sonin.mn
ТОКИО. /Киодо/. Цөмийн зэвсэг тээх хүчин чадалтай “B-2 Spirits” үл үзэгдэгч сөнөөгч нисэх онгоцуудыг Гуамд байрлуулснаа АНУ-ын Агаарын цэргийн хүчин мэдэгджээ.
“Киодо” агентлагийн мэдээлснээр,  АНУ саяхан Миссури муж улсын Вайтмэний агаарын цэргийн хүчний баазаасаа гурван “B-2 Spirits” үл үзэгдэгч сөнөөгч нисэх онгоц болон 200 гаруй алба хаагчийг Гуам арал дахь Андерсоны агаарын цэргийн хүчний бааздаа байрлуулсан гэнэ. 
Ази-Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын стратегийн цэг болох Андерсоны агаарын цэргийн хүчний баазад “B-1” сөнөөгч нисэх онгоцууд байдаг билээ.
Өнгөрсөн онд Умард Солонгос цөмийн болон баллистик пуужингийн туршилт хийсний дараа АНУ, Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчнийхэн болон Японы Өөрийгөө хамгаалах хүчнийхэн Солонгосын хойг орчимд хамтарсан сургуулилт хийхдээ “B-1” сөнөөгч нисэх онгоцуудыг ашиглаж байсан юм.
“B-2 Spirits” үл үзэгдэгч сөнөөгч нисэх онгоцуудыг Гуамд чухам ямар шалтгаанаар байрлуулсан, хэр удаан байрлуулах нь тодорхойгүй байна.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг