sonin.mn
ОВЬЕДО. /Би-Би-Си/. Испанийн хойд нутагт орших Астур хэмээх өөртөө засах мужийн нэгэн эмнэлгийн цогцос хадгалах газарт “амьсгал хураасан” гэгдэж байсан хоригдол ухаан орсон хэрэг саяхан гарчээ.
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Астур мужийн нэгэн шоронд хоригдож байсан Гонсало Монтойя Хименесийг гурван эмч үзээд “амьсгал хураасан” гэж дүгнэж, цогцос хадгалах байр руу шилжүүлсэн гэнэ. Харин задлан шинжилгээ хийхээс хэдхэн цагийн өмнө хоригдол Г.М.Хименес ухаан орсон байна. Задлан шинжилгээ хийхийн өмнө гэр бүлийнхэнд нь цогцсыг үзүүлж байхад энэ явдал болжээ.
Одоо Г.М.Хименес нь Астур мужийн төв Овьедо хотын нэгэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмч нарын хяналтад байгаа гэнэ.
Эмнэлгийн эх сурвалжууд энэ хэрэгтэй холбогдуулан тайлбар хийхдээ “Хөшчихсөн байхад нь Г.М.Хименесийг амьсгал хураасан гэж дүгнэсэн байж магадгүй юм” гэжээ.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг