sonin.mn
АН-аас УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт татварын нэмэгдлийг цуцлах, агаарын бохирдлыг бууруулах бодитой, үр дүнтэй арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг зогсоох үндсэн гурван заалт бүхий шаардлагыг хүргүүллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: "УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө буюу хоёрдугаар сарын 1-нээс өмнө шаардлагын хариуг өгөхгүй бол  УИХ-ыг тараах  тэмцэл өрнүүлнэ гэв.
АН-аас УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлж буй уг шаардлагад:
Нэгт, ОУВС-гаар халхавч хийн тооцоо судалгаагүй 9 төрлийн татвар нэмсэн бодлогогүй шийдвэрээ цуцлахыг АН шаардаж байна. Энэ татваруудыг нэмснээр дараах хүндрэлүүр бодитоор гарч эхэлсэн. Тодруулбал:
хүн амын орлогын албан татварыг шатлалтайгаар 2-3 дахин нэмсэн нь зургаахан хувьд хүрч байсан дундаж давхаргыг татан унагалаа.
Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлснээр иргэдийн бодит орлого буурч, аж ахуйн нэгжүүд албан бус секторт орж далд эдийн засаг хөгжих үндэс суурийг тавилаа.
Онцгой албан татвар нэмэгдсэнээр шатахууны үнэ литр тутамдаа 100-200 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар эрс буурч, инфляци нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал улам газар авлаа.
Ард түмний унаа болох цахилгаан хөдөлгүүрт, хос тэжээлт автомашинд 50 хувийн татвар ногдуулснаар автомашины үнэ 5-6 сая төгрөгөөр огцом өслөө.
Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн төмөр зам болон 45 мвт-ын цахилгаан станц барих, Гацууртын алтны ордыг ашиглаж эхлэх, Дулааны цахилгаан станц 3-ыг 250 мвт-аар өргөтгөх төслүүдийг явуулж эдийн засгийн өсөлтийг тогтвортой, өндөр хэмжээнд хүргэх,
Хоёрт, Агаарын бохирдлын асуудлаар дараах арга хэмжээнүүдийг нэн яаралтай авч хэрэгжүүлэхийг шаардаж байна. Үүнд:
Агаар, орчны бохирдлыг бууруулах чиг, үүрэг бүхий төрийн байгууллагын бүтцийг бий болгож тогтвортой ажиллуулах,
Ардчилсан намын санаачлан хэрэгжүүлж байсан гэр хорооллын дэд бүтэц, цэвэр, бохир, дулааны шугам сүлжээг шийдвэрлэх “Сайн хашаа” хөтөлбөр, иргэдийг орон сууцжуулах Ипотекийн 8 хувийн, 5 хувийн зээл, гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг тэглэсэн хугацааг уртасгах зэрэг үр дүнтэй ажлуудыг тасралтгүй үргэлжлүүлэхийг шаардаж байна.
Багануур, Налайх, Шарын гол зэрэг уурхайнуудаас нүүрс угааж гаргах аж ахуйн нэгжүүдээ дэмжих,
Багануур, Налайх дүүргүүд болон Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын дагуу дагуул, хаяа хот байгуулах замаар төвлөрлийг сааруулах,
Сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч авах, маск зүүж гэр хорооллын айл өрхүүдээр явж утаатай танилцах гэх мэт аргацаасан, гал унтраах ажил хийхийн оронд асуудлыг цогцоор нь шийдвэрлэх бодит үр дүнтэй ажил хэрэгжүүлэх,
Агаарын бохирдол, утааг багасгах нэрийдлээр үр дүнгүй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нэрээр их хэмжээний мөнгө халаасалсан этгээдүүдтэй хатуу хариуцлага тооцохыг бас давхар анхааруулъя.
Гуравт, Үндсэн хуулийн асуудлаар, МАН хэт олонхдоо эрдэн өөрсдийн эрх ашгийг хамгаалж баталгаажуулахаар улайран Төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдал, Үндсэн хуулийн суурь бүтэц, үзэл баримтлалыг эвдсэн төсөл хэлэлцүүлж байгааг доорх шалтгаануудын улмаас эсэргүүцэж байна.
60 тэрбумаар бүрдсэн байж болзошгүй Засгийн газар, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёс зүйгүй МАН-ын 65 гишүүнтэй бүлэг Үндсэн хуульд гар дүрэх эрхгүй.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, хэлэлцүүлгүүд нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Ард нийтийн санал асуулга явуулах журмын тухай хуулиудыг зөрчсөн арга хэлбэрээр явуулж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил гэж үзэж байна.
Өөрийн намын гишүүд, дэмжигчид болон төрийн албан хаагчдыг хүчээр цуглуулан авсан санал нь нийт ард түмний дуу хоолой болж чадахгүй,
Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг боловсронгуй болгосон гэх төсөл нь шүүх эрх мэдлийн тогтолцоог улс төрийн намуудын гар хөл болгох, Ардын хянан шалгах хороо гэгч 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеийнхээ харгис байгууллагыг сэргээж, өөрсдийн хязгааргүй эрхээ хуулиар баталгаажуулахыг эрмэлзэн олонхдоо дулдуйдан Үндсэн хуульд гар дүрэхээр ханцуй шамлан дайрч байгааг эрс эсэргүүцэж байна.
Үндсэн хууль нь ард түмэн, төр хоорондын суурь харилцааг зохицуулах дээд хууль мөн тул суурь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтээр хэлэлцүүлэн “ард нийтийн санал асуулга”-ыг явуулан хэлэлцэх нь төрийн ёс зүйд нийцнэ" гэсэн байв.