sonin.mn
Дэлхийн суут зөгнөгч Михель де Ностродамус 1563 онд нэгэнтээ монголчуудын тухай зөгнөхдөө “...Чингис хаан дахин мэндэлж, түүний хөх толбот түмэн цэрэг тэнгэрээс буун дэлхийг жаргалтай хаанчлах болно” хэмээсэн байдаг. Мэдээж энэ нь зөгнөл боловч зарим талаараа энэ цаг үед хэдийнэ биелчихсэн гэж боддог. Бидний өвөг дээдэс бөмбөрцөгийн талд аян дайн хийж, эзлэн захирч явсан он цаг шиг өнөөдөр цэнхэр дуулгатай монгол цэргүүд дэлхийн өнцөг булан бүрт үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа нь нэг талаараа зөгнөлийн биелэл биш гэж үү. 
“Монгол цэрэг хамгийн шилдэг нь”, “Монгол цэрэгт баярлалаа”, “Монгол цэргээс суралцах зүйл их бий”, “Монгол цэрэг маш сахилга, хариуцлагатай” гэсэн үгс бидний чихэнд хэдийнэ танил болжээ. Үнэхээр энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгээд байгаа цагийн байдлын тун хүнд нөхцөлтэй улсуудад цэнхэр дуулгатай цэргүүд үүргээ гүйцэтгэж байгаад амь эрсдэх тохиолдол гардаггүй биш гардаг. Араб, Израилийн хооронд үүссэн зэвсэгт мөргөлдөөнийг намжаах зорилгоор 1948 онд анхны энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэснээс өнөөдрийг хүртэл нийт 100 орны 2500 гаруй цэнхэр дуулгатан цэргүүд үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн харамсалтай тоо байдаг. Энэ хугацаанд НҮБ-ын мандаттай 63 цэргийн ажиллагаа явагдсанаас өнөөдөр 17 энхийг сахиулах ажиллагаа дэлхий даяар явагдаж байна. Энхийг сахиулна гэдэг бол зүгээр нэг гудамжинд яваа залууд цэнхэр дуулга өмсгөөд, буу бариулаад хийлгэчихдэг ажил биш гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед, хатуухан хэлэхэд манай иргэд “Энхийг сахиулагчид ирж л байдаг, явж л байдаг” гэсэн ойлголттой болсон. Монгол цэргүүд цагийн байдлын тийм хүнд нөхцөлд амь насаа эрсдэлд оруулалгүй, ямар нэгэн асуудал гаргахгүй, үүргээ мэргэжлийн түвшинд гүйцэтгэж, цэргээ илгээж буй бусад орноос хувь илүү энхийг сахиулна гэдэг ямар их бэлтгэл, тэсвэр тэвчээр, зориг хатуужил шаарддагийг магадгүй тэнд очиж, үүрэг гүйцэтгэж үзсэн хүн л мэдэх байх. Зарим улсын иргэд энхийг сахиулаад, үүргээ гүйцэтгээд ирсэн цэргүүдээ тухайн муж, дүүрэг, хороондоо хүндэтгэн угтаж, олноороо цуглаж, урам хайрлан гэр бүлийнх нь хүмүүст хүртэл баяр хүргэдэг. Энэ бол энгийн л нэг миний мэдэх жишээ. Тэгвэл манай улсад иймэрхүү жишээ гэхээр юм үнэндээ ховор. Хэзээ ч цэрэг хүн нэр төрийн төлөө, бусдын хүндлэлийг хүлээх гэж, хариу нэхэх гэж үүрэг гүйцэтгэдэггүй. Эх орныхоо, төр засгийнхаа даалгавраар хийх ёстой ажлаа л хийж байна гэж хамгийн түрүүнд ойлгодог учир энэ тухайд бодох ч сэдэл төрдөггүй биз. 
Ер нь монгол цэрэг яагаад хамгийн шилдэг нь байдаг вэ? Биднийг БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байхад Гана, Непал, Рванда, Этиоп, НҮБ-ын штабын болоод холбогч офицероор үүрэг гүйцэтгэж байгаа Герман, Норвеги, Швед, Йемэн, Кени, Украйн гээд орон орны цэргүүд манайхны ойролцоо хамтран үүрэг гүйцэтгэдэг байлаа. Ялангуяа Африк тивийн орнуудаас ирсэн Рванда, Гана, Этиопийн цэргүүд Суданы цаг агаар, орчин, уур амьсгалд биднээс илүү дасан зохицох нь мэдээж. Манайхан ч гэсэн дасан зохицох чадвараараа хэнээс ч дутахгүй гэдгийг уншигч та мэдэж байгаа. Хамгийн гол нь бидний бусдаас ялгарах онцлог бол сахилга бат, ажилсаг, ачаалал даах чадвар, цэргийн сүр хүчийг хаана ч явсан харуулж чаддаг мэргэжлийн үүрэг гүйцэтгэлт юм. БНӨСУ-ын орон нутгийн хэд хэдэн иргэдтэй уулзаж бидний талаар ямар бодолтой явдгийг нь асуухад “Манай Суданы Ардын Чөлөөлөх арми ч гэлтгүй бусад босогчид, дээрэмчид бүгд л монгол цэргээс эмээдэг” гэсэн юм. Энэ бол яахын аргагүй үнэн үг. Хамтарсан холын цуваа, эргүүлд явахад ийм байдал хамгийн түрүүнд анзаарагддаг. Халууны улиралд БНӨСУ-д дундаж температур +40С хэмд хүрдэг. Ийм халуунд хуягт тээвэрлэгчинд суугаад явна гэдэг маш хэцүү. Тийм болохоор хичнээн африкаас ирсэн энхийг сахиулагч байлаа гээд хантааз, дуулгаа тайлаад түр ч атугай сэрүүхэн байхыг хүснэ. Мөн тэдний зарим нь цуваа зогсох агшинд хамгаалалт авахдаа хантаазныхаа энгэрийг задалчихсан, дуулгаа хэлтгий өмсчихсөн байхтай нэг бус удаа таарна. За тэгээд замаасаа төөрч цаг алдана, машинаас бууж, суух гээд нэг ажиллагаанаас нөгөө ажиллагаанд шилжихдээ удаан байгаа нь анзаарагдана. Харин монгол цэргүүдийн хувьд жижиг ч гэлтгүй бүх зүйлийг нарийн тооцоолно. Барагтай л бол монгол жолооч нар Суданы өтгөн шигүү ой, бут дундуур төөрдөггүй нь гайхалтай. Хэдий өдрийн нар эгц дээрээс төөнөж байгаа ч дуулга, хантаазаа өмсөөд автомат буугаа үүрээд хэнтэй ч ярилгүй байх ёстой газраа зогсоод өөрийн секторыг ажиглан зогсож буй монгол цэргүүдийг хараад хамт явж байгаа НҮБ-ын ажилчид хүртэл аюулгүй байдалдаа үл санаа зовно. Мөн аливаа баяр ёслолоор манайхны үзүүлдэг сүрт жагсаалын болоод гардан тулааны үзүүлэх тоглолтыг харсан ямар ч босогч бидэнтэй “орооцолдохыг” хүсэхгүй нь лавтай. Ганц удаа эсвэл хэдхэн өдөр ийм байх бус цаг ямагт үргэлж бусдад мэргэжлийн үүрэг гүйцэтгэлттэй гэдгээ харуулж байна гэдэг бол өөр. 
Мөн НҮБ-ын цуваанд саад болдог хамгийн гол асуудлын нэг нь хууль бус шалган нэвтрүүлэх цэг. Салаа замын уулзвар, төгсгөл, хот тосгоны эхлэл гээд ер нь байж болох бүхий л газарт замын хоёр талд гадас хатгаад хооронд нь утсаар холбочихоод зогсож байгаа буутай цэргүүд хаа сайгүй. Цаасан дээр НҮБ-ын цэргийн цувааг хаана ч саадгүй явуулах ёстой гэж заасан байдаг хэдий ч амьдрал дээр өөр. Мэдээж нутгийнхаа замыг ашиглуулсны төлбөрт гадны улсаас татвар авах гэсэн нутгийнхны буруу биш. Монголын энхийг сахиулагчдын хувьд ч энэ асуудал “шүдний өвчин”. Гэхдээ л зам бүрт таарах Суданы хууль бус шалган нэвтрүүлэх цэгээр товчхондоо ганцхан Монголын цуваа саадгүй явж өнгөрдөг гэхэд хилсдэхгүй. Учир нь манайхан л болсон хойно аль хэдийнэ шалган нэвтрүүлэх цэгт зогсож байдаг цэрэгтэй танилцаад найз болчихсон байх нь тэр. Бидний араас том цагаан шүдээ ярзайтал гаргаад малгайгаараа даллан баяртай хэмээн англиар хэлж буй Суданы цэргийг харсан НҮБ болоод бусад хүмүүнлэгийн байгууллагын ажилчид хүртэл гайхан “Ганцхан монголчуудтай л найз бололтой. Та нар орон нутгийн цэргүүдийн арга эвийг яаж ийм амархан олоод байна?” гэж асуудаг байв. Хариулт нь тун энгийн, Монголын энхийг сахиулагчид орон нутгийн ямар ч цэрэгтэй хүндэтгэлтэй харьцдаг. Хамт тамхилаад, жижигхэн дурсгалын зүйл бэлэглээд, монгол хүний сайхан сэтгэлээр хандахад ямар ч хүн эерэг сэтгэгдэлтэй үлдэнэ. Энэ бол ажиллагааны өмнөх бэлтгэл, сургуулилт дээр биднийг сурган дадлагажуулсан Энхийг дэмжих төвийн багш нарын гавьяа гэж боддог. Харин зарим орны энхийг сахиулагчид НҮБ-ын цэргийн цувааг чамд зогсоох эрх байхгүй. Бид нар энхийг сахиулагчид учраас чамд татвар өгөх ёсгүй зэргээр хууль бус шалганы цэргүүдтэй харьцсанаас болж асуудалд унадаг тухай сонсож байлаа. 
Баазын тохижилтын хувьд ч тэр, Монголын цэргийн багийн хашаа хороо, орчин хамгийн тохилог нь. БНӨСУ-ын Бентью хотод монголчуудтай хил залгаад Гана улсын батальон, Зэвсэглэсэн цагдаагийн рот, Энэтхэгийн инженерийн рот, Непалийн цагдаагийн рот тус тус байрладаг. Тэр дундаа Монголын цэргийн бааз шиг хөшөөтэй, цэцэрлэгт хүрээлэнтэй, эмх цэгцтэй, тохилог нь үгүй. Нэг удаа Энэтхэгийн инженерийн ротын хоёр цэргийн алба хаагч “Монголчууд үнэхээр зөгий шиг л ажиллах юм. Танай цэргийн багийн хашаанд өглөөнөөс орой нар шингэх хүртэл залуус ажил хийж байгаа харагдана. Бүр амралтын өдрүүдэд хүртэл шүү” хэмээн толгойгоо сэгсэрч байсан. Энэтхэгийн инженерийн рот нь тухайн бүсэд орон орны энхийг сахиулагчдын амьдарч буй барилга, байгууламжийг сэргээн засварлаж, угсарч өгөх гол үүрэгтэй. Гэвч хагас, бүтэн сайн өдөр амарна, техник хэрэгслээ засварлаж байна, ажлын цаг дууссан зэргээр шалтаглаж ажлаас бултах нь олонтаа. Хамт үүрэг гүйцэтгэсэн нэгнээ муулж байна гэж бүү ойлгоорой. Гэхдээ энэ бол үнэн. Тиймээс л монгол цэргүүд өөрсдөө хэнээс ч гуйлгүй бүх барилга, байгууламжийн ажлаа хийдэг. Энэ талдаа манайхан энэтхэгүүдээс ч илүү байж мэднэ. Хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх талд ч гэсэн манайхан л түрүүнд манлайлна. Монголын энхийг сахиулагчид шиг жил бүр Суданы Парианг сууринд байрлах дунд сургуулийн барилгыг цогцоор нь өөрсдийн хөрөнгөөр сэргээн засварлаж, орон нутгийн хүүхэд багачуудыг таатай орчинд сурч боловсрох нөхцлөөр хангаж байгаа бусад орны энхийг сахиулагчид гэж байхгүй. “Энэ бол нэгэн байдлаар бусад орны энхийг сахиулагчдад үлгэр жишээ болохуйц ажил” гэж UNMISS ажиллагааны хүчний командлагч асан дэслэгч генерал К.Г.Ондиеки бидэнд баяр хүргэн хэлж байлаа.
Энэ мэт Монголын энхийг сахиулагчдын талаар магтах зүйл их. Дан ганц бид өөрсдийгөө дөвийлгөн тодорхойлоод байгаа юм биш, хамтран үүрэг гүйцэтгэж буй бусад орны энхийг сахиулагчид НҮБ-ын төлөөлөгчид, цэргийн мэргэжилтнүүд, хүмүүнлэгийн байгууллагын ажилчид бидний тухай сайшаан магтаж байсан хэдхэн жишээнээс иш татлаа.
 
 
ахлах дэслэгч М.Мөнхзориг
Эх сурвалж: "Соёмбо" сонин