sonin.mn
Хоёр хөрштэйгээ холбоотон байя
 
Монгол Улс хоёрхон хөршөөр тойрон хүрээлэгдсэн, геополитикийн онцгой байршилтай өргөн уудам нутагтай, байгалийн их баялагтай, цөөн хүн амтай, дэлхийн бараг бүх улстай дипломат харилцаатай, аль ч улс оронтой газар нутгийн болон улс төрийн маргаангүй НҮБ-ын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн, Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн АНУ, БНХАУ, ОХУ, Англи, Францаар цөмийн аюулгүй байдлын баталгаа гаргуулсан орон билээ. 1990-ээд он хүртэл Монгол Улс Зөвлөлт Холбоот Улс /Оросын Холбооны Улс/-тай холбоотон байсан. Сүүлийн хорь гаруй жил цэрэг улс төрийн холбоотонгүй, хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах зарчмаар явж ирлээ. Гучаад жилийн өмнө зөвлөлтийн цэрэг Монголд байрлаж Бээжинд ойроос цохилт өгөх чадавхийг бүрдүүлсэн байлаа. Тийм ч учраас хятадууд Монголоос оросын цэргийг гаргах явдлыг Оростой харилцаагаа сайжруулах нэгэн нөхцөл болгон тавьж хэрэгжүүлсэн юм. Тэр үед мөн Монголыг Хятадад алдвал удахгүй Сибирийг алдах үүд нээгдэнэ гэж оросын судлаачид бичиж байсан нь тодхон. Эдгээр нөхцөл байдал нь Монгол Улс хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах бодлого явуулахад тааламжтай нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Хөрш гурван орон тэнцвэртэй, тогтвортой сайн харилцаатай байх нь ийнхүү гурвуулангийнх нь эрх ашигт нийцэж байгаа билээ.
Орчин үеийн олон улсын харилцааны жам ёсоор бид олон улс оронтой нээлттэй харилцаж байна. Монгол Улс ардчилсан орон. Орос, Хятад хоёр хаяа залгасан анхдагч хөршүүд, хоёрдогч хөршүүд гэж хэнийг ч нэрлээгүй бөгөөд гуравдагч хөршүүд гээд бусад орныг хэлж байна. Бүс нутгийнхаа бүх улс оронтой найрсаг харилцаатай байдаг нь Монголын өнөөгийн гадаад бодлогын чухал давуу тал юм. Энэхүү сайн хөршийн харилцаа нь зөвхөн хоёр талуудын харилцаанд төдийгүй бүс нутгийн хөгжилд хэрэгтэй давуу чанар юм.
Монголчууд бид гадаад бодлогодоо харгалзан үзэхүйц томоохон өөрчлөлтүүд гарч байна. Нэгд, хоёр хөрш маань урьд өмнө хоорондоо зөрчилдөж байсан бол өнөөдөр холбоотон гэхээр ойр дотно харилцаж энэ нь ШХАБ, БРИКС-ийн бүтцүүдээр улам гүнзгийрч, хоёр талын бодит төслүүдээр батжиж хэрэгжин удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна. Хоёрт, ЗХУ болон Варшавын гэрээний цэргийн холбоо задарч АНУ хамгийн хүчтэй нь болж БНХАУ, ОХУ нь 20, 30 дугаарт эрэмбэлэгдэж байхад томъёолсон 30-аад жилийн өмнөх загварчиллаа бид хоёр дахь, гурав дахь хүчтэнүүд болсон анхдагч хөршүүдийнхээ бодит байдалтай уялдуулан өөрчлөх цаг болсон гэж үзэж байна. Гуравт, Орос-Монгол-Хятад гэсэн гурвал дэлхийн энэ хагаст бодитой оршиж байгаа геополитикийн тогтолцоо болж байгаа талаар хөндөж бичсэн нь бий. Энэ бүл доторх Монгол Улс нь ОХУ болон БНХАУ-ын хувьд стратегийн хийгээд геополитикийн хувьд онцгой чухал орон. Орос, Хятад хоорондоо сайн байвал бие, бие рүүгээ хүрэх, нэвтрэх хамгийн дөт зам болно. Хятад Орос муудалцвал бие, биеийн эмзэг цэгт хүрэх хамгийн дөт талбар билээ. Монгол нь Орос, Хятад их гүрнүүд бие биендээ яагаад ч алдаж болохгүй улс төрийн тусгаар орон зай гэдгийг хаа хаанаа ойлгодог. Дөрөвт, НАТО задрах, сулрах талруугаа өөрчлөгдөж байна. Европын холбоо өөрийн гэсэн тусдаа Зэвсэгт хүчинтэй болохоор хэлэлцэгдэж байна.
Хоёр талуудын харилцаа, гурван талт бүтцээс гадна бүс нутгийн болон дэлхий нийтийг хамарсан олон улсын байгууллагуудын хүрээн дэх үйл ажиллагаа чухал болж байна.
Нэгэн зарчим дэвшүүлье: Хоёр анхдагч хөрш орныхоо багтаж байгаа олон улсын байгууллага, олон талт ажиллагаанд гишүүнээр орж идэвхитэй ажиллах замаар Монголын аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангахыг гадаад бодлогын тулгуур зарчим болгох нь зөв шийдэл болно. Энэ зарчмыг хэрэгжүүлэн элсэн орвол зохилтой олон талт түншлэлийн нэг нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага юм. ОХУ, БНХАУ, Казакстан, Тажикстан, Узбекстан, Киргиз, Энэтхэг, Пакистаныг багтаасан Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь Төв Азид тогтвортой байдлыг бэхжүүлэх, оролцогч орнуудын нөхөрлөл, сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, улстөр, эдийн засаг, шинжлэх ухаан болон бусад салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгыг тунхагласан бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны бүтэц юм. Терроризм, хэт даврагчидтай хийх тэмцэл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчим хүчний түншлэл ба соёлын салбарт хамтран ажиллахыг эрхэмлэн тунхагласан тус байгууллагаас хол хөндий байвал түүний тэргүүлэх чиглэл болсон тээврийн дэд бүтэц, эрчим хүч, теле холбоо, нефть, хийн салбар, ХАА, усны нөөцийн ашиглалтын томоохон төслүүдээс Монгол хоцроход хүрч байна. Манай улсын ажиглагчийн статус эхэн үедээ элсэх бэлтгэл үе гэж ойлгогдохоор байсан бол одоо элсэхгүйн тулд аргацааж байгаа, учраа олох гэж түдгэлзэж, үл итгэн тээнэгэлзэж байгаа хүмүүсийн араншин гэлтэй л болоод байна. Хүрээлүүлэн байгаа анхдагч хоёр хөрштэйгөө олигтой итгэлцлийг бүрэлдүүлж чадахгүй бол тэд бидэнд итгэл өгч ирээдүйтэй төсөл, хамтын үйлстээ оролцуулахгүй хөндийрөх болно. ШХАБ бол эдийн засаг нийгмийн хөгжлийн хувьд ч, аюулгүй байдал, цэрэг-улс төрийн үүднээс ч Монголд хэрэгтэй байгууллага учраас түүнд нэн даруй элсэх нь үндэсний эрх ашигт ниицтэй байх болно. Учир юу гэвээс, улс орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангахад цэрэг, улс төрийн олон талт, зохимжтой холбоонд багтах явдал чухал ач холбогдолтой байх болно. Хоёр талын харилцааны түвшинд аль нэг удирдагч болон нийгмийн хөдөлгөөнөөс шалтгаалсан алдаа эндэгдэл гарах боломж илүү байсаар байдаг. Олон талт харилцаа нь хоёр талын харилцааг бодвол алдаа эндэгдлээс хамгаалагдах давуу талтай юм. Ю.Цэдэнбалын үед ЗХУ-д нэгдэж тусгаар тогтнолоосоо татгалзаж, хүний нөмөрт амар хялбар хөгжих оролдлого гарсныг таслан зогсооход манай орны элссэн олон улсын байгууллагуудын гишүүнчлэл шийдвэрлэх хориг үндэслэл, харагдахгүй хамгаалалт болсон гэж үзэж байна. Нөлөө бүхий олон улсын байгууллагын гишүүнчлэл ижил тэгш эрх олгож харилцан хамгаалалт болдог.
Манайхан ШХАБ-ын хүрээнд “Эдийн засгийн хамтын ажиллагаа олигтой явахгүй байна” гэсэн таамаглал төдий дүгнэлтэд хууртан ШХАБ-ын гишүүн болохоос зайлсхийж суусаар “торгоны зам” болон эрчим хүч, зам, дэд бүтцийн ирээдүйтэй томоохон төслүүдийн гадна үлдэж энэ бүс нутаг дахь “хар нүх” болж “хөмөрсөн тогооныхоо” үлгэрийг давтах болоод байна. Энэ нь манай үндэсний эрх ашигт яавч нийцвэргүй юм. 
ШХАБ нь АНУ, НАТО-той сөргөлдөх цэргийн блок болох гээд байна, хол байх хэрэгтэй гээд зарим хүмүүс их л сэтгэл зовнин бичих, ярих нь бий. Миний бодоход бид ШХАБ-ын хажууд ажиглагч байх, дотор нь гишүүн байхаас үл хамааран АНУ, НАТО өөрийн эрх ашгийг хамгаалчихна. Түүнд санаа зовох хэрэггүй. Харин Монголын эрх ашиг, хувь зохиол хаана байгааг, хаашаа ойр байгааг ухаарах нь бидэнд чухал. ШХАБ цэргийн эвсэл боллоо ч түүнд элсвэл хоёр хөрштэйгөө аль нэг гэж ялгалгүй холбоотон болж аюулгүй байдал, тусгаар тогтнол улам бүр баталгаажих юм. Монгол Улс ШХАБ-д элссэнээр аль нэг орны эрх ашигт харшлах зүйлгүй бөгөөд Монголын ашиг сонирхолыг хүндэтгэдэг аливаа улс орон энэхүү гишүүнчлэлийг эсэргүүцэхгүй байх нь ойлгомжтой. 
ШХАБ бол цөмийн зэвсэгтэй дөрвөн гүрнийг багтаасан дэлхийн хүн амын ихэнхи нь хамаарагдах, ямарваа нэгэн “тэнэг” тохиолдлоор дэлхийн дайн боллоо гэхэд “ялах эвсэл” болохоор бэхжиж байна. Хятадын цэргийнхэн “дэлхийн аль ч өнцөг буланд болсон дайнд ялалт байгуулах чадвартай болно” гэж амлаж байгаа. Оросууд энэ зорилтыг өнөөдөр ч хийж чадах байх. Ялах хүчнээс зугтах хэрэг юу билээ. Ямар ч байсан бид НАТО болон ШХАБ хоёрын сөргөлдөөний талбар болчихож болохгүй. Их Монгол Улсын эзлэн байсан газар нутагт ШХАБ-ын гишүүнчлэл үндсэндээ хамаарагдаж байхад Монгол Улс эндээс аль хэр хол, аль хэр удаан зугтах бол гэдгээ ч нэг бодоход илүүдэхгүй.
 
 
 
Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цэрэндашийн Цолмон