sonin.mn
Зүйл хоорондын тэмцлээс зүйлийн дотрох тэмцэл илүү хурц, илүү харгис догшин байдаг.
Чарльз Дарвин
Мэйжийн хувьсгалын дараа Япон орон маш богино хугацаанд орчин үежиж Зүүн Азид хамгийн хүчирхэг гүрэн болов. Ингээд Өрнөд Европын колончлогч гүрнүүдтэй тэнцүү чадвартай болсон гэж үзээд газар зүйн ойроор нь Солонгосын хойгт ноёрхлоо тогтоох санаархлаа илэрхийлэх болов. Энэ үед Солонгос нь Манж Чин гүрний вассал байжээ. Яг л Гадаад Монгол шиг. Ингээд япончууд 1894 онд Хятадтай байлдан дийлээд Солонгост онцгой эрхтэй болсон төдийгүй Ляодоны хойгийг мэдэлдээ авав. Дорнын шинэ колончлогчдыг хүлээн зөвшөөрөөгүй Герман, Орос, Франц гурав нийлж байгаад Ляодоны хойгийг булаан авч Орост эзэмшүүлжээ. Уур нь хүрч мөчөөрхсөн япончууд Оросын эсрэг дайн өдөөв. Түүхэн том колончлогч орон Оросыг 1905 онд ялж Манжуурт тогтоох ноёрхолоо Порт Смоузын гэрээгээр баталгаажуулж авах нь тэр. Ялагдсан Оростой 1907 онд нууц гэрээ байгуулан Манжуур, Солонгос, Өвөр Монголд япончууд эрх бүхий нөлөөлөлтэй болж, оросуудад зөвхөн Гадаад Монголыг өөрийн нөлөө сонирхлын бүс болгон эзэгнэх эрх олгожээ.
Япончууд Оросын иргэний дайныг далимдуулан 1920 онд Алс Дорнодод 70 мянган цэрэг оруулжээ. 1910 онд Солонгосын эзлэн колонио болгов. 1932 онд Манжуурыг эзэлж 1934 онд Манж Го хэмээх өөрийн тоглоомын улсыг байгуулав. Манж Гогийн хилийн будилаан нэрийн дор 1936 онд ЗХУ-тай, 1939 онд БНМАУ-тай хилийн будилаан байлдаан үүсгэжээ. 1937 онд Хятадтай байлдаж эхэлсэн нь даруй 8 жил үргэлжилсэн. Дэлхийн II дайны турш тэд өмнөд Азийг эзэлж, Австралийг хүртэл бөмбөгдөж байлаа. 1941 оны сүүлчээр АНУ-ын Пөрл Харборт довтолсноор өдий хүртэл төвийг сахиж байсан энэ том орныг дайнд татан оруулав. 1945 оны 8 дугаар сард Японы милитаризмын эсрэг дайнд ЗХУ, БНМАУ нэгдэн орсон юм.
Япончуудын 50 жилийн солиорол эцэст нь энэ ард түмэнд маш хүнд эмгэнэлт цохилт болсон. Олон сая иргэн нь дайнд үрэгдсэн. Дайны төлбөрт маш их газар нутгаа алдсан. Атомын бөмбөгний цохилтын хамгийн анхны бөгөөд өдий хүртэл цорын ганц хохирогч болсон. Японы ард түмэн нийтээрээ хагас зуун жил солиорлын төвшинд байжээ. 1905 онд хүчирхэг Оросыг дайнд ялсан нь тэднийг ийм байдалд хүргэсэн. Өөрсдийгөө дийлдэшгүй болсон гэж үзэн зүгээр байсан Америкийг өдөөн довтолжээ. Газар нутгаа өргөжүүлэн хүний юм булааж япон хүн аз жаргалын дээдийг амсана гэсэн мөрөөдөл япончуудыг нийтээр нь ховсодсон байна. Тиймээс тэд милитаризмыг нийтээр дэмжин хөхиүлж байв. Цэргийн хэнээтэн Араки гэгч нийт япончуудыг араасаа дагуулж байжээ.
Дайнд ялагдсаны дараа япончууд бүрнээ номхорсон. Тэд хийсэн болгондоо гэмших болсон төдийгүй дахиж ингэж солиорохоос ихэд сэжиглэн айдастай болсон. Өдгөө Японы түүхчид, социологичид, нийгмийн зүтгэлтнүүд тэрхүү солиорлын жилүүддээ анализ хийхдээ өөрснөө ч ихэд гайхдаг. Одоогийн хойд солонгосчууд шиг нийтээрээ мэдрэл өвчтэй байжээ гэж гайхшран дүгнэдэг.
Хэсэгтээ бүх нийтээрээ солиордог ийм үзэгдэл ховор бус. Цагтаа германчууд дэлхийн хамгийн боловсролтой ард түмэн байлаа. Дэлхийн I дайны дараа Вэрсалийн гэрээгээр Герман нь дайн өдүүлсэн хэргээр маш хүнд шийтгүүлсэн юм. Үүнд нийтээр сэтгэл гонсгор байв. Үүн дээр нэмэрлээд дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал тэдэнд нэмэлт дарамт учруулсан. Үүнийг дагаад улс төрийн хямрал болж, үргэлж үймээн самуун дэгдээдэг коммунистууд гудамжинд ноёлох болжээ. Энэ далимыг ашиглан гадаадын иргэн Гитлерээр толгойлуулсан мөн ижил дээрэмчид гудамжинд эмх журам тогтоох болов. Германчууд тэднийг дэмжин 1933 он гэхэд төрийн өндөрлөгтөө залжээ. Төрийн эргэлт хийх гэж үймээн зохион байгуулсан хэргээр 1920 онд шоронд орж шийтгүүлж байсан Гитлер шүү дээ. Германы түүхэнд Гитлер шиг ард түмэндээ шүтэгдэн хайрлагдаж асан удирдагч өөр үгүй. Герман үндэстнийг дангаар нь диваажингийн ертөнцөд аваачин жаргуулна гэсэн түүний үгэнд өнөө боловсрол өндөр германчууд үнэн санаанаасаа итгэж байв. 
Тэд энэ солиорлынхоо хариуг мөн ч чанга хүртсэн дээ. Газар нутгаа булаалгаж, үлдсэн нь хоёр өөр системд хуваагдсан. Нэг хэсэгтээ дэлхий даяар герман хүнийг жигших болсон. Дайнд эвдэн сүйтгэгдсэн, хот тосгон нь сүйрсэн, олон сая хүн нь алагдсаныг хэлээд ч юухэв. Нийтийг хамарсан их соллиорлын дараа герман хүн ёстой жинхэнээрээ хүмүүжсэн. Өдгөө хас тэмдэг зурсан, гитлер ёсолгоо хийсэн, нацизмыг сайшаасан хүнийг үг дуугүй шоронд хийчихдэг. Гурван үе өнгөрчихөөд байхад өдгөө тэдэн шиг соёлтой, найрсаг, ухаалаг ард түмэн ховор байхаа. Дэлхийн дараагийн дайн дэгддэг юм гэхэд лав герман, япон хүмүүс бушуухан зугтан хол газар очиж бүгэх байхаа.
Ленин, Троцкий гэх хоёр мэргэжлийн хувьсгаалч жамаараа явж байсан хүчирхэг Орос орныг сүйтгэсэн. Тэднийг дагагсад анхандаа тун цөөн байсан авч тариачдад газрыг, ажилчдад үйлдвэрийг эздээс нь булааж авч өгнө хэмээн үймээн үүсгэнгүүт ард түмэн тэр чигээрээ ураа хашгираад дайрчихсан. Хүний хөрөнгөн дээр туйлж жаргахаар шийдсэн орос тариачид нийтийг хамарсан солиоролд согтов. Орос орон дөнгөж 2000 он гарсан хойно л 1913 оныхоо хэмжээний ургацыг авч дөнгөсөн гэдэг. Энэ орон нийгмийн инжинерчлалын туршилтын золиосонд хэдэн арван сая хүнийхээ амийг өргөсөн юм. Үүнтэй төстэй явдал Хятадад ч болсон. Цинхайн хувьсгалаас хойш бараг дөчин жил иргэний дайнд нэрвэгдэж, хэдэн арван бие даасан засагтай болсон орныг Мао нэгтгэж дөнгөсөн. Энх цагийг авчирсан түүнд хятадууд нийтээр талархан дагаж гүйжээ. Гэтэл энх цагт түүний дэглэмээс болж үхсэн хүний тоо дайны дөчин жилийн үрэгдэгсэдээс хэд дахин давсан байдаг. Нийтээрээ солиорсны төлөөс.
Төв Африкт байх Руанда улсад хүн амын ихэнх хуту овог, цөөнх тутси хоёрын хооронд олон жил үргэлжилсэн таагүй харилцаа байжээ. 1994 онд Ерөнхийлөгч нь онгоцны ослоор үхэнгүүт үүнийг тутси овгийнхон үйлдсэн хэмээн тэднийг үр хүүхэд үндэс угсаагаар нь хядахыг Засгийн газар уриалав. Ердөө ганц хоёр долоо хоногийн дотор бүтэн нэг сая хүнийг хяджээ. Хүйс тэмтрэлт. Олон улсын байгууллага хөндлөнгөөс орж байж хядлагыг зогсоосон. Дараа нь хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэгт тооцон гэмтнүүдийг шийтгэлээ. Хядлагад хэдэн зуун мянган хүн биечлэн оролцож тутси нарыг хүйс тэмтрэлцсэн байна. Нийтийг хамарсан солиорол. Өнөөдөр Руанда нь хэдий ядуу улс боловч энэ хядлагаас сургамж авч Африкийн хамгийн хурдацтай хөгжиж буй тайван тогтуун орноор тодорчээ.
Вэнэсүэл бол Латин Америкийн баян оронд тооцогддог байлаа. Нефьттэй орнуудын ОПЭК байгууллагад багтдаг Америк тивийн цор ганц улс. Экспортынх нь 95 хувийг газрын тос эзлэнэ. Ерээд оны үед Вэнэсүэлийн Засгийн газрын хийсэн эдийн засгийн шинэчлэл нэлээд хүнд туссан учир ард түмний эсэргүүцэлтэй тулжээ. Хурандаа Уго Чааваас гэгч индиан эр оролцож төрийн эргэлт хийх гэсэн оролдлого бүтсэнгүй. Тэрээр энэ хэрэгтээ баривчлагдан шоронд суув. Шоронгоос гарч ирээд ёстой нэг поопорч өгч дээ. Засгийн газрыг газар дор ортол нь муулж, сайн үйл бүтээх гэтэл шоронд суулгасан гэж сурталчлав. Ард түмэн нийтээр түүний шударга эх орончийг бишрэн Ерөнхийлөгчөөр сонгох нь тэр. Тэрээр цааш нь ард түмэндээ хайрлагдан дөрвөн удаа сонгуульд ялсан. Ард түмнээ харж үзэн газрын тосны бүх ордын улсад хурааж аван нийгэмчиллээ. Өөр том үйлдвэрүүдийг ч хурааж авсан. Ядуусыг өрөвдөн үнийн бодлогод хяналт тогтоов. Эмнэлэг сургуулийг үй олноор нь барьлаа. Хүүхэд эхчүүдийг харж үзэн бүх юмыг нь үнэгүй болгов. Энэ болгоныг хийхэд гэнэт үнэ нь галзууртлаа өссөн газрын тос түүнд тусалсан. Мөнгө нь багтаж ядсан тэр үед Чааваас “XXI социализм” гэгчийн бодож олон Америкийн эсрэг зогссон улс орнуудыг мөнгөөр байлж гарав. Алс Европын Беларусс хүртэл түүнээс үнэгүй нефть авах болов. Хамаг нефтийг нь худалдан авагч нь АНУ боловч тэрээр НҮБ-ийн индрээс Ерөнхийлөгч Бушийг “ороолон”, Обамаг “салбадай” гэж хочлон дуудаж байв. Түүний үнэгүй тараах баялагт Кубаас эхлээд Болив, Аргентин, Никарагуа зэрэг олон орон шунан хишиг хүртэхээр XXI зууны социализмд нэгдсэн юм. Үнэ төлбөргүй үйлчилгээнд буйлсан вэнэсүэлчүүд Чааваас Ерөнхийлөгчөө тахин шүтэж хайрлан энхрийлж улам ихийг түүнээс горьдон хүлээнэ. Түүнийг нас барахад ард түмнээрээ уйлан гасалж тархиа шаацгааж байв. 
Ард түмэндээ ингэтлээ хүндлэгдсэн хүнийг манайхан зурагтаар үзээд эгээ л дагаж уйлах шахан, байгаа өөрийн төрөө тав дахин хүчтэйгээр үзэн ядаж байсныг санаж байна. Үхсэн чааваасыг бальзамдаад муми болгон бунхалж шүтээнээр залсан. Ард түмэн нийтээрээ солиорно гэж энэ л болов уу. 2016 онд Чааваасын 6 метр өндөр хүрэл хөшөөг Орос улс бэлэглэжээ. “Вэнэсүэлийн ард түмний суут удирдагч, дээд хамаандлагч Уго Чааваасын дурсгалыг хүндэтгэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путины даалгаснаар “Роснефть” компаний ерөнхийлөгч Игорь Сечин энэ хөшөөг бэлэглэв” хэмээн баримлын дор бичжээ. Гүржээс булааж авсан Өмнөд Осетин, Абхазыг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөн дэлхийн хоёрхон орны удирдагчийн нэгийн хувьд ингэсэн бололтой. Путинд энэ тэнэг хэрэгтэй байж.
Газрын тосны үнэ Чааваасыг үхсний дараахан гэнэт огцом уналаа. Өнөөдөр Вэнэсүэл Америк тивийн хамгийн өрөвдмөөр орон болж хувирав. Хамаг мөнгөө барчихсан. Өлсгөлөн нүүрлэж эхэллээ. Бусад орнууд юун түрүүн хүнсний болон эм тарианы яаралтай тусламж үзүүлэх болов. Инфляц гозойж, эд барааний дутагдалд оржээ. Чааваасыг оролсон Модуро гэх автобусны жолооч байсан дурак цэргийн бүх эрхийг барьж буй учир эсэргүүцлийн хөдөлгөөнийг танк их буугаар хариулж байна. Чааваас Оросоос баахан зэвсэг худалдаж авсан нь одоо л хэргээ гаргаж буй бололтой. Яг ийм замыг дөчөөд оны эцсаар Аргентин туулсан юм. Дайнаар баяжсан Аргентин хэрэвзээ тухайн үед Ерөнхийлөгчөөр сонгогдсон Пэрон, түүний эхнэр дэд Ерөнхийлөгч Эвита нартай учраагүй бол өдийд Америк тивд АНУ-ын дараа, Канадын өмнө орохоор хөгжингүй гүрэн байх байлаа гэж түүхч судлаачид дүгнэдэг. Пэрон эхнэрийн хамтаар хэдхэн жилийн дотор Аргентиний бүх хөрөнгийг хуугаар нь ард түмэндээ тараагаад дуусгасан. Пэрон шиг ард түмэндээ хайрлагдсан хүн түүхэнд нь нэг ч гараагүй. 
Ленин газрын эздээс газрыг нь булааж аваад тариачдад өгнө гэсэн, түүнийг дэлхийн дайнд туйлдсан Орос орон хүлээн авлаа. Гитлер герман үндэстнийг жаргаана гэсэн, түүнийг Вэрсалийн гэрээгээр доромжлогдсон гэх Герман орон тосон авлаа. Муссолини Италийг хүчирхэг болгоно гэсэн, түүнийг мафиудын зөрчөлдөөнд туйлдсан Итали орон хүлээн авлаа. Мао Хятадыг шинэ жаргалтай замд оруулна гэсэн, олон жилийн иргэний дайнд залхсан Хятад гүрэн баярлан угтлаа. Японы милитаристууд улс орноо Азийг захирагч болгоно гэсэн, тэднийг ядуу хаалттай улсыг нь нүдэн дээр хүчирхэгжүүлсэн шинэчлэлд бялуурсан Япон улс хөөр болон дэмжив. Чааваас ард түмнээ толгой дараалан баяжуулна гэсэн, түүнийг Засгийн газартаа хорссон Вэнэсүэл орон дэмжин оройдоо заллаа. 
Эд бүгд популистууд. Бүгд гайхамшигтай оратор. Хүмүүс эдний үйлд биш үгэнд татагддаг. Тухайн ард түмэн үндэслэлтэй болон үндэслэлгүйгээр ямар нэг юманд гомдоллосон шалтгаанаар эрүүлээр сэтгэхээ больдог бололтой. Энэ нь тухайн цаг үед нийтийг хамарч ард түмнээрээ солиордог. Чухам яг тэр моментод өвчтэй эрүүл нь мэдэгдэхгүй хэн нэгэн гарч ирж хаанаас юм бодож олсон хийрхсэн мөрөөдлөө ухуулан энэхүү солиорол дээр нь бүжиглэнэ. Эрүүл сэтгэлгээгүй болсон ард түмэн хуйгаараа дагаж дэрвэнэ. Хожим нь солиорлын төлбөрийг ард түмэн маш хүндээр хүлээнэ. Зарим үндэстний хувьд энэ нь мөхөл сүйрлээр дуусдаг. Хүн төрлөхтний түүх угаасаа л ийм зурлагатай юм болов уу даа.
 
 
Баабар
2018 оны 01 сарын 6