sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Дотоод Хэргийн Департамент тус улсад H-2A, H-2B визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтыг шинэчлэн баталсантай холбогдуулж Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны Тэргүүн консул Жейсон Спеллберг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийн эхэнд тус визний асуудал нь маш өндөр шалгуураар яригддаг болохыг тодотгоод уг визинд монгол иргэдийг хамруулахаар Монгол Улсад суугаа ЭСЯ-наас хүсэлт гаргасан нь дэмжлэг болсон гэв. Тэрбээр цааш хэлэхдээ, “H-2 виз нь АНУ-д түр хугацаагаар албан ёсны эрхтэйгээр гадны орны иргэдийг ажиллуулах боломж болгодог. Гэхдээ виз нь дотроо H2-A,  H-2B гэсэн ангилалтай. H2-A  виз нь хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын ажиллах хүч дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг АНУ руу түр хугацааны хөдөө аж ахуйн ажил хийлгэхээр авчрахыг зөвшөөрдөг. Харин H-2B виз нь хөдөө аж ахуйгаас бусад ажиллах хүч дутагдалтай салбарт түр хугацааны эсвэл улирлын чанартай ажил гүйцэтгэхээр АНУ-д зорчих гэж буй хүмүүст хамаарна.
Н-2А визний тухайд ажиллах хүчний квотын хязгаарлалт байхгүй. Харин Н-2В виз нь хязгаарлалттай. АНУ-ын Конгрессоос жил бүр 66 мянган ажиллах хүчин гадаадаас авахаар тогтоодог. 66 мянган ажиллах хүчнийг жил бүрийн 10 дугаар сарын 1-нээс дараа жилийн 9 дүгээр сарын 30-ны хугацаанд хоёр хувааж, хагас жилд 33 мянган хүн авах зарчмаар виз олгодог байна. Энэ жилийн хувьд 2017 оны 12 дугаар сарын сүүлчээр эхний 33 мянган ажиллах хүчийг авч дууссан. Манай улсын иргэдийн хувьд ирэх 3 дугаар сарын 1-нээс  виз мэдүүлэх боломжтой аж. Н-2А визийг хэдийд ч мэдүүлэх боломжтой. Дээрх хоёр ангиллын виз мэдүүлэгчдэд англи хэлний мэдлэг шаардахгүй бөгөөд хүйс заагаагүй. 
Манай улсын иргэдэд олгож буй визний зөвшөөрөл 2019 оны 1 дүгээр сарын 17 хүртэл хүчинтэй. Гэхдээ уг визний хугацаа дээд тал нь нэг жилээр хүчин төгөлдөр мөрдөгддөг. Гэхдээ тухайн ажиллах хүчин сайн ажилласан тохиолдолд 3 хүртэлх жилээр визээ сунгаж болдог. Өөрөөр хэлбэл, визний хугацаа нь ажил олгогчийн зүгээс хэдий хугацаанд хэдэн хүн ажиллуулах хүсэлтэй байгаагаас ихээхэн хамааралтай. Мөн гэр бүлээ авч явах боломжтойн дээр онгоцны тийзний үнэ, цалингийн хэмжээ харилцан тохиролцож байж шийдвэрлэнэ" хэмээн ярьлаа.
Тэргүүн консул Жейсон Спеллберг мэдээллийн төгсгөлд хэлэхдээ Монгол Улсын иргэд энэхүү боломжийг хариуцлагатай ашиглана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд https://www.uscis.gov/working-united-states/temporary-workers/h-2b-temporary-non-agricultural-workers цахим хаягаар илүү дэлгэрэнгүй авахыг хүссэн юм. Үүний зэрэгцээ зуучлалын чиглэлээр хууль бус үйл ажиллагаа явуулж буй иргэд, албан байгууллагын талаарх мэдээллийг хүлээн авахаа илэрхийлэв.
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг