sonin.mn
Өнөөдөр Г.Баасан гэдэг турьхан эмэгтэй АТГ-ын дэргэдхи Олон нийтийн зөвлөл (ОНЗ)-ийн журмын нөхдийн хамт Монголын авлигачдыг түгшээж, зүрхэнд нь шар ус хуруулах болжээ. Намар энэ сайн дурын ажилд орсноос хойш, дуулиант илчилгээнүүдийг хийж, нийгмийг донсолгож өдий хүрлээ. Монголыг ямар ч гэрэл гэгээгүй болгон нөмөрсөн Авлигын түнэр харанхуйд Г.Баасан итгэлийн зулыг асааж ирлээ.
АТГ байгуулагдаад олон жил болж, улсын төсөв юуг нь арвинаар идэж барсан ч, улс төрийн зарим захиалгаас өөр юу хийж бүтээв ээ гэж хүмүүс гайхан жиг жуг ярилцдаг. Тэгвэл Г.Баасан нар АТГ-аас илүүг хийж бүтээх болсон. Сүүлд нь АТГ-ыг өөрийг нь илчлэн, 60 тэрбумын хэргийг хаацайлсны төлөө “сайн ажилласан” гэгдэж, 2 дахин их төсвөөр шагнуулсныг мэдэгдлээ. Өнгөрсөн хугацаанд Г.Баасан нартай тэмцэлдэхэд нэлээн хүчин чармайлтаа дайчилж ирсэн АТГ минчийтлээ уурлаж, гэрлийн хурдаар хэвлэлийн хурал зохион байгуулж, үндэслэлгүй агаад хөгийн хогийн хов жив, хутгуур хийж, өөрсдийгөө улам гутаав. Шүүхэд өгнө гэж олны нүдийг орой дээр нь гаргав.
“Больё” гэдгийг урьд “Энэ авгайг эдүгээ тэвчье” гэдэг асан. “АТГ-ын дарга Х.Энхжаргалыг эдүгээ тэвчье” гэмээр байна. Г.Баасан гуай АТГ-ын дарга болоход таарах хүн гэдэгт олон хүн санал нийлэх биз ээ. Учир нь тэрбээр авлигатай тэмцэх ажилд эртнээс гүнзгийрэн орсон “партизан” бөгөөд, одоо ч завсар чөлөөгүй тэмцсээр. 
Миний бие энэ эрхмийн тухай урьд нь сонсож байсан бол, 2003 онд нүүр тулан танилцаж байсан. Тэгэхэд: “Бид бүхэн авлигын дэглэмтэй шийдэмгий тэмцэх санаатай байна. Нэгдээрэй” гэж байж билээ. 2005 онд авлигын загалмайлсан эцэг тэргүүтнүүд Монгол улсын газар нутгийн 40%-ийг харийн неоколоничлогчдод лицензээр тараачихсан болохыг харуулсан зураг судалгаа гаргачихсан явахтай нь таарч, олон улсын шүүхэд хандах хэрэгтэй юм байна гэж ярилцаж байсан сан. Тэр үеийн авлигын хаант улсын эсрэг оройлон тэмцэгчдийн нэг нь Г.Баасан гуай байсаан. Түүнээс хойш энэ эмэгтэйн авлига, шударга ёсны төлөөхи тэмцэл ерөөсөө тасраагүй.
Албан тушаалын наймаачдыг илчилсэн Г.Доржзодов Г.Баасан хуульчид хандсан. Тэрбээр Г.Доржзодовыг хэсэг хугацаанд аюулгүй газар байлган хамгаалж, албан ёсны өмгөөлөгч нь болж, улс төрийн акулуудын аманд оруулчихалгүй өдий хүрсэн, ямарваа нэг хууль бус хэрэгт ямар ч холбогдолгүйг нь баталгаажуулсан төдийгүй, байгаа материалыг хуульзүйн үүднээс боловсруулж, “60 тэрбумын хэргийг” шалгах, М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хариуцлага хүлээлгэх талаар гомдол гаргасан билээ. 
Энэ нь үр дүнд хүрч, УЕПГ-аас 60 тэрбумын хэргийг шалгах шийдвэрийг гаргасан. Энэ үйлсээ болон, эртний зорилго болсон авлигыг устгах үйл хэргээ үргэлжлүүлэх боломжийг нь гаргаж өгвөл яасан юм. Одоогийн АТГ-ын удирдлага нь, ажиллах гэхээр улс төрийн дарамт их байна гэж ил шулуун хэлээд сууж байдаг, шийдвэргүй, туйлбаргүй, зарчимч бус, аялдан дагалдагч шинж чанартай байгаа нь ажиглагддаг. “Монголд оффшор данстай хүн байхгүй” гэж үндэслэлгүйгээр мэдэгдэж ч байсан. Сүүлийн үед “Барилаа, тавилаа” гэсэн мэдээ үйлдвэрлэдэг гэж онигоонд орсон.
АТГ-ын даргаар тэмцэлч, шударга, хууль-эрхзүйн мэдлэгтэй, үйл хэргээ тууштай үргэлжлүүлэн үр дүнд хүрэх чадвартай, үр бүтээлтэй ажиллах туршлагатай, зарчимч, эд мөнгөний шуналгүй хүн ажиллах ёстой. Тийм хүн бол чухам Г.Баасан гуай юм гэж бид бодож байна. АТГ-ын удирдлагын хийх ёстой ч, хийж өгдөггүй ажлыг аль эртнээс албан бусаар хийж ирсэн энэ хүнийг албан ёсоор хийдэг болгоё оо! Дэмжээрэй!
Энэ дашрамд хэлэхэд, авлигачид Г.Баасан АТГ-ын дарга болж хуйхлах вий гэж шээс алдах дөхөн айж, харваас ямар ч утгагүй мэдээллийг хөлсний бичээчдээрээ цацуулж байна. Тэр нь Г.Баасан байргүй байснаа байртай болсон, Ахмадын холбооны байрыг үгүй хийсэн гэх. Хүнийг байртай боллоо гэж буруутгана гэвэл Монголын бүх орон сууцтай хүн буруудах бус уу. Г.Баасан МоАХ-ны 81 амьдрал хүнд хэрнээ алдар гавьяатай партизанууд байраар шагнуулсны дотор багтсан. Ахмадын холбооны байрыг Г.Баасан арслан барс мэт хамгаалж, нурааж байгаа барилгад дарагдах дөхөн эцсээ хүртэл үзэлцсэн ч авлигын загалмайлсан эцэг тэргүүтэй төрийн төмөр нударганд аргагүй мөхөсдсөн байдаг. “Санаа зовоод” байгаа хүмүүс тэр үед очоод хүч нэмэхгүй үхсэн үлийгээ хийж байсан юм, чадаагүй байж одоо худал хуцаж улиад хэрэггүй гэж хатуухан хэлчихье. Ер нь энэ нийгэмд, яг ясан юман дээрээ болохоор урвасан хулгай, олигарх оффшорч, авлигач луйварчиддаа тал засан долигонож бялдуучилж, ардын шударга хүүхдүүдийг үзэн ядаж, худал гүжир гүтгэлгээр булан дарахыг оролддог, элдэв нэр хоч өгч заазлахыг хичээдэг арчаагүй новшнууд, Монгол мөхөөсэй гэж хүсдэг буг чөтгөрүүд олон байгаа нь өөрсдөө сөнөж сүйдэх болтугай.
 
Д.Батнасан гэдэг шударга хүмүүн: 
“Энэ хүнийг гутаах гэж элдвээр хэлээд яахав. Энэ хүн ямартаа ч хувийнхаа амьдралаа сайжруулах гэж яваагүй нь үнэн. 
Баасан нь өнөөгийн монголын нийгэмд бугшсан хамгийн бузар үйл болох авилга түүнийг үйлдсэн луйварчидтай тэмцэх ажилд түмнээ манлайлан нийтийн эрх ашгийн төлөө тэмцэж байна. Бидний дотроо битүүрэн шаналаад явдаг, айгаад дуугарч ч чаддаггүй, хэлэх гээд эвээ олохгүй байдаг хээл хахууль, хулгай луйвар, урвалт шарвалтын тухай түмэн олон бидний дуу хоолой болон тэмцэж бузар буртагтай зүйлийг түмнээ илчлэн зарлаж түүнийг засан ариусгахын төлөө нүүрээ ширлэн зүтгэж явна.
Өнөө цагт бидэнд монгол улс түмнийхээ эсрэг хар буруу үйл хийвэл найз нөхөд, эцэг эх, үр хүүхдээ ч буруутгаж чадах. Эх орон, төр түмнийхээ төлөө ямагт сайн үйлийг үйлдэх сэтгэл итгэл зоригтой аавын хүү, ээжийн охид хэрэгтэй байна. Тэдний шалгуур харь хэл, хавтас диплом биш. Ганцхан монгол түмний төлөө гэсэн сэтгэл элэг. Ийм л хүмүүс нэгдэн тэмцэх хэрэгтэй цаг болсон байна гэж.
Г.Баасан бол өнөө цагт түмэн олныхоо төлөө тэмцэж яваа дайчин бүсгүй. Ийм хүмүүсдээ сэтгэлийн урамын үг хэлж дэм өгч байх ёстой. 
Их эзэн Чингэс хаан дэлхийн талыг эзлэн монгол ухаан, монгол ёс журам, тэнгэрийн зарлигийг тогтоохдоо ухаантай цэцэн, дайчин баатар эх орноо гэсэн есөн өрлөгийнхээ хүчинд л тулгуурлан хийсэн.
Өнөөгийн манай засгийн газарт Баасан шиг хэрийн сэтгэл зоригтой Монголоо гэсэн есөн хүн байхад л Монголыг дор нь босгомоор санагдана.
Бидэнд, газар нутаг, монгол хүн зон нь, баялаг эрдэнэс нь, мал сүрэг нь бүгд байна. Юу дутаад байна? Монголоо гэсэн сэтгэл, монгол хүнээ гэсэн элэг, шударга зоригтой дайчин сайд дарга нар.
Баасангийн тэмцэл ажил хөдөлмөрт нь амжилт хүсье! Г.Баасангаа дэмжиж шэйрлээрэй”  гэж бичжээ.
Би юу нэмж  хэлэх вэ? Г.Баасанг дэмжээрэй, ойлгоорой, хүрээлээрэй, хамгаалаарай!!! гэж давтан уриалъя даа.
 
 
Ч.Мөнхбаяр