sonin.mn
“Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоо ба хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Энэ үеэр Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)- ын хяналтын прокурор Г.Оюунболдоос дараах тодруулгыг авсан юм.
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх талаар саналаа холбогдох газарт хүргүүлсний дараа Европын холбооноос дүгнэлт мэдэгдэл гаргасан. Үүнээс улбаалан Ерөнхийлөгч саналаа буцааж татах боломжтой юу?
 
-Европын холбооноос Монгол Улс эрүүгийн хууль тоггоомжийн шинэтгэлийн хүрээнд хүрсэн бодит алхмаасаа ухрахгүй, харин ч хүний эрхийг хангах талаар хийсэн дэвшлээ хадгалахыг уриалж, зөвлөмж өгсөн. Өөрөөр хэлбэл, цаазаар авах нь аливаа гэмт этгээдэд ногдуулж байгаа ял биш, хүний эрхэмсэг оршихуйг гутааж байгаа үйлдэл гэж үздэг. Түүний оронд бүх насаар нь юмуу хугацаагүй хорих зэрэг ялын өөр төрлийг ашиглахыг зөвлөж байгаа юм. “Монгол Улс нэгэнт цаазаар авах ялыг халчихсан юм чинь тухайн этгээд ийм жигшүүрт хэргийг үйлдэж байгаа учир шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг судлах ёстой. Энэ төрлийн ялыг дахин сэргээснээр төр өөрөө хариуцлагаас зугтааж, хүний эрхийг зөрчиж байна гэж үзэх хэмжээнд ярих хариуцлага юм” гэсэн зөвлөмжийг Европын холбооноос удаа дараа өгөөд байгаа юм.
Ер нь ийм хэмжээний ял оноох гэмт хэрэг Монгол Улсад жил бүр гардаг ч үүнтэй хэрхэн үр дүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрүүгийн гэмт хэргийг хянан шалгах, нотлох ажиллагааг хүний эрхэд нийцүүлэх шаардлагын талаар л ярьж байна. Эрүүгийн хуульд хамаарах зургаан хуулийг манайх шинэчилж баталсан. Эдгээр хуулийг хэрэгжүүлж эхлээд хагас жил болж байна. Үүнийг хэрэгжүүлж буй хуульч, прокуроруудын хандлага хэвээр байгааг үгүйсгэх аргагүй. Тиймээс хууль сахиулагчдыг чадавхжуулж, хүний эрхийн стандартыг хангахад Европын холбоо арга зүйн туслалцаа үзүүлье гэж байгаа юм. Үүнийг манай Засгийн газар, УИХ хүлээн зөвшөөрч, төсөл хөтөлбөр нь хэрэгжээд явж байна.
 
 
Д.Мөнх
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин