. БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах UNMISS ажиллагаанд мотобуудлагын эмэгтэй тасаг үүрэг гүйцэтгээд гурван сарын нүүрийг үзэж байгаа билээ. Тэдний дундаас Зэвсэгт хүчинд хоёргүй сэтгэлээр албаа 20 жил хааж байгаа 325 дугаар ангийн тусгай ротын радиостанцын дарга, ахлах радиотелеграфчин Т.Түмэндэлгэрийг сониныхоо дугаараар уулзуулж байна. Тэрбээр анх удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй бөгөөд буудагчаар үүрэг гүйцэтгэж байгаа юм. Бидний яриа түүнийг шөнийн 01.00 цагт харуулын цэгээс бууж байх үед өрнөлөө.
-Хөдөө нутгийн бор охин хэрхэн, яаж цэргийн анги, салбартай амьдралаа холбосон бэ?
-1997 онд Завхан аймагт Зэвсэгт хүчний 325 дугаар ангийг байгуулагдахад тусгай ротод ажиллах өргөдлөө өгсөн. Ингэснээр цэргийн ангитай ажил, амьдралаа холбож 20 жил нэг салбарт тогтвор сууршилтай ажиллаж байна.
-Цэргийн хүний хүүхэд цэргийн амьдралыг сонгох нь элбэг. Магадгүй гэр бүлд чинь цэргийн хүмүүс байсан болов уу?
-Аав, ээж хоёр минь Зэвсэгт хүчинтэй ямар ч хамааралгүй хүмүүс л дээ. Гэхдээ сонин нь таван хүүхэд нь бүгдээрээ цэргийн амьдралыг сонгосон. Тэгээд ч зогсохгүй бүгдээрээ цэргийн хүмүүстэй амьдралаа холбож гэр бүл болсон нь бас их сонин. Заримынх нь хүүхдүүд эхнээсээ цэргийн сургууль төгсөөд анги, салбарт ажиллаж байна. Манайхан гэр бүлээрээ цуглахад тасаг цэрэг төвөггүй бүрдэнэ. Заримдаа үүгээрээ бахархмаар санагдах үе бий шүү.
-Тэгвэл танай гэр бүлийн хүнийг цэргийн хүн гэж ойлгож болно гэсэн үг үү? Мөн ах, дүү нар чинь хаана ажиллаж байна вэ?
-Тийм ээ манай гэр бүлийн хүн надтай хамт ажиллаж байгаад цэргийнхээ тэтгэвэрт саяхан гарсан, ахлах ахлагч. Би таван хүүхэдтэй айлын дундах нь. Манай дөрөв Хилийн цэрэгт алба хаадаг. Би л ганцаараа Зэвсэгт хүчинд ажиллаж байна. Надад олон удаа Хилийн цэргийн анги, салбарт ажиллаач гэсэн хүсэлт ирж байсан. Гэхдээ яагаад ч юм энэ салбараасаа гармааргүй санагдаад байдаг юм.
-20 жил нэг газраа ажиллана гэдэг бас их сонин тохиолдол шүү?
-Цэргийн хүмүүс чинь багадаа л хоёроос гурван ангид ажилласан байдаг. Манай нөхөр бид хоёрын хувьд бол нэг ангиасаа холдоогүй.
-Анх удаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна уу?
-Тийм ээ. Өмнө ажиллагаанд явах боломж байсан ч нөхөр минь дэмжээгүй.
-Явуулахгүй гэж байсан хүнийг яаж зөвшөөрүүлэв дээ?
-Учиргүй явуулахгүй гээд байгаагүй л дээ. Тэгээд цэргийн хүн болчихоод хожим нь ажиллагаанд явж үзээгүй гэвэл бас муухай биз дээ. Үүнийгээ нөхөртөө хэлсэн чинь нэгэнт чи өөрөө тэгэж бодож байгаа бол явдаа л гэсэн. Манай хүн ажиллагааны өмнөх сонгон шалгаруулалтад шаардлагатай бичиг баримт гээд их олон зүйл дээр миний өмнөөс гүйж тусалсан.
-Хань чинь таныг гаргаж өгөхдөө юу гэж захисан бэ?
-Бид хоёр хамт амьдараад хорь шахам жил болохдоо хоёр биеэсээ тусдаа хоёр долоо хоногоос илүү болж үзээгүй хүмүүс. Тэгээд намайг гаргаж өгөхдөө “Үргэлж хажууд чинь байж хэлж, зөвлөх хүн байхгүй гэдгийг санаад, өөрийгөө сайн бодож, үүргээ сайн гүйцэтгээд ирээрэй” гэж захисан. Утсаар ярихдаа я “Бидэнд битгий санаа зов” гээд л байгаа. Манай хүн чинь халамжтай сайн аав болохоор би ч санаа зовсон зүйл алга л даа.
Удахгүй шинэ жил болох гэж байна. Шинэ он гэхээр таны санаанд хамгийн түрүүнд юу бууж байна вэ?
-Цасан охин... Олон жил цасан охин болсон доо. Цэцэрлэг, сургуулийнхаа цасан охин болж байсан хүн чинь ажилд орсон ч 2014 он хүртэл ажлынхаа цасан охин нь болчихоод бэлэг тарааж явсан. Сүүлдээ охиноо цасан охин болгодог болсон. Мөн анх удаагаа гэр бүлээсээ тусдаа шинэ жилийн баярыг тэмдэглэх гэж байна. Тэр тусмаа Африк тивд, ямар ч цасгүй гээд их л содон шинэ жил болох нь дээ.
-Шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ? 
-Гэр бүлээрээ баярынхаа ширээг тойрч суугаад шинэ оноо угтдаг. Харин энэ жилийн хувьд жаахан “тиймхэн” болох гээд байна гэж гэрийхэнтэйгээ ярьсан чинь хэлж байна лээ. Гэхдээ зүгээрээ өөрөө зориод ирсэн юм чинь, үүргээ амжилттай сайн гүйцэтгээд, дараа оны шинэ жилийг өмнө нь тэмдэглэж байснаасаа илүү хийх болно гэсэн нууцхан хүсэл, мөрөөдөлтэй байна.
-Шинэ оны босгон дээр гэрийнхэндээ болон манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?
-Хайртай хань, газар дээрх нар сар болсон хүү, охин хоёртоо болон намайг таньдаг бүх хүмүүстээ шинэ оны мэнд хүргэе, та бүхэн сайхан баярлаарай.
 
 
Ярилцсан: Өмнөд Судан улс, ахлах дэслэгч Э.Очхүү