sonin.mn
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар , агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулга сүржиндүү эхлээд даржиндуу өндөрлөсөн бололтой гэдэг нь хэвлэл мэдээллийн дуу хоолойноос бэлхнээ мэдрэгдэж байна. Ажлаа аваад удаагүй байгаа хэдэн сайд дарга нар хуучин хэдэн тоо баримтаас дурдаж, Улаанбаатарын агаар хөрсний бохирдол, утааг арилгах гэж улсын татвар төлөгчдийн их хөрөнгө мөнгийг үр ашиггүйгээр, утаатай хамт хийсгэж замхруулсан, хорт утаанаас болж хэчнээн хүний эрүүл мэнд эрсдэлд орж байгаа гэх мэт улиг болсон, мэдээжийн юмаа ярьсаар өндөрлөжээ.
Улаанбаатарын агаарт хорт утаатай хамт замхраад, зарим хэсэг нь “овжин” нэгний халаасанд ороод алга болсон 147 тэрбум төгрөг, бас дээр нь 60 сая ам.доллар бол одоохондоо ядруухан байгаа манай улсын хувьд багагүй мөнгө. Цаашдаа ийм үрэлгэн бөгөөд үр дүнгүй замаар яваад байвал бид яваад л, хор уршиг нь улам нэмэгдэх болно.
Иймд муу зуршил болсон хуучин арга барилаасаа зориг шийдэмгий шийдэл гаргаж салах ганцхан зам эрт орой хэзээ нэгэн цагт манай улстай нүүр тулах нь гарцаагүй болох гээд байна. Тэр нь нийслэлээ өөр газарт нүүлгэн шилжүүлэх. Өөр ямар ч зөв шийдэл, гарц байхгүй мэт санагдана. Тэр жил Өвөрхангай аймгийн нутагт товлочихсон буурь ч бий шүүдээ...
Хөгжлийнхөө түүхэнд нийслэлээ шилжүүлсэн улс орон ч дэлхийд цөөнгүй байдаг юм билээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 1998 онд нийслэлээ Алма Атагаас Астана руу шилжүүлж сайхан нийслэлтэй болсон Казахстан улс байна. Казахстанаас гадна нийслэлээ нүүлгэн шилжүүлсэн долоон улс (ОХУ, Нигери, Мьянмар, Пакистан, Бразил, Танзани, Зааны ясан эрэг), шилжүүлэхээр зэхэж байгаа нэг улс (Египет) байна.
Ингэж шилжүүлэхийнхээ өмнө, мэдээж, тусгай ажлын хэсэг байгуулж, бүх талын судалгаа тооцоог нарийвчлан хийж, олон улсын хэмжээнд “Монгол Улсын шинэ нийслэл” гэсэн сэдэвтэй ч юм уу, орчин үеийн болон ирээдүйн бүх талын шаардлагыг маш чамбай хангахуйц дизайн загвар зургийн уралдаан зарлаж, шалгарсан загвараар нь шинэ нийслэлтэй болох хэрэгтэй.
Зургийг газар доорхи бүх байгууламж, шугам сүлжээнээс нь эхлээд, газар дээрх дэд бүтэц, барилга байгууламж, төрийн болон бусад байгууллагууд, төв талбай, цэцэрлэгт хүрээлэн, хорооллууд гээд бүх зүйлийг нь үндэсний онцлогтой бөгөөд орчин үеийн гаргууд шийдэлтэй чамин тансаг сайхан хот байхаар хийлгэж таарна.
Нийслэлээ шилжүүлсний дараа Улаанбаатар маань Монголын хоёр дахь нийслэл бөгөөд их, дээд сургууль төвлөрсөн, шинжлэх ухаан технологийн чиглэл зонхилсон, худалдаа бизнесийн гол төв, байр орон сууцны асуудал нь бүрэн шийдэгдсэн, автомашины түгжрэлгүй, хөрсний болон агаарын бохирдолгүй цэвэрхэн, амьжиргааны өртөг харьцангуй хямд, хүмүүсийн амьдрах таатай орчин бүрдсэн, голдуу залуусын суурьшсан хот болж үлдэнэ.
Нийслэлийг өөр газарт шилжүүлэхийг элдэв шалтгаанаар, түүний дотор бас хувийн явцуу эрх ашгийн үүднээс ч эсэргүүцэн дургүйцэх хүмүүс (байр орон сууц, газрын наймаачид) мэдээж, байж л таарна. Гэвч эцсийн эцэст хаана ч ард түмний эрх ашиг давамгайлдаг нь ямар ч нийгмийн жам байдаг билээ. Тэгээд ч нүүлгэнэ гэхээр бүгдээрээ нүүнэ гэсэн үг огтоос биш гэдгийг ойлгох нь чухал. Эхлээд зөвхөн парламент, төр засгийн институциуд, банк санхүү, холбоо харилцааны байгууллагууд шилжин байрлаж, дараа нь дипломат төлөөлөгчдийн газрууд, олон улсын байгууллага нэмэгдэн суурьшсаар аливаа улсын нийслэлд байх ёстой бүтэц аажмаар бүрэлдэн бий болох юм.
Асуудлыг шийдэхэд тодорхой хугацаа, асар их хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах нь мэдээж боловч газрын хэвлийдээ их баялагтай манай улсын хувьд бидний сэтгэлийг тэгтлээ зовоох зүйл арай биш байх.
Энэ маргаан дэгдээхүйц асуудал ойрын хэдэн жилд шийдэгдэхгүй нь мэдээж боловч жилээс жилд бүх талаар ачааллаа нэгэнт даахаа больж байгаа нийслэл Улаанбаатар маань эрт орой хэзээ нэгэн цагт бууриа сэлгэхэээс өөр замгүй болох нь тодорхой болоод байна.
Эцэст нь тэмдэглэхэд, гагцхүү, өнөө маргаашийг аргацаасан охорхон бодолтой, хулчгар биш, алс хэтийг харсан зориг зүрхтэй, бас биелэх боломжтой шийдвэр гаргах чадвартай төр, засагтай байх нь чухал байна.
 
 
Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн
Химич, доктор (Ph.D) М.Хүрлээ