sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казах түмний уламжлалт “Бүргэдийн баяр” ирэх гуравдугаар сарын 4-5-нд нийслэл хотын орчимд зохион байгуулна.
Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой эвентийн нэг нь “Бүргэдийн баяр” бөгөөд жил бүрийн хавар Улаанбаатар хотноо, харин намар нь Алтайн сүрлэг уулсын бэлд зохион байгуулдаг. Тухайлбал бүргэдчид буюу казах зон олон оршин суудаг Баян-Өлгий аймагт болж, гадаад, дотоодын жуулчдыг урин дууддаг билээ. Энэ хаврын “Бүргэдийн баяр”-ыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон Монголын Бүргэдчид холбоо хамтран зохион явуулна.
"Бүргэпийн баяр" нь тэмцээний хэлбэрээр явагддаг бөгөөд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан баярын талбайд орж ирдэг. Оролцогчдыг казах түмний уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн болон сургаж гаршуулсан байдал зэрэг олон нарийн шалгуураар шалгаж, хамгийн уран оёсон үндэсний хувцас, морь болон бүргэдийн тоноглолтой оролцогчдоос шилдшүүдийг тодруулдаг.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг